Return   Facebook   Zip File

Obligatory

(Өдөрт нэг удаа үдэд үйлдэнэ)

Бурхан минь ээ! Таныг танин мэдэж, шүтэн биширч яваг хэмээн Та намайг бүтээсэн билээ. Өчүүхэн би хүч мөхөс харин Та хамгаас хүчтэй, би үгээгүй ядуу харин Та хамгаас баян болохыг энэ мөчид би гэрчилнэм. Танаас өөр Бурхан байхгүй. Та бол Зовсон цагт Аврагч, эгнэгт Дангаар Оршигч билээ.

#10612
- Bahá'u'lláh

 

Энэ мөргөлийг үйлдэхийг хүссэн хэн боловч гараа угааг, угааж байхдаа тэрээр ийнхүү хэлэг:

Бурхан минь, миний гаранд хүч тэнхээ оруулж хайрлаач, энэ дэлхийн бүх хүчнүүдийн ч эрхэнд орохооргүй тийм бат тууштай сэтгэлээр Таны Номыг барьдаг болгон түүнд хүч тэнхээ оруулж хайрлаач. Мөн өөрийнхөө бус зүйлст хүрэхээс гарыг минь хамгаалж хайрлана уу. Та бол чухамхүү Хамгаас чадалтай, Хамгаас хүчтэй билээ.

Тэгээд нүүрээ угааж байхдаа тэрээр ийнхүү хэлэг:

Эзэн тэнгэр минь! Би Таны зүг нүүр царайгаа хандуулж буй билээ. Өөрийн гэрэлт дүр царайгаар миний царайг гэрэлтүүлж хайрлана уу. Тэгээд Танаас өөр хэний ч зүг хандахаас түүнийг минь хамгаалж хайрлана уу.

Дараа нь тэрээр эгцлэн зогсож Киблих рүү (Бишрэлийн Цэг буюу Акка хотын Бахжи гэдэг газрын зүг) харан ийнхүү хэлэг:

Түүнээс өөр Бурхан байхгүй гэдгийг Бурхан тэнгэр гэрчилнэм. Тэнгэрлэг Үүдэл нээлт ба бүтээлт орчлонгийн аймаг ханлигууд бүгд Түүнийх билээ. Үнэнхүү Тэрбээр Тэнгэрлэг Үүдэл нээлтийн Үүрийн Туяа болсон Түүнийг, Синай уулан дээр айлдвараа айлдсан Түүнийг, Эрхэм дээд Тэнгэрийн Хаяа гийн гэрэлтэхэд хүргэсэн Түүнийг тодруулсан бөгөөд улмаар Түүгээр дамжуулан ертөнцийн дээд хязгаар болсон тэрхүү Ариун Мод хүүрнэн ярьж, “Зэ, Бүхнийг Эзэгнэгч залран ирлээ. Газар дэлхий ба хурмастын орон, алдар жавхлан ба ноёрхол эрхшээл нь хамаг амьтны Эзэн хаан, дээд тэнгэр ба доод газрын Сэнтийд Залрагч Бурханых билээ!” хэмээсэн тунхаглал Түүгээр дамжин тэнгэр диваажин болоод газар дэлхий дээр орших бүхэнд дуурсагдсан билээ.

Дараа нь тэрээр гараа өвдөгөн дээрээ тавин доошоо тонгойж ийнхүү хэлэг:

Миний магтаал болон надаас өөр хэний ч магтаал Таныг алдаршуулж үл дийлэх, миний мөхөс бие байтугай тэнгэр диваажин хийгээд газар дэлхий дээр байгаа хэн бүхэн ч Таныг дүрсэлж үл барах, Та хязгааргүй өргөмжит билээ!

Дараа нь гарын дэлгэн өргөж алгаа нүүр лүгээ харуулан зогсож ийнхүү хэлэг:

Бурхан минь ээ, Таны энэрэл, Таны хайр ивээлийн хормойноос зууран гараа наминчлан гуйсан түүний урмыг битгий хугалаач, энэрэн нигүүлсэгчдийн дотроос Хамгаас Энэрэнгүй Та минь ээ!

Дараа нь тэрээр суугаад ийнхүү хэлэг:

Таныг нэгдмэл нэг, цорын ганц болохыг, Таныг Бурхан болохыг, Танаас өөр Бурхан байхгүйг би гэрчилнэм. Та үнэнхүү Өөрийн Үйл Хэргийг үүдэн нээж, Өөрийн Гэрээсийг биелүүлж, тэнгэр диваажин хийгээд газар дэлхий дээр орших хамаг амьтны өмнө хайр ивээлийнхээ үүд хаалгыг дэлгэн нээсэн билээ. Таны зүг хандахад нь энэ ертөнц дэх өөрчлөлт, амьдралын нугачаа нь саад болоогүй, Таны буяныг хүртэхийг найдан тэмүүлэхдээ бүхнээ зориулсан Таны хайрт шавь нарт адис хишиг, энх амгалан, баяр мэндчилгээ, алдар гавъяа орших болтугай. Та бол үнэнхүү Хэзээд Өршөөгч, Хамгаас Буянтан билээ.

(Хэрэв хэн нэг нь энэ урт шадын оронд: “Зовсон цагт Аврагч, Дангаар Оршигч Түүнээс өөр Бурхан үгүй болохыг Бурхан гэрчилнэ” гэж уншихыг хүсвэл энэ нь хангалттай болно. Үүний адил тэрээр суугаад: “Таныг нэгдмэл нэг, цорын ганц болохыг, Таныг Бурхан болохыг, Танаас өөр Бурхан байхгүйг би гэрчилнэм” гэж уншихыг хүсвэл энэ нь мөн хангалттай. )

#10613
- Bahá'u'lláh

 

(Хорин дөрвөн цагт нэг удаа уншина)

Энэ мөргөлийг уншихыг хүссэн хүн Бурхан руу харан зогсоод, зогсож байхдаа Хамгийн Ивээлт, Хайрлан Өрөвдөгч Эзэн тэнгэрээсээ өршөөл хүсэн хүлээж байгаа байдлаар эхлээд баруун гар тийш, дараа нь зүүн гар тийш ширтэг. Тэгээд ийнхүү хэлэг:

Бүх алдар нэрсийн Эзэн Та, диваажинг Бүтээгч Та! Мөргөлийг минь Таны төгс үзэсгэлэнгээс намайг далдлагч халхавчийг хуулан шатаах гал, Таны Оршихуйн далай руу хөтлөх гэрэл гэгээ болгохыг Хамгаас Өргөмжит, Нэн Жавхлант Таны үл үзэгдэх Мөн Чанарын Үүрийн цолмон бологчдын нэрийг барин залбиран гуйя.

Дараа нь адистат, өргөмжит Бурхан руу хандаж, гараа залбирангуй өргөн ийнхүү хэлэг:

Ертөнцийн Хүслэн болсон Та, үндэстэн түмэнд хайрлуулсан Та! Үйл хөдлөлөөрөө орчлон дэлхийг амьдруулан сэргээсэн Танаас өөр хэнд ч үл уягдан, Таны олсноос бат зууран Таны зүг хандсан байгааг минь Та харж байгаа билээ. Эзэн тэнгэр минь, би бол Таны зарц, Таны зарцын хүү билээ. Таны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн, Таны сайшаал таашаалд нийцэхээс өөр юуг ч үл хүсэн зогсож байгаа намайг харагтун. Хүссэн зорьсон бүхнээ өчүүхэн зарцдаа зарлиг болгохыг Таны өршөөлийн их Далай, Таны энэрлийн Үүрийн туяанаас хичээнгүйлэн гуйя! Магтан бахдаж баршгүй Таны суу хүчээр өчсү! Таны нээж туурвисан бүхэн миний зүрх сэтгэлийн мөрөөдөл, миний сэтгэл зүрхний хайр билээ. Бурхан минь, Бурхан минь! Миний найдвар, үйл хөдлөлийг бүү харгалз. Тэнгэр диваажин ба газар дэлхийг бүхэлд нь нөмөрсөн Өөрийн хүсэл тааллыг л болгоогтун. Үндэстэн түмэн бүхний Эзэн тэнгэр Таны Хамгийн Дээд Алдарыг дуудах минь! Би Таны хүссэн бүхнийг хүсэж, хайрласан бүхнийг тань хайрлаж яваа билээ.

Дараа нь өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэн ийнхүү хэлэг:

Таны өргөмжит чанар Өөрөөс тань өөр хэн ч дүрсэлж үл чадах, Танаас өөр хэн ч ухааран ойлгож үл чадах тийм агуу билээ.

Дараа нь босоод ийнхүү хэлэг:

Эзэн тэнгэр минь, мөргөлийг минь Таны ноёрхол оршин тогтнох бүхий л хугацаанд намайг амьдруулах, Таны ертөнцүүдийн ертөнц бүхэнд Таныгаа дурсаж явахад минь тэтгэх мөнхийн усны ундарга болгож хайрлаач.

Дараа нь гараа дахин залбирангуй өргөж ийнхүү хэлэг:

Танаас хагацан хөндийрсэн хүний зүрх сэтгэлийг хайлуулж, хайрынхаа галаар дэлхийг бүхэлд нь дүрэлзүүлэн асаадаг Та минь ээ! Өөрийн буян ивээлийг надаас бүү холдуулаач гэж бүтээлт орчлонг номхтгосон Алдар нэрийг тань барин гуйя, Хамаг хүн ардыг захирагч Та минь! Эзэн тэнгэр минь, Таны энэрлийн хүрээлэнд Таны сүр жавхлангийн дээвэр дор оршиж буй хамгаас тэнгэрлэг гэр лүүгээ яаран буй энэ үл таних хүнийг, мөн Таны өршөөлийн далайг хайсан энэ нүгэлтнийг, Таны алдрын өргөөг эрсэн энэ өчүүхэн доорд амьтныг, Таны баялгаас сувд эрдэнэ горилсон энэ ядуу амьтныг Та харж байгаа билээ. Та юу л хүссэнээ захиран айлтгах эрх мэдэлтэй. Та үйлсээрээ магтуулах ёстойг, Таны зарлигийг дагаж биелүүлбэл зохихыг, Таны лүндэн буулгах эрх хязгааргүй гэдгийг би гэрчилнэ.

Дараа нь тэрээр гараа дээш өргөөд “Нэн Агуу Алдар” -ыг гурван удаа давтан хэлэг. Тэгээд доош тонгойн хоёр гараа өвдөг дээрээ тавин адистат өргөмжит Бурханы өмнө ийнхүү хэлэг:

Бурхан минь, Таныг шүтэн бишрэх гэсэн оргилуун хүсэлдээ, Таны алдрыг дурсаж, магтан өргөмжлөх тэмүүлэлдээ миний сүнс бадарч бүх үе мөч, эрхтнээр минь дамжин булгилж байгааг, Таны айлдварын хаант улс, Таны эрдэм мэдлэгийн тэнгэрт Таны Зарлигийн Хэл айлдан гэрчилсэн бүхнийг бас гэрчилж байгааг Та харж байгаа билээ. Эзэн тэнгэр минь, би ийм л байдалдаа өөрийнхөө үгээгүй ядууг харуулахын зэрэгцээ Таны буян хишиг, Таны баялгийг магтан мандуулж, өөрийнхөө арчаагүй доройг илтгэхийн сацуу Таны хүч чадлыг тунхаглахад минь ивээлээ хайрлахыг Танаас хичээнгүйлэн хүснэ.

Дараа нь тэрээр босч зогсоод гараа хоёр удаа хүндэтгэл бүхий өргөөд ийнхүү хэлэг:

Хамгаас Хүчтэй, Хамгаас Буянтан Танаас өөр Бурхан үгүй. Эхлэлд ч, төгсгөлд ч Зарлиг буулгагч Танаас өөр Бурхан үгүй. Бурхан минь! Бурхан минь! Таны өршөөл намайг зоригжуулж, Таны нигүүлсэл намайг тэнхрүүлэн, Таны дуудлага намайг сэрээж, Таны хайр ивээл намайг өндийлгөн Таны зүг хандууллаа. Ингээгүй бол Танд ойрхон буй хотын хаалганы өмнө зогсох юмуу Таны хүсэл тааллын тэнгэрээс цацарч буй гэрлийн зүг нүүрээ хандуулж зүрхлэх би хэн билээ? Энэ дорой хүн Таны ивээлийн үүдийг тогшиж, энэ зуурдын амьтан Таны хайр хишгийн мутраас мөнх амьдралын рашааныг хүртэхийг хүсэж байгааг Эзэн тэнгэр минь Та харж байгаа билээ. Бүхий л цаг үед захиран туушаах эрх Таных билээ, бүх алдар нэрсийн Эзэн тэнгэр минь! Харин Таны хүсэл таалалд хүлцэж дуртайяа захирагдах үүрэг бол минийх билээ, Диваажинг бүтээгч минь!

Дараа нь гараа гурвантаа дээш өргөн ийнхүү хэлэг:

Бурхан агуу дээдэс бүхнээс агуу дээд билээ!

Дараа нь өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэн ийнхүү хэлэг:

Танд ойртон дөхсөн тэдний магтуу Танд ойртохуйн диваажинд дүүлэн хүрэхээргүй, эсвэл Танд үнэнч сэтгэлээ зориулсан тэдний зүрх сэтгэлийн шувууд Таны үүд хаалганд нисэн очиж гүйцэхээргүй Та хэтэрхий өндөрлөгт заларч байгаа билээ. Та бүхий л шинж чанараас дээгүүр гэгээн, бүхий л алдар нэрсээс давуу ариун нандин гэдгийг би гэрчилье. Хамгаас өргөмжит, Хамгаас Гоо жавхлант Танаас өөр Бурхан үгүй.

Дараа нь суугаад ийнхүү хэлэг:

Таныг Бурхан болохыг, Танаас өөр Бурхан үгүй болохыг, Тодорсон Нэгэн бол Далдын Нууц бөгөөд “буй бол” хэмээсэн үгний үсгүүдийг нийлүүлэн холбосон Эрдэнийн Бэлэг тэмдэг болохыг бүхий л бодгаль зүйлс, дээд тэнгэрийн Хурал, хамгаас дээд Диваажингийн оршин суугчид хийгээд тэдгээрээс гадна хамгаас алдарт Тэнгэрийн хаяаны алсаас Сүр жавхлангийн Хэл гэрчилснийг би бас гэрчилье. Эрхэм Дээдийн бийрээр алдар нь бичигдэж, тэнгэр диваажин ба газар дэлхийн Сэнтийд залрагч Эзэн тэнгэр Бурханы Судар номонд нэр нь дурдагдсан Нэгэн бол Тэр мөн гэдгийг би гэрчилье.

Дараа нь цэх шулуун зогсоод ийнхүү хэлэг:

Бүхий л оршихуйн Эзэн, нүдэнд үзэгдэгч ба үл үзэгдэгч бүхнийг Эзэмшигч Та минь ээ! Нулимсаа асгаруулан санаа алдахыг минь Та анзааран мэдэрч, ёолон уйлахыг минь сонсож, зүрх сэтгэлээрээ шаналан өвдөхийг минь мэдэж байгаа билээ. Таны хүч чадлыг барин өчсү! Хийсэн гэм буруу минь Танд ойртохоос намайг холдуулж, үйлдсэн нүгэл минь Таны ариун гэгээн өргөөнөөс намайг хөндийрүүллээ. Эзэн тэнгэр минь, Таны хайр намайг баяжуулсан бол Танаас хөндийрсөн минь намайг сүйрүүлж, Танаас холдсон минь намайг үгүйрүүлж байна. Энэ цөлд гишгэсэн Таны хөлийн мөрт сөгдөн, энэ уудам ертөнцөд Таны сонгомол Шавь нар “Би энд байна, би энд байна” гэж айлдсан тэр үг, Таны Үүдэл нээлтийн амьсгал хийгээд Таны Тунхаглалын Үүрийн цолмонгийн эелдэг зөөлөн сэвшээг барин Таны гоо үзэсгэлэнг ширтэж, Таны Сударт бичигдсэн бүхнийг даган мөрдөх буян заяаг надад хайрлахыг хичээнгүйлэн хүсье.

Дараа нь “Нэн Агуу Алдар”-ыг гурвантаа давтан доошоо тонгойн гараа өвдөг дээрээ тавьж ийнхүү хэлэг:

Бурхан тэнгэр минь, Таныгаа дурсаж, магтан дуулахад минь тусалж, Таны шинж тэмдгийн Үүрийн цолмон болсон Түүнийг надад таниулж, Өөрийн Эрхшээлийн өмнө намайг сөгдүүлж, Өөрийн Бурханлаг Биеийн өмнө намайг номхруулж, Өөрийн Сүр жавхлангийн Хэлээр айлдсан бүхнийг хүлээн зөвшөөрүүлсэн Таныг магтан өргөмжилье.

Дараа нь босоод ийнхүү хэлэг:

Бурхан минь, Бурхан минь! Миний нуруу хийсэн нүгэлдээ бөгтийж, хайхрамжгүй байдал минь намайг сүйрэлд орууллаа. Өөрийнхөө хийсэн гэм бурууг болон Таны уужим өршөөнгүй сэтгэлийг бодох бүрийд зүрх сэтгэл минь хайлан уусч, цус минь судсаараа буцална. Ертөнцийн хүсэл мөрөөдөл болсон Таны гоо үзэсгэлэнг барин өчсү! Би Таны зүг нүүр царайгаа хандуулахаас эмээж, хүслийн гараа Таны хайр хишгийн тэнгэр өөд сунгахаас ичих юм. Бурхан минь, Таныг дурсан санаж, Таны ариун чанарыг магтан өргөмжилье гэтэл нулимс минь саад болж байгааг та харж байгаа билээ, дээд тэнгэр ба доод газрын Сэнтийд залрагч Эзэн тэнгэр Та минь ээ! Таны Хаант улсын шинж тэмдгүүд болоод Таны Эрхшээлт ертөнцийн нууцсыг барин Танаас залбиран гуйя: хайрт шавь нартаа Өөрийн хайр энэрэл, Өөрийн буян ивээлийн үүднээс хандана уу, бүхий л оршихуйн Эзэн тэнгэр, нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхний Хаан минь ээ!

Дараа нь “Нэн Агуу Алдар”-ыг гурвантаа давтаж, өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэж ийнхүү хэлэг:

Бурхан минь, биднийг Танд ойртуулсан тэр зүйлийг бидэнд илгээж, Өөрийн Сургаал, Судар номондоо айлтгасан сайн сайхан бүхнээр биднийг хангаж өгсөнд Таныгаа магтан өргөмжилье. Эзэн тэнгэр минь, элдэв дэмий мөрөөдөл, хоосон төсөөллөөс биднийг хамгаалахыг Танаас хичээнгүйлэн гуйя. Та үнэндээ Хамгийг Чадагч, Бүхнийг Мэдэгч билээ!

#10614
- Bahá'u'lláh

 

General

Абдул-Бахагийн 26 мөргөл

Тэрээр Бурхан бөлгөө.

Дээдийн чуулганы хүрээлсэн тэрхүү Газарыг тойрон биширсэн та минь ээ! Цорын ганц үнэн Бурханы Босгоны өмнө талархал өргөн, гараа сунган залбираад, ийнхүү өчнө үү: Аяа, чин сэтгэлээсээ хайрлагч бүхний эрхэм дээд хүсэл эрмэлзэл Та минь ээ! Аяа, тэнүүчлэн төөрөх сүнс бүрт Удирдамж болсон Та минь ээ! Мөхөс дорой энэхүү шадар зарцдаа Та хязгааргүй адислалаасаа хүртээж, азгүй дорой энэхүү хүмүүнийг Өөрийн нэг нэгдмэлийн Босгонд ойртон дөхөхөд нь залан чиглүүлсэн билээ. Өөрийн хайр энэрлийн амьд рашааныг омголтсон уруулд минь хүргэж, ядарч зүдэрсэн сүнс сүлдийг минь Та тэнгэрлэг нигүүлслийнхээ сэвшээгээр сэргээсэн билээ. Дээдийн нигүүлсэнгүй ивээл хишгээсээ надад дүүрэн хувь заяаж, Таны ариун Босгонд хүрэх алдар гавъяаг хүртээсэнд Тандаа гүнээ талархнам. Оройн дээд ариун Хаант улсын тань өлзий буянаас хязгааргүй хувь хэмжээ тасалж өгөхийг Танаас наминчлан гуйнам, би. Өгөөмөр ач тусаа хайрлана уу. Нигүүлсэнгүй адис ивээлээ хүртээнэ үү.

#13086
- `Abdu'l-Bahá

 

Аяа, үл үзэгдэгч анд Та минь! Аяа, энэ ба ирэх ертөнц дэх бүхний Хүслэн минь! Аяа, нигүүлсэнгүй Хайрт Та минь! Өчүүхэн дорой эдгээр хүмүүс Таны хайранд умбаж, хүч мөхөс эдгээр хүмүүс Таны босгонд хорогдохыг хүсэмжилж байна. Шөнө орой бүр танаас алс хол байгаадаа тэд санаашран ёолж, өглөө бүр муу санаатны халдлагын улмаас харамсан гашуудаж нулимсаа унагаадаг билээ. Хором бүрт тэд шинэ шарх хүртэж, хорон санаат дарангуйлагч бүхний учруулах дарамтан дор амьсгал авах бүртээ зовлон шаналал амснам. Гэсэн хэдий ч тэд галын суварга шиг дүрэлзэн бадарч, наран саран лугаа адил гэрэлтэн гялалзаж байгаад Таныгаа магтан бахдая. Тэд өргөсөн туг далбаа мэт Бурханы Үйл Хэргийн төлөө эгцлэн зогсож, эрэмгий зоригт морьтон лугаа адил урагш тэмүүлэн талбар руугаа яаравчлана. Тэд булбарай дэлбээ шиг цэцэглэж, инээмсэглэх сарнай лугаа адил баяр хөөрөөр бялхсан байна. Тиймд, хайр халамжит Хангагч Та минь ээ, Таны Хаант улсаас хайрлах хурмастын гоо жавхлангаар эдгээр буянт хүмүүст тусалж, эдгээр ариуссан хүмүүст Оройн Дээд Бурханы шинж тэмдгүүдийг илтгэн харуулах буян хишгийг хайрлаж болгооно уу. Та бол Бүхнээс Буян хишигтэн, Өрөвч сэтгэлтэн, Бүхнээс Энэрэнгүй, Нигүүлсэнгүй нь билээ.

#13087
- `Abdu'l-Bahá

 

Аяа, эгнэшгүй, хайр халамжит Эзэн Та минь! Чадвар чадавх, үнэлэхүйц чанараар дутмаг бидэнд гай бэрхшээлийг тэсвэрлэхэд хязгааргүй бэрх байгаа ч гэлээ, чадвар чадавх, үнэлэхүйц чанар бол Танаас л хүртээдэг өгөөмөр хишиг бөлгөө. Аяа, Эзэн тэнгэр минь! Бидэнд чадвар чадавх хайрлаж, үнэлүүштэй чанар хүртээнэ үү. Чингэвээс бид тууштай үнэнч нэн агуу сэтгэлийг үзүүлж, энэ хорвоо ба түүний түмэн ардаас татгалзаж, Таны хайрын галыг бадамлуулан зулын гол мэтээр тодоос тод дүрэлзэн шатаж гэрэлт цацрагийг нь түгээн тархаах болмой.

Аяа, Хаант улсын Эзэн тэнгэр минь! Хуурмаг төсөөллийн энэхүү орчлонгоос биднийг чөлөөлж, энх мөнхийн орон руу хөтлөн дагуулна уу. Энэхүү доорд амьдралаас биднийг бүрэн гэтэлгэж, Хаант улсынхаа хязгааргүй ивээл хишгээр адислан хайрлана уу. Бодит мэт төрхтэй ч оргүй хоосонгийн хорвоогоос биднийг ангижруулж, өнө мөнх амьдралыг заяана уу. Бидэнд баяр хөөр, цэнгэл жаргалыг бэлэглэж, амар амгалан, амирлангуй байдлыг хайрлана уу. Зүрх сэтгэлийг маань тайтгаруулж, сүнсийг маань энх тунх, тайван амгаланд умбуулна уу, чингэвээс бид Таны Хаант улс өөд дөхөн Тантай уулзан золгож, оройн дээдийн орчлон хорвоод баясан цэнгэх болмой. Та бол Өглөгч, Хишиг хайрлагч, Хамгаас Хүчит билээ!

#13088
- `Abdu'l-Bahá

 

Аяа, өнө мөнхийн Хайрт минь, хайрлан биширдэг Анд минь! Тантай учирч чадахгүй байсаар хэр удаан төөрөлдөн, Танаас холдон хагацахуйн зовлонд хэчнээн их тарчлах билээ, би? Тэнгэрийн Хаант улсынхаа хязгаар луу намайг удирдан чиглүүлж, ер бусын Орчлонгийнхоо үзэгдэхүйн орчилд Өөрийн хайр энэрлийн мэлмийн харцаа надад тусгаж ивээнэ үү.

Аяа, Хамгийг Чадагч Эзэн тэнгэр Та минь! Намайг Та Хаант улсынхаа иргэдийн нэгэнд тооцож багтаана уу. Үхэлт энэхүү ертөнц бол амьдрах ахуй гэр минь бөлгөө. Орон зайгүйн орчлонд тань хоргодох өргөөг надад олгоно уу. Газар дэлхийн харъяатай над дээр Өөрийн сүр жавхлангийн туяаг тусгаж хайрлана уу. Тоост энэ орчлонд оршин суудаг намайг тэнгэрийн ертөнцийн оршин суугч болгож хайрлана уу. Чингэснээр би Таны замналд амь амьдралаа зориулж, зүрх сэтгэлийнхээ хүсэл мөрөөдөлд хүрэхсэн, бас тэнгэрлэг ивээл хишгийн титмээр тэргүүнээ чимэн, “Аяа, Нэн Яруу алдарт, Бурханы Алдар минь!” хэмээх ялалтын уриаг уухайлан өргөхсөн.

#13089
- `Abdu'l-Bahá

 

Аяа, өгөөмөр Эзэн тэнгэр минь! Эдгээр хүмүүс бол хамтдаа хуран цугласан, Таны хайранд умбасан Таны анд нөхөд билээ. Тэд Таны гоо үзэсгэлэнгийн туяанд уяран хөөрч, Таны нүд булаам, анхилуун намираа үсэнд сэтгэл автсан билээ. Тэд зүрх сэтгэлээ Танд бүрнээ даатгаж, номхон хүлцэнгүй, хүч мөхөс байдлаар Таны зам мөрөөр хэрэн хэсүүчлэх ажгуу. Тэд таних андаа ч, танихгүй хүмүүсийг ч умартан орхиж, Таны эв нэгдлийн амгайгаас бат зуурсаар Таны өмнө бишрэнгүйгээр мэхийсэн байна.

Доорд энэ ертөнцөд харъяатай байсан тэднийг Та Хаант улсдаа угтан авсан билээ. Хомсдол хохирлын цөлд ургамал мэт хагдарч хатсан тэднийг Та эрдэм мэдлэг, ухаарахуйн цэцэрлэгт зулзаган мод болгон ургуулсан. Дуу хоолойгоо гаргах чадалгүй анир чимээгүй байсан, тэд. Харин Та тэдэнд үг дуугаа гаргахад нь тусалсан. Сэтгэлээр унаж гутарсан байсан тэднийг Та урамшуулан гэгээрүүлсэн билээ. Хатаж гандаад, үржил шимгүй хөрс лүгээ адил байв, тэд. Харин Та тэднийг дотоод утга санаагаар баялаг сарнайн цэцэрлэг болгон хувиргасан. Тэд хүн төрөлхтний ертөнцөд балчир хүүхэд мэт байсан бол Та тэднийг тэнгэрлэг ертөнцөд нас бие гүйцэхэд нь тусалсан билээ.

Аяа, эелдэг Бурхан минь! Та тэдэнд Өөрийн хамгааллын нөмөр дор хоргодох орогнол олгож, зовлон сорилтоос өмгөөлөн хамгаална уу. Тэдэнд Та үл үзэгдэх тус дэмжлэгээ өгч, Өөрийн хувиршгүй өршөөл ивээлээ хайрлана уу.

Аяа, эелдэг, хайрт Эзэн тэнгэр Та минь! Тэд бол ахуй бие бөгөөд харин Та амьдралын Сүнс ажгуу. Сүнсний буян ивээлээс ахуй биеийн соргог, гоо үзэсгэлэнт чанар хамаарах бөлгөө. Тиймийн учир тэд Таны өглөг баталгааг горилон энэхүү шинэ Үүдэл нээлтэд Ариун Сүнсний дэмнэх эрч хүчийг хүсэмжлэн гуйж байна. Та бол Хүчирхэг. Та бол Өглөгч, Хангагч, Хишиг хайрлагч, Өршөөгч бөлгөө. Та бол үл үзэгдэх Ертөнцөөс тодрон гялалзах Нэгэн бөлгөө.

#13090
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Хүнд адармаатай зовлон бэрхшээл тулгарч, асар том гай барцад нүүрлээд байна. Эзэн тэнгэр минь! Эдгээр зовлон зүдгүүрийг арилган Өөрийн хүч чадлын нотолгоог харуулж хайрлана уу. Энэ бүх гай бэхшээлийг нимгэлж, хүнд бартаат энэхүү аянд бидний замыг дардан болгож хайрлана уу. Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Гай барцад даамжирч, хэцүү бэрхшээл дүүрэн нөр их хөдөлмөр маань үй түмэн шаналал зовлонтой хавсарчээ. Танаас өөр туслагч алга, Танаас өөр тэтгэгч алга. Бид бүхий л итгэл найдвараа Танд л чиглүүлж, бүхий л ажил хэргээ Таны л халамж ивээлд даатгана. Та болбоос Удирдан чиглүүлэгч, зовлон зүдгүүр бүхнийг Арилгагч. Та болбоос Цэцэн мэргэн, аливааг Харагч, Сонсогч билээ.

#13091
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Энэрэл нигүүлслийн Бурхан минь! Аяа, Хамгийг Чадагч Та минь! Миний бие хүчин мөхөс, сул дорой өчүүхэн зарц боловч Таны гоо жавхлан, ивээл хишгийн нөмөрт бойжиж, Таны энэрэл нигүүслийн сүүгээр тэжээгдэж, Таны элбэрэл хайрын өвөрт өсөн торнисон нэгэн билээ. Эзэн тэнгэр минь! Би хэдий ядуу дутмаг авч, Таны буян хишгийн ачаар ядуу дорой бүхэн элбэг хангалуунд хүрдэг билээ. Харин Таны хайр хишгээс хөндийрөн хагацсан баян чинээлэг бүхэн үнэндээ ядуу хоосон болой.

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Уул хад бүрийг тоос шороо болгон бутаргатал, хамгийн өндөр оргилыг ч үлдээлгүй тэгшилтэл сорилт шалгуурын хүч агуу их, зовлон бэрхшээлийн дайралт туйлын ширүүн байгаа тул энэхүү хүнд зовлонг тэсвэрлэхэд минь хүч тэнхээ хайрлаж, энэхүү эрхэм дээд соёрхол хишгийг сахин хадгалахад минь тусална уу. Зүрх сэтгэлдээ Таныг дурсан санахаас өөр юуг ч эс эрэлхийснийг минь, сэтгэл оюундаа Таны хайраас өөр юуг ч хүсээгүйг минь Та бүрнээ мэдэх билээ. Таны хайрт шавь нарт үйлчлэхэд минь намайг дэмжин өргөж, Таны Босгонд сөгдөн үйлчлэх буянаар үүрд оршиход минь тусалж хайрлана уу. Та бол Хайр ивээлт билээ. Та бол хэмжээлшгүй их буян хишгийн Эзэн тэнгэр билээ.

#13092
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Намайг сэрээж, ухаарал хайрлаач. Танаас өөр бүхнээс намайг ангижруулж, Өөрийн гоо үзэсгэлэнгийн хайр энэрлээр намайг олзолно уу. Ариун Сүнсний амьсгалаар намайг үлээж, Абха-н Хаант улсын дуудлагыг сонсоход минь тусална уу. Надад хурмастын хүч хайрлаж, сүлд хийморийн дэнлүүг зүрх сэтгэлийн минь сүмд гэрэлтүүлж хайрлана уу. Намайг аливаа хүлээснээс чөлөөлж, аливаа уяаснаас ангижруулж, улмаар гагцхүү Таны хүсэл тааллаас өөр хүсэл мөрөөдлийг үл тээж, гагцхүү Таны Дүрээс өөр юу г ч үл эрэлхийлж, гагцхүү Таны зам мөрөөс өөр ямар ч зам мөрөөр үл алхахад минь туслаач. Гоомой бодолтой нэгэнд ухаарал хайрлаж, гүн нойрондоо дугжирагсдыг сэрээж, цангаж ундаассан нэгэнд амьдралын рашаан усыг барьж, өвчин эмгэгт баригдсан хүмүүнд тэнгэрлэг эмийг хүртээхэд минь тусална уу.

Би өчүүхэн доорд, ядуу нэгэн билээ. Харин Та бол миний нөмөр нөөлөг ба орогнол, миний өмөг түшиг ба дэм тулгуур билээ. Хамаг бүхэн гайхан шагширтал Өөрийн тусламж дэмжлэгийг илгээнэ үү. Бурхан минь! Чухамхүү, Та бол Хамгаас Хүчит, Нэн Чадалтай, Өглөгч, Хишиг хайрлагч, Бүхнийг Харагч билээ.

#13093
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан билээ.

Бурхан минь, Бурхан минь! Би өөрийн нүүр царайг Танд хандуулж, Таны анагаагч тэнгис далайн давалгаанд сүслэн залбирч байна. Таны хүн ардад үйлчилж, Таны шадар зарц нарыг анагаахад минь харамгүй туслаач, Эзэн тэнгэр минь. Хэрэвзээ Та надад туслах аваас миний хүртээх эмчилгээ нь өвчин эмгэг бүрийг анагаах эмнэл засал, ангаж ундаассан бүхний цангааг тайлах амьдрал хайрлагч рашаан ус, санаархан гиюүрсэн зүрх сэтгэл бүрийг тайтгаруулагч анхилуун гүгэл болно. Харин хэрэвзээ Та надад үл туслах аваас энэ бүхэн зөвхөн зовлон зүдүүр л дагуулах агаад улмаар ямар ч хүмүүнийг би анагааж үл дөнгөнөм.

Аяа, Бурхан минь, Бурхан минь! Өвчин эмгэгтэйг анагаан илааршуулахад минь Өөрийн хүч чадлаар тусалж хайрла. Чухамхүү, Та бол Анагаагч, Хангагч бөгөөд өвчин зовлон бүрийг арилгагч, бүхий л зүйлсийг эрхшээн ноёрхдог Бурхан билээ.

#13094
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Эзэн тэнгэр минь! Насны минь эцэс эхэн үеээсээ онцгой давуу байж, амьдралынхаа төгсгөлд Таны үй түмэн адис ивээлийн үүд хаалгыг нээхийн тулд Өөрийн гоо жавхлан ба хайр ивээл, Өөрийн асрал халамж ба хамгаалалт, Өөрийн нөмөр нөөлөг ба буян хишгийн хувь хэмжээг надад соёрхож хайрлана уу. Таны хайр халамж ба ивээл хишиг над дээр хором мөч бүрт тусч, Таны өршөөл энэрэл амьсгал бүрийг минь сахин хамгаалах болтугай. Улмаар эцэст нь, Таны өндөрт өргөсөн Тугийн халамжит сүүдэр дор Хамгаас Магтаалт Нэгэний Хаант улсдаа би амар тайван очих болмой. Та бол Хишиг хайрлагч, Хэзээд Хайр ивээлт бөгөөд чухамхүү Та болбоос ивээл хишгийн Эзэн тэнгэр билээ.

#13095
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Хангагч, Өршөөгч Та минь! Нэгэн буян заяат сэтгэлтэн бодит үнэний Хаант улс өөд хөөрөн дээшилж, зуурдын тоост ертөнцөөс үүрд мөнхийн яруу алдрын орны зүг яаравчлан одлоо. Эдүгээ морилсон шинэхэн зочныхоо байр суурийг өргөмжилж, он удаан жил үйлчилсэн энэхүү шадар зарцдаа цоо шинэ гайхалтай өмсгөл өмсүүлэн гоёгтун.

Аяа, Зүйрлэшгүй Эзэн минь! Таны үл тайлагдах нууцат өргөөнд нэвтрэн орж, цог жавхлант чуулганы ойр дотны анд нөхөр болох тавиланг олоход нь эл талийгачид тусалж, Өөрийн уучлал өршөөл ба уярам зөөлөн хайр халамжаа түүнд хүртээнэ үү. Та бол Өглөгч, Хишиг хайрлагч, Хэзээд Хайр ивээлт. Та бол Өршөөн уучлагч, Уян зөөлөн сэтгэлт, Нэн Чадалтай нь билээ.

#13096
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан бөлгөө.

Аяа, өршөөнгүй Эзэн тэнгэр Та минь! Эдгээр шадар зарц нар эрхэм буянт сэтгэлтнүүд байсан бөгөөд тэдний гэгээн цагаан зүрх сэтгэл Таны удирдамжийн гэрэлд гийн цацарч байсан билээ. Тэд Таны хайрын дарсны халин бялхсан бумбанаас хүртэж, Таны мэдлэгийн аялгуунаас эгшиглэх мөнхийн нууцсыг чих тавин сонордсон билээ. Тэд зүрх сэтгэлээ Танд тушаан даатгаж, хол хөндий байдлын хүлээснээсс ангижран салаад, Таны эв нэгдлээс бат зууран атгасан билээ. Эдгээр нандин сүнсийг Диваажингийн орны иргэдтэй андлуулан нөхөрлүүлж, Өөрийн сонгомол хань нөхдийн хүрээнд багтааж хайрлана уу. Тэднийг дээд ертөнцийн амгалан өргөөндөө Өөрийн нууцсыг тайлах дотны андаа болгож, гэрлийн далайд тэднийг умбуулж хайрлана уу. Та бол Хишиг хайрлагч, Туяаран гийгүүлэгч, Элэгсэг бөлгөө.

#13097
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь! Таны Босгонд үйлчлэгч энэхүү шадар зарцынхаа аав, ээжийг Та Өөрийн өршөөлийн далайд умбуулж, аливаа нүгэл гэм, алдаа дутагдлыг нь цагаатган ариусгаж хайрлана уу. Тэдэнд минь Та өршөөл ивээлээ хайрлаж, Өөрийн уучлах уужуу сэтгэлээ үзүүлнэ үү. Та бол чухамхүү Өршөөн уучлагч, Хэзээд Өршөөнгүй, хязгааргүй буян хишиг Хайрлагч бөлгөө. Аяа, өршөөн уучлагч Эзэн тэнгэр Та минь! Хэдийгээр бид нүгэлтэн ч гэлээ, Таны амлалт, дэмжлэг баталгаанд итгэл найдвараа бүрэн даатгасан билээ. Бид хэдий алдаа дутагдлын харанхуйд умбасан ч гэлээ, бүхий л цагт Таны өлзий буяны өглөөний туяанд нүүр царайгаа хандуулж ирсэн билээ. Таны Босгоны таалалд нийцэхүйц байдлаар Та бидэнд хандаж, Таны тэнгэрлэг Өргөөнд зүй зохицох тэр зүйлийг бидэнд хайрлана уу. Та бол Хэзээд Өршөөнгүй, Өршөөн уучлагч, алдаа дутагдал бүрийг үл хэрэгсэгч Нэгэн бөлгөө.

#13098
- `Abdu'l-Bahá

 

Аяа, элэгсэг Эзэн тэнгэр Та минь! Миний зүрх сэтгэлийг аливаа юманд хорогдох хүлээснээс ангижруулан ариусгаж, сүнсийг минь баярт мэдээгээр баясган цэнгүүлнэ үү. Анд нөхөр эсвэл үл таних хүн ч бай, хэнд ч дасан зууралдахаас намайг Та чөлөөлж, Өөрийн хайраар намайг татан олзол. Тэгэх аваас би Танд өөрийгөө чин үнэнчээр зориулж, бадрангуй цэнгэл жаргалаар дүүрэх бөгөөд Танаас өөр юуг ч хүсэн мөрөөдөхгүй, Танаас өөр хэнийг ч эрэлхийлэн хайхгүй, Таны замаас өөр замаар алхахгүй, гагцхүү Тантай л харилцах болой. Мөн тэгэх аваас алтан гургалдай лугаа адил би Таны хайранд автан уярч, өдөр шөнөгүй санаашран гасалж, "Яа Бахаул-Абха!" хэмээн дуу алдан уйлах болно.

#13099
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Эзэн тэнгэр минь! Юутай арвин өлзий буяны бялхан оргисон ундаргыг хайрлаж, юутай элбэг дэлбэг ивээл хишгийн цутгалыг хүртээгээ вэ, Та минь? Та бүхий л зүрх сэтгэлийг нэгдмэл нэг болгож, бүх хүмүүсийг нэгэн хүн мэт болгон холбожээ. Та үлбэгэр дорой бие махбодид амьдрал, мэдрэхүй заяаж, амьгүй бие цогцост амин сүнсний ухамсрыг хайрласан бөлгөө. Бүхнээс Энэрэнгүйн Үүрийн гэгээнээс цацрах туяагаар Та тоост дэлхийн эдгээр атомд нүдэнээ үзэгдэх оршихуй хайрлаж, агшин зуурхан л оршоод уусдаг эдгээр дуслуудад нэг нэгдмэл чанарын далайн давалгаагаар оргилон босож чанга хүрхрэн дуугарах боломжийг Та олгосон билээ.

Аяа, сүрлийн ишэнд уулын хүч чадлыг хайрлаж, тоосны өчүүхэн ширхэгт сүр жавхлант нарны суу алдрыг тольдон харуулах боломжийг олгосон Хамгаас Хүчит Бурхан минь! Таны Үйл Хэргийн төлөө үйлчлэхээр эгцлэн, газар дэлхийн хүн ардуудын өмнө нүүр бардам зогсоход маань тусалж Та Өөрийн эелдэг зөөлөн хайр энэрэл, буян хишгээ бидэнд хайрлана уу.

#13100
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Хамгийг Чадагч Эзэн тэнгэр минь! Бид бүгдээр Таны сүр хүчийн чанга атганд багтдаг билээ. Та бол биднийг Дэмжин тэтгэгч, бидэнд Туслагч билээ. Өөрийн хайр энэрлээ бидэнд хүртээж, Өөрийн өлзий буяныг бидэнд хайрлан, гоо жавхлангийнхаа үүдийг нээж, ивээл хишгийнхээ харцыг бидэн дээр тусгана уу. Сэргээн бадруулах сэвшээ салхиар биднийг үлээж, хүсэл тэмүүлэлдээ автсан зүрх сэтгэлийг маань амилуулан хөгжөөнө үү. Бидний мэлмийг гийгүүлж, амин зүрхний ариун дагшин сүмийг маань цэцэг навчит сүүдрэвч бүрийн атаархал болох энх тунх орчин болгоно уу. Хүн бүрийн сэтгэл санааг цэнгээн жаргааж, оюун сэтгэл бүрийг баясган хөгжөөнө үү. Та өнө эртний суу чадлаа нээн, Өөрийн агуу сүр хүчээ тодруулан харуулна уу. Хүмүүний сэтгэлийн шувуудыг шинэ шинэ өндөрлөгт дүүлгэн нисгэж, Таны Хаант улсын нууцсыг энэхүү нүгэлт хорвоо дээрх итгэмжит хүмүүстээ ухааруулна уу. Бидний алхаа гишгээг батжуулж, гуйвшгүй зүрх сэтгэлийг хайрлана уу. Бид бол нүгэлтэн, харин Та Хэзээд Өршөөнгүй бөлгөө. Бид Таны шадар зарц нар, харин Та бүхнийг эрхшээгч Эзэн тэнгэр билээ. Бид орон гэргүй тэнэмэл, харин Та бол бидний хоргодох орон, орогнох газар бөлгөө. Таны анхилуун сэвшээг тархаан түгээхэд мөн Таны Үг айлдварыг магтан өргөмжлөхөд бидэнд туслан ивээлт дэмээ хайрлана уу. Үгээгүй нэгнийг өөдлөн дээшлүүлж, зүдэрсэн нэгэнд Өөрийн шавхагдашгүй эрдэнэсээс хүртээнэ үү. Ядруухан доройд Та хүч тэнхээ хайрлаж, өчүүхэн сул нэгнийг тэнгэрийн хүчээр ивээнэ үү. Та бол Хангагч, Та бол Ивээлт, Та бол бүхий л зүйлсийг захирдаг Эзэн тэнгэр мөн билээ.

#13101
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Нэн Ариун, Нэн Яруу алдарт билээ.

Нигүүлсэнгүй, Энэрэлт Бурханы нэрээр өчих минь! Бүх хорвоо ертөнцийн Эзэн тэнгэр Бурханыг магтан мандуулъя!

Эзэн тэнгэр Бурхан минь, миний Аврал, миний Орогнох цайз минь! Таны хязгааргүй хүч чадлын нэгэхээн ч болов шинж тэмдгийг шагшин мандуулахаар, эсвэл Таны бүтээсэн ганц ч болов Үгийг магтан өргөмжлөхөөр оролдох бүрдээ уран цэцэн хүн бүрийн хэл яриа хүчгүйдэж, хүмүүний бийр болон амнаас ундрах магтаалын үгс мөхөстөнө гэдгийг би мэдэх тул алдаршуулан дуурсгах хамгийн тансаг дээд үгс, магтан дуулах хамгийн уран яруу өргөмжлөлийг ашиглаад ч Таны алдар нэрийг бүрнээ дурсаж хэрхэн чадах билээ, аяа, Хамгаас Хүчит, Өршөөнгүй Та минь ээ. Үнэнхүү, Таны тэнгэрлэг гэгээн чанарын агаар мандалд хөөрөн дүүлэх гэж оролдохдоо хүмүүний оюун ухааны шувуухайн далавч туйлдан хугарна, Таны эрдэм мэдлэгийн асарын сүрлэг оройд эмзэг тороо урлан нэхэхийг хүсэгч дэмий хоосон төсөөллийн аалзнууд ч хүчин мөхөстөнө. Тиймээс чадалгүй дорой байдал, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аврал надад үгүй, ядуу дутуугийн гүнд оршихоос өөр оромж үгүй. Чухамхүү, Таныг ойлгон мэдэхэд хүчин мөхөстөх нь ухаарлын мөн чанар, алдаа дутагдлаа ухамсарлан хүлээх нь Таны ахуйд дөхөх цорын ганц зэмсэг, үгээгүй хоосноо хүлээн зөвшөөрөх нь үнэн баялгийн эх булаг болой.

Эзэн тэнгэр минь! Таны өргөмжит Босгонд үйлчлэхэд минь өчүүхэн надад болон Өөрийн үнэнч шадар зарц нартаа ивээл хайраараа тусална уу. Таны тэнгэрлэг ариун чанарт хүлцэн залбирахад маань бидэнд хүч тэнхээ хайрлаж, Таны нэг нэгдмэл чанарын үүд хаалганы өмнө даруу хүлцэнгүй, дуулгавартай байлгаж өгнө үү. Аяа миний Эзэн тэнгэр, Таны замаар замнах миний алхаа гишгээг батжуулж, Өөрийн шидэт нууцсын тэнгэрээс гялалзан цацарсан туяагаар миний зүрх сэтгэлийг гийгүүлээч. Та Өөрийн өршөөл энэрлийн диваажингаас үлээсэн сэргээгч сэвшээгээр миний сэтгэл зүрхийг ариусгаж, ариун мөн чанарынхаа нугаас тархаасан сэргээн амилуулагч амьсгалаар сэтгэл зүрхийг минь хөгжөөн баясгаач. Миний нүүр царайг Таны эв нэгдлийн хаяанаас дээгүүр гэрэлтүүлж, намайг Танд чин сүсэгт шадар зарц нарынхаа нэг болгож, Таны хатуу тууштай шадруудын эгнээнд оруулж хайрлаач.

#13102
- `Abdu'l-Bahá

 

Аяа Эзэн тэнгэр Бурхан минь! Бид чадалгүй дорой, харин Та бол хүч чадлын Эзэн тэнгэр билээ. Бид өрөвдөлтэй, харин Та бол Хамгаас Хүчит, Хамгаас Яруу алдарт билээ. Бид ядуу дорой, харин Та бол Бүхнийг Эзэмшигч, Хамгаас Өгөөмөр билээ. Таны Ариун босгонд үйлчлэхэд бидэнд харамгүй сэтгэлээр тусалж, Таны магтуу ундран эгшиглэх газруудад Танд сүсэглэн залбирахад минь Өөрийн ивээл хишгийн хүч чадлаараа биднийг дэмжин түшинэ үү. Таны бүтээлт амьтдын дунд Таны ариун сүрчгийг түгээн тархаахад бидэнд тусалж, Таны шадар зарц нарын дунд Танд үйлчлэх бодь биед маань хүч тэнхээ оруулаач. Чингэснээр бид бүх улс үндэстэнг Таны Нэн Агуу Алдарын зүг залан чиглүүлж, бүх хүн ардыг Таны нэг нэгдмэл чанарын гайхамшигт далайн эрэгт хөтлөн дуудах болно.

Эзэн тэнгэр минь! Биднийг газар дэлхий хийгээд түүний хүн ардын хүлээснээс, өнгөрсөн үеийн нүгэл хилэнц, ирээдүйн зовлон зүдгүүрээс ангижруулж, улмаар бид зөвхөн Таны Үг айлдварыг туйлын баяр баясгалан, гэрэл гэгээ дүүрэн өргөмжлөн мандуулж, Таны магтууг өдөр шөнөгүй дуурсган цэнгэж, бүхий л хүн ардыг удирдамжийн замд хөтлөн дуудаж, шулуун шударгыг баримтлахыг тэдэнд үүрэг болгож, Таны бүтээлт амьтдын дунд Таны шад мөрүүдийг уянгалуулан дуулдаг болох болтугай. Та Өөрийн таалалд нийцсэн бүхнийг хийх чадалтай билээ. Чухамхүү Та бол Хамгаас Хүчит, Нэн Чадалтай нь билээ.

#13103
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан билээ.

Аяа, энэрэнгүй хайрт Эзэн тэнгэр минь! Эдгээр анд нөхөд бол Гэрээсийн дарсанд хөөрөн цэнгэсэн, Таны хайрын онгон зэлүүд нутгаар хэрэн хэсүүчлэгчид билээ. Тэдний зүрх сэтгэл Танаас алс холдсон хагацлын галд шатаж, Таны сүр жавхлан илрэн гарахыг хичээнгүйлэн хүсэмжилж байна. Өөрийн далд нууц Орон болох үл үзэгдэх Хаант улсаасаа тэдэнд Өөрийн энэрэл буяны гялалзан цацарсан алдар сууг нээн харуулж, Өөрийн буян хишгийн гэрэл туяаг тэдэн дээр тусгаж хайрлана уу. Хором мөч бүрийд шинэ адис хишиг ар араас нь илгээж, ивээл хайрынхаа шинэлэг хувь хишгээ үзүүлээч.

Аяа Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Бид сул дорой, харин Та бол Нэн Чадалтай нь билээ. Бид өчүүхэн шоргоолж лугаа адил, харин Та бол Алдарын Ертөнцийн Эзэн хаан билээ. Өөрийн ивээл хайраас хүртээж, Өөрийн буян хишгээс бидэнд хайрлаач, чингэснээр бид галын дөлийг бадрааж гэрэлт цацрагийг нь хаа сайгүй тусган, хүч чадлаа илрүүлэн гаргаж үйлчлэн зүтгэх болно. Бүдэг харанхуй энэ газар дэлхийд гэрэл гэгээг, зуурдын энэ тоост орчлонд оюун санаанлаг байдлыг авчрах үйлсийг минь батжуулна уу. Биднийг нэг хором ч атугай амсхийх завгүй байлгаж, энэ амьдралын зуурдын юмсаар өөрсдийгөө бузартуулахгүй байхад туслаач. Тэнгэрлэг удирдамжаар дайлах баярын ширээ засаж, хайрын шад мөрүүдийг амин цусаараа сийлж, айдас түгшүүр, аюул ослыг ардаа орхиж, үр жимсээ өгдөг мод мэт болж, зуурдын энэ ертөнцөд хүмүүний төгс төгөлдрийг илэрхийлэн харуулахад бидэнд туслаач. Үнэнхүү, Та бол Бүхнээс Буян хишигтэн, Хамгаас Нигүүлсэнгүй, Хэзээд Өршөөнгүй, Өршөөн уучлагч билээ.

#13104
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Хамгаас Яруу алдарт билээ.

Миний Эзэн тэнгэр, миний Эзэн хаан, намайг Захирагч миний Эзэн дээдэс минь! Өчүүхэн би үг хэл, зүрх сэтгэлээрээ Таныг дуудан ийнхүү гуйх минь: Энэхүү шадар зарцдаа Өөрийн энэрэл халамжийн нөмрөг, хувиршгүй ач тусын өмсгөл, Өөрийн хамгааллын хуяг дуулгаа өмсүүлж хайрлана уу. Таныг дурсан санаж Таны буянт нандин чанарыг Таны хүн ардын дунд өргөмжлөн дуурсгахад нь түүнд тусалж, Таны эв нэгдэл, ариун дагшин шинж чанарыг магтан мандуулахаар хуран чуулсан цуглаан бүр дээр Таныг алдар сууг өргөмжилж, шагшин магтаг хэмээн хэл яриаг нь чөлөөлж өгнө үү. Үнэнхүү, Та бол Хүчирхэг, Чадалтай, Хамгаас Яруу алдарт, Дангаар оршигч нь билээ.

#13105
- `Abdu'l-Bahá

 

Аяа Элэгсэг Эзэн тэнгэр, зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Та минь ээ! Өөрийн эелдэг зөөлөн сэтгэлийг Өөрийн анд нөхдөд үзүүлж, хувиршгүй энэрэл буянаасаа тэдэнд хүртээж соёрхоно уу. Танд зориулсан хайрандаа дүрэлзэн оргилсон тэдний сэтгэл санааг нь Та уужруулж, Таныг хүсэн мөрөөдсөн тэдэнд хань нөхөр, тайтгарал, хайр дүүрэн журмын анд нь болно уу. Тэдний зүрх сэтгэл Таны хайрын галд дүрэлзэж, тэдний сэтгэл Таны төлөөх үнэнч сэтгэлийн халуун дөлд шатан байна. Тэдний хүн нэг бүр амь амьдралаа өргөл болгоход бэлэн, хайрын тахилын хоймор өөд яаран тэмүүлнэ.

Аяа Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Өөрийн өршөөл нигүүлслийг тэдэнд хайрлаж, зөв замд залан чиглүүлж, оюун санааны ялалтанд хүрэхэд нь ивээлээр тусалж, хурмастын буян хишгээ тэдэнд хайрлаач. Эзэн тэнгэр минь, Өөрийн өгөөмөр ивээл буянаар тэдэнд тусалж, тэдний гэрэлтсэн нүүр царайг Таны мэдлэгийн төлөө чуулсан хурал чуулганыг гийгүүлэх удирдамжийн гэрэлт дэнлүү, Таны шад мөрүүдийг дуурсгах уулзалт цуглааныг ивээх тэнгэрлэг буян хишгийн шинж тэмдэг болгож хайрлаач. Та үнэнхүү Энэрэнгүй, Бүхнээс Буян хишигтэн, бүхий л хүн төрөлхтний залбиран гуйдаг Цорын ганц Туслагч нь билээ.

#13106
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Хамгаас Гоо жавхлант, Хамгаас Сүр жавхаат мөн билээ.

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь, өршөөнгүй Эзэн тэнгэр минь! Таныхаа магтууг зүй ёсоор аялгуулан дуулж, эсвэл Таныгаа бүрэн хангалттай сүсэглэн биширч, магтан мандуулж яахан чадах билээ, өчүүхэн би? Ямар ч хэлээр Таныг дүрслэн тайлбарлавал чухамдаа алдас болох бөгөөд Таны дүрийг ямар ч үзгээр дүрслэн харуулъя гэвээс ийм агуу бэрх зүйлийг оролдож үзэх нь үнэнхүү мунхагийн нотолгоо болох билээ. Хэл бол махбодын элементээс бүрэлдсэн хэрэгсэл төдий бөгөөд дуу хоолой, хэл яриа нь тохиолдлын л чанартай онцлог шинжүүд бөлгөө. Тиймээс би газрын дуу хоолойны хэрэгслээр хэний ч үл зэрэгцэх, хэний ч үл эн тэнцэх Түүний магтууг хэрхэн алдаршуулан дуулж чадах билээ? Миний өгүүлэн хэлж, эрэлхийлж чадах бүхэн болбоос хүмүүний оюун ухаанд л багтах, хүмүүний ертөнцийн хязгаарт л баригдах зүйлсээр хязгаарлагдана. Хүний ухаан бодол тэнгэрлэг ариун мөн чанарын тэртээх өндөр оргилууд руу хэрхэн мацаж чадах билээ? Хоосон мөрөөдлийн аалз нь ариун дагшин чанарын энх тунх орчинд дэмий төсөөллийн эмзэг тороо хэрхэн нэхэн сүлжиж чадах билээ? Гагцхүү өөрийн хүчин мөхөс, бүтэлгүй дорой байдлаа гэрчлэн өчихөөс өөр юу ч би хийж үл дийлнэ. Та бол үнэнхүү Бүхнийг Эзэмшигч, Хүршгүй бөгөөд ойлгон ухаарагч хүмүүний ойлгох ухаанаас ч дээр цаглашгүй өндөрт өргөмжлөгдсөн Тэрээр мөн билээ.

#13107
- `Abdu'l-Bahá

 

Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь! Хэзээд Өршөөнгүй Та минь! Хамгаас Хүчит, Буян ивээлт Бурхан Та минь ээ! Өөрийн Алдарын сүүдэр дор хорогдох боломжийг энхрий хайрт шавьдаа олгож, Өөрийн энэрэл хайрын орчинд хөгжин цэцэглэх тавиланг энэхүү азгүй мөхөс нэгэнд хайрлана уу. Таны ойр орчимд суух бумбанаас түүнд амсуулж, Адистат Модныхоо сүүдэр дор амьдруулж хайрлана уу. Тантай учран золгох алдар гавъяаг хайрлаж, өнө мөнхийн амар жаргалыг түүнд минь хүртээнэ үү. Энэхүү эрхэм хүмүүний ард үлдсэн төрөл төрөгсдөд нь хайрт эцгийнхээ ул мөрийг дагаж, буянт зан үйл, авир байдлыг нь олны дунд үлгэрлэн харуулж, Таны замналаар замнаж, Таны хүсэл таашаалыг эрхэмлэж, Таны магтууг дуурсгахад нь тусалж хайрлана уу. Та болбоос Хэзээд Хайр ивээлт Бурхан, буян хишгийн Эзэн тэнгэр мөн билээ.

#13108
- `Abdu'l-Bahá

 

Аяа, хосгүй Бурхан Та минь ээ! Таны номхон даруу шадар зарц нар билээ, бид. Харин та бол Хамгаас Яруу алдарт. Нүгэлтнүүд билээ, бид. Харин Та бол Хэзээд Өршөөнгүй. Бид үхээнц дорой олзлогсод, харин Та бол бидний нөмөр нөөлөг, аврал тусламж билээ. Бид шоргоолж мэт өчүүхэн дорой, харин Та бол дээдийн дээд диваажинд заларсан сүрлэг хүчит Эзэн тэнгэр билээ. Өөрийн гоо жавхлангийн бэлэг тэмдэг болгон биднийг хамгаалж, хайр халамж, анхаарал тусламжаа биднээс бүү татгалзаач. Эзэн тэнгэр минь! Таны сорилт шалгуур үнэнхүү хүнд, Танаас ногдуулах зовлон шаналал ган төмрөөр хийсэн суурийг хүртэл сүйрэлд хүргэх аюултай. Биднийг бэхжүүлэн тэтгэж, зүрх сэтгэлийг маань баясган хөөргөж хайрлана уу. Таны ариун Босгонд Абдул-Бахагийн адилаар үйлчлэн зүтгэхэд бидэнд буян ивээлээрээ тусалж хайрлана уу.

#13109
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан билээ.

Бурхан минь, Бурхан минь! Өчүүхэн би туйлын хүлцэнгүй, чин халуун сэтгэлээр, номхон даруу, бишрэнгүй байдлаар үг хэл ба зүрх сэтгэл, оюун билиг ба амин сүнс, ухаан бодол ба санаа сэтгэл бүхнээ дайчлан Танд наманчлан гуйх минь: Танаас болгоосон энэхүү гайхамшигт гэгээн өглөө Таны халамжийн сүүдэр дор яаравчлан хорогдохыг хүсэж, Таны аюулгүйн нөмөр, Таны хүчирхэг бат цайзанд орогнол эрсэн энэхүү гэр бүлийнхэнд хамгийн нандин хүсэл мөрөөдөл бүхнийг нь болгоож, хамгийн сайшаалтай буянт үйлс бүхнийг тэдэнд заяаж, алдар гавъяа ба төгс төгөлдөр, буян ивээл ба гоо үзэсгэлэн, элбэг хангалуун байдал ба аврал бүхнийг тэдэнд айлтган хайрлана уу. Үнэнхүү, эдгээр хүмүүс Таны дуудлагыг анхааран сонсож, Таны Босгонд ойртон дөхөж, Таны хайрын галд дүрэлзэн асаж, Таны ариун чанарын салхинд уяран хийссэн билээ. Таны Үйл хэрэгт үйлчлэхдээ тэд тууштай зогсож, Таны Дүр царайны өмнө номхон даруу, Таны халамжит сүүдэр дор уужуу сэтгэлийг харуулсан билээ.

Бурхан минь, Бурхан минь! Өнө эртний алдраараа тэднийг өргөмжилж, сүр жавхлангийн Хаант улсдаа алдар хүнд хүртээж, гайхамшигт энэ Өдөр буян хишгийнхээ сахиусан тэнгэрүүдээр тэднийг дэмжүүлэн тэтгэнэ үү. Эзэн тэнгэр Бурхан минь! Сүлд далбааг нь өндөрт өргөж, халамж хамгаллынхаа арвин хувийг тэдэнд тасалж, шинж тэмдгийг нь өргөн тархааж, цог хийморийг нь нэмж хайрлана уу. Улмаар Таны үй түмэн буян ивээлийн зулыг бадраах шилэн дэнлүү, Таны хайр халамж, ивээл буяныг түгээн цацагчид болоход нь тэдэнд тусална уу.

Эзэн тэнгэр Бурхан минь! Ганцаардсан үед нь хань нөхөр болж, зовж шаналах мөчид нь тусламж дэмжлэгээрээ тэднийг хүрээлнэ үү. Өөрийн Судар номыг тэдэнд гэрээслэн үлдээж, Өөрийн хишиг ивээлийн дүүрэн хувь хэмжээг хайрлана уу. Та бол үнэхээр Хүчирхэг, Чадалтай, Ивээлт, Буян хишигт бөгөөд үнэнхүү Та бол Энэрэнгүй, Нигүүлсэнгүй нь билээ.

#13110
- `Abdu'l-Bahá

 

Ивээл буян үлэмж, гоо хишиг арвин Эзэн тэнгэр Таны

Аяа, энгүй их ухааныг чин зүрхэндээ биширнэм!

Үүрийн гэгээнээр сэтгэлийг тайтгаруулагч нь ганцхан Та,

Хагацал харууслыг минь мэдэх ганцхан Та.

Алдрыг тань дурсахуйн тансагийг хором ч атугай амссан зүрх

Ганцхан Таныг л хүсэх шаналлаас өөр хань үл эрнэ.

Танаас өөрийг мөрөөдөн санаа алдах тэр сэтгэл гундана,

Танаас өөрийг мөрөөдөн нулимсаа асгаруулсан мэлмий хараагүй сохор нь дээр!

Гутралын харанхуйд умбах цагт Таныгаа дурсахуй нь

Гасланг зүрхнээс тонилгох гэрэл туяа билээ, аяа, хүч чадлын Эзэн тэнгэр минь.

Хэзээд ч байгаагүй тэр бүхэн эгнэгт оршихын төлөө

Хайр ивээлийн хүчээр Өөрийн оюун сэтгэлийг надад үлээж оруулна уу.

Нислэг нь удаан, далавч нь хугарсан эдгээр шувуудад

Нигүүлсэх сэтгэлээсээ шинэ жигүүр хайрлана уу.

#13111
- `Abdu'l-Bahá

 

АНГИЖРАЛ

Эзэн тэнгэр минь! Би Танаас орогнол хүсэж, зүрх сэтгэлээ Таны бүх бэлэг тэмдгийн зүг хандуулж байна. Эзэн тэнгэр минь! Би аялж явахдаа ч, гэртээ байхдаа ч, ажлаа хийж байхдаа ч бүх итгэл найдвараа Танд зориулдаг. Хайр ивээлээрээ зүйрлэшгүй Та, намайг бүхнээс хамааралгүй болоход минь хүртээмжтэй тусламжаа хайрлаач! Эзэн тэнгэр минь, Өөрийнхөө хүсэл тааллаар надад хувь хишиг хайрлаж, Таны санаа зоригоор ногдуулах тэр хувь тавилангаар сэтгэл хангалуун явахад минь тусална уу. Таны айлтган захирах эрх хэмжээ туйлын дээд билээ.

#10615
- The Báb

 

Бурхан минь, миний Эзэн тэнгэр, миний Эзэнтэн! Би өөрийн төрлөөс ангижран, Таны тусламжтайгаар энэ газар дэлхий дээр орших бүхнээс хамааралгүй болохыг, Таны мэлмийд таашаагдах бүхнийг хүлээж авахад ямагт бэлэн байхыг эрэлхийлэн хүсэж байна. Өөрөөс тань өөр юунаас ч үл хамааралтай болох тэр буяныг надад үзүүлж, хэмжээлшгүй ач тусынхаа арвин их хувийг надад хүртээж хайрла. Та үнэхээрийн элбэг дүүрэн хайр ивээлт Эзэн тэнгэр билээ.

#10616
- The Báb

 

Бурхан минь, Бурхан минь! Бүхнээс ангижрахын рашаанаар аягыг минь дүүргэж, сүр жавхлан, буян хишгийнхээ орчинд Таныг хайрлах хайрын дарсаар намайг баясган цэнгүүлнэ үү. Намайг дур хүсэл, шуналын хүлээснээс чөлөөлж, энэхүү доорд ертөнцийн чөдрийг надаас таслан, Өөрийн оройн дээд орондоо намайг урин татаж, ариун гэгээн амьсгалаараа Өөрийн шадар шивэгчин нарын нэг болгон намайг сэргээн амьдруулна уу.

Эзэн тэнгэр минь, хайр хишгийнхээ гэрлээр нүүр царайг минь гэрэлтүүлж, бүхнийг номхотгогч хүч чадлын тань шинж тэмдгийг хардаг болгон харах нүдийг минь гийгүүлж, бүхнийг хамарсан эрдэм мэдлэгийнхээ суу алдраар зүрхийг минь баясгаж, сэтгэлийг сэргээгч дүүрэн баярт мэдээгээр сэтгэлийг минь жаргааж хайрлана уу, энэ дэлхий хийгээд дээд тэнгэрийн Эзэн хаан, хүчирхэг, эзэрхэг Эзэн тэнгэр Та минь ээ. Тэгэх ахул, би Таны шинж чанар, бэлэг тэмдгийг түгээн цацаж, Таны Үйл хэргийг тунхаглаж, Таны Сургаалыг хөхүүлэн дэлгэрүүлж, Таны Хуулинд хүчин зүтгэж, Таны Үгийг өргөмжилж явахсан билээ.

Та бол үнэнхүү Хүчирхэг, Хамгаас Өгөөмөр, Бүхнийг чадагч, Хязгааргүй чадалтан билээ.

#10617
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Бурхан минь! Та бол миний Итгэл Найдвар ба миний Хамгаас Хайрт, миний дээд Зорилго ба Хүсэл мөрөөдөл билээ! Намайг Өөрийнхөө нутагт Таны хайрын сүм, Өөрийн бүтээсэн амьд бүхний дотор Таны эрдэм мэдлэгийн дэнлүү, Өөрийн эзэмшил ертөнцөд тэнгэрлэг буян хишгийн туг далбаа болгож өгөхийг би Танаас туйлын номхон хүлцэнгүй, туйлын сүсэг бишрэлтэй байдлаар залбиран гуйя.

Танаас өөр бүхнийг огоорч, энэ дэлхийн зуурдын зүйлсээс өөрсдийгөө ариутгаж, элдэв хоосон хүсэл шохоорхлыг өдөөгч дуу хоолойтны нөлөөнөөс чөлөөлөгдсөн тийм шадар зарц нарынхаа тоонд намайг оруулж хайрла.

Таны хаант улсаас ирэх ивээл баталгааны сүнсээр миний зүрх сэтгэлийг баяр цэнгэлээр дүүргэж, Таны бүхнээс хүчит алдрын орноос над дээр ээлж дараалан бууж буй тэнгэрлэг тусламжийг үзүүлэн мэлмийг минь баясган гийгүүлнэ үү.

Үнэндээ Та болбоос Бүхнээс хүчтэй, Хамгийн гайхамшигт, Хамгаас хүчирхэг билээ.

#10618
- `Abdu'l-Bahá

 

АЯН ЗАМ

Бурхан минь ээ! Таны ивээлээр би өглөө босч, Танд бүрэн итгэж, өөрийгөө Таны халамжинд даатгаж гэрээс гарсан билээ. Танд бодол санаагаа төвлөрүүлэн Таны хамгаалалтан дор гэрээс гарахад минь тусалсан шигээ энэрэл өршөөлийнхөө тэнгэрээс надад адислал илгээж, гэртээ аюулгүй амар харихад минь туслахыг гуйя. Цорын ганц, Хосгүй, Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн Танаас өөр Бурхан үгүй.

#10619
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, Бурхан минь! Би Таны хайрын холбооноос бат зуурч, Таны халамж, хамгаалалтанд өөрийгөө бүрэн даатган гэрээс гарсан билээ. Хайрт шавь нараа Таны замаас холдсон танхай балмад, муу санаат дарлагч этгээдүүдээс хамгаалсан хүч чадлаараа намайг ч гэсэн буян хишгээ хүртээн хамгаалахыг хичээнгүйлэн хүсэж байна. Өөрийн хүч чадлын увдисаар намайг гэртээ эргэж очиход минь тусална уу. Та бол үнэнхүү Бүхнээс хүчирхэг, Зовсон цагт Аврагч, Дангаар Оршигч билээ.

#10620
- Bahá'u'lláh

 

Өвчнөөс анагаах урт мөргөл

Тэрээр Анагаагч, Хангагч, Туслагч, Бүхнийг өршөөгч, Бүхнээс энэрэлт билээ.

Өргөмжит Таныг, Үнэнч Таныг, Цог жавхлант Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хэмжээлшгүй эрхт Таныг, Дэвжээн өргөмжлөгч Таныг, Шүүн тунгаагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хосгүй Таныг, Мөнхийн Таныг, Цорын ганц Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас магтаалт Таныг, Ариун нандин Таныг, Туслан дэмжигч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгийг захирагч Таныг, Хамгаас мэргэн Таныг, Хамгаас агуу Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Цэцэн мэргэн Таныг, Сүр жавхлант Таныг, Зарлиг буулгагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас Хайрт Таныг, Бишрүүлэн шүтүүлсэн Таныг, Сэтгэлийг татагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас хүчирхэг Таныг, Тэтгэн дэмжигч Таныг, Хамгаас чадалтай Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Удирдан жолоодогч Таныг, Дангаар оршигч Таныг, Бүхнийг мэдэгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Сүнс сүлд Таныг, Гэрэл гэгээ Таныг, Хамгаас илэрхий Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамаг бүхний Зорилго Таныг, Хамаг бүхэнд танигдсан Таныг, Хамаг бүхнээс Нуугдмал Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Далд нууц Таныг, Ялан дийлэгч Таныг, Хишиг хайрлагч Таныг дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хүчирхэг Таныг, Тэтгэгч Таныг, Нуун далдлагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Цогцлон бүтээгч Таныг, Сэтгэлийг хангагч Таныг, Устган сөнөөгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Мандан бадрагч Таныг, Цуглуулан бүрдүүлэгч Таныг, Өргөмжлөгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Төгөлдөржүүлэгч Таныг, Хязгааргүй эрх чөлөөт Таныг, Буян хишигт Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Буян ивээлт Таныг, Татгалзагч Таныг, Бүтээгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас эрхэм дээд Таныг, Гоо үзэсгэлэнт Таныг, Буян хайрлагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Шударга Таныг, Гоо жавхлант Таныг, Өгөөмөр Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Бүхнийг эзэгнэгч Таныг, Үүрд мөнх оршигч Таныг, Бүхнийг мэдэгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Гайхамшигт Таныг, Өнө эртний Таныг, Уужуу сэтгэлт Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Сахин хамгаалагдсан Таныг, Баяр жаргалын Эзэн таныг, Хүсэл мөрөөдөл Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамаг бүхнийг Энэрэгч Таныг, хамаг бүхнийг Нигүүлсэгч Таныг, Хамгаас буян ивээлт Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамаг бүхний Хорогдох цайз Таныг, хамаг бүхний Хөмөр нөөлөг Таныг, хамаг бүхнийг Хамгаалагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамаг бүхнийг Тэтгэгч Таныг, хамаг бүхний Тэмүүлэл Таныг, Амьдрал хайрлагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Дэлгэрүүлэн хөгжүүлэгч Таныг, Сүйтгэн хөнөөгч Таныг, Цэцэн мэргэн Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Миний Сүнс сүлд Таныг, миний Хайрт Таныг, миний Итгэл сүсэг Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Цангааг гаргагч Таныг, Тэнгэрийн үзэсгэлэнт Таныг, Хамгаас Нандин Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас Агуу Дурсамж Таныг, Хамгаас эрхэм нандин Алдар нэр Таныг, Хамгаас эртний Зам мөр Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас Магтаалт Таныг, Хамгаас Ариун Таныг, Хамгаас Гэгээн Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Нээгч Таныг, Зөвлөгч Таныг, Аврагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Анд нөхөр Таныг, Оточ эмч Таныг, Олзлогч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Алдар гавъяа Таныг, Гоо үзэсгэлэн Таныг, Буян хишигт Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамгаас илүү Итгэл хүлээсэн Таныг, хамгаас илүү Хайрлагч Таныг, Үүрийн гэгээн Эзэн Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Бадамлуулагч Таныг, Гэгээрүүлэгч Таныг, Баяр цэнгэл авчрагч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та болАнагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Буян хишгийн Эзэн тэнгэр Таныг, Бүхнийг Нигүүлсэгч Таныг, Бүхнийг Энэрэгч Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Тогтвортой тууштай Таныг, Амьдрал хайрлагч Таныг, ахуй биеийн Эх үүсвэр Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хамаг бүхэнд нэвтрэн шингэх увдистай Таныг, Бүхнийг Харагч Бурхан Таныг, Айлдварын Эзэн Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Илэрхий мөртлөө Нуугдмал Таныг, Үл үзэгдэгч мөртлөө Алдартай Таныг, хамаг бүхний хүсэн тэмүүлсэн Зорилго Таныг би дуудаж байна! Та бол Хангагч, Та бол Анагаагч, Та бол Үүрд мөнх билээ, Үүрд мөнх Та минь ээ!

Хайрлагчдыг хөнөөн хядагч Таныг би дуудаж байна, хорон санаатанд Хишиг буяны Бурхан минь ээ!

Хангагч минь, би Таныг дуудаж байна, Хангагч минь!

Анагаагч минь, би Таныг дуудаж байна, Анагаагч минь!

Үүрд мөнх оршигч минь, би Таныг дуудаж байна, Үүрд мөнх оршигч минь!

Та бол хэзээд үүрд мөнх оршигч билээ, Үүрд мөнх оршигч минь!

Бурхан минь, Та ариун гэгээн билээ! Буян хишиг ба адис ивээлийн тань үүд хаалгыг өргөн нээн энх мөнхийн сэнтий дээр Ариун гэгээн Сүмийг тань байгуулсан Таны өгөөмөр сэтгэлийг, бас Таны ивээл хишгийн ширээнд хамаг амьтныг урин залсан Таны энэрэл хайрыг, мөн Таны эрх хэмжээ ба сүр жавхлан нээгдсэн цаг мөчид ба Таны хүчит ноёрхол тодорсон үүрийн гэгээнээр тэнгэр диваажин хийгээд газар дэлхий дээр орших бүхний өмнөөс “Тийм ээ!” хэмээсэн Өөрийн үгээр Өөрөө Өөртөө хариулсан Таны энэрэнгүй сэтгэлийг царайчлан би хичээнгүйлэн гуйж байна. Түүнчлэн эдгээр нэн уянгалаг алдар нэрс, эдгээр нэн эрхэм төгс шинж чанар болон Таны нэн өргөмжит Дурсамж, Таны хир буртаггүй цэвэр ариун Гоо үзэсгэлэн, хамгаас нуугдмал асарт гэрэлтэх Таны нуугдмал Гэрэл гэгээ, өглөө үдэш бүр зовлон зүдгүүрийн өмсгөлийг өмссөн Таны Алдар нэрийг барин би дахин Танаас хичээнгүйлэн гуйя. Энэхүү адислагдсан Илгээлт бичгийг тээсэн хэнийг ч, түүнийг уншсан хэнийг ч, түүнд ойртон дөхсөн хэнийг ч, түүний орших орон гэрийг тойрон хүрээлсэн хэнийг ч болов хамгаалж хайрлана уу. Түүгээр дамжуулан өвчин эмгэгтэй, ядуу дорой хүн бүрийг зовлон бэрхшээл, гуниг шаналал, үгээгүй их гай гамшиг, уй гашуунаас нь анагаан илааршуулж, түүгээр дамжуулан Таны удирдамжийн замд орж, Таны өршөөл ивээлийн зам мөрийг дагахыг хүссэн хэнийг ч болов удирдан чиглүүлнэ үү.

Та бол үнэнхүү Хүчтэй, Бүхнийг Хангагч, Анагаагч, Хамгаалагч, Өглөгч, Нигүүлсэнгүй, Хамгаас Өгөөмөр, Хамгаас Энэрэлт билээ.

#10654
- Bahá'u'lláh

 

ӨВЧНӨӨС АНАГААХУЙ

Бурхан минь Таны алдар нэр болбоос намайг анагаагч, Таныг дурсан санах явдал бол намайг эдгээгч эм билээ. Танд ойр байх нь миний найдвар, Танд зориулсан хайр минь миний анд нөхөр билээ. Намайг энэрэх Таны нигүүлсэл бол намайг анагаагч бөгөөд энэ ба ирэх ертөнцөд намайг тэтгэгч билээ. Та бол үнэхээр Хамгаас буянтан, Хамгийг мэдэгч, Хамгаас мэргэн нь билээ.

#10650
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, Бурхан минь! Таны анагаах увдисын далай, Таны буян хишгийн Үүрийн Туяаны сүр жавхлан, хамаг шадар зарцыг номхруулагч Таны Алдар нэр, Таны хамгаас өргөмжит Үгийн гүн увдис ба Таны хамгаас ялгуусан Бийрийн гайхамшигт хүч чадал, газар дэлхий ба тэнгэр диваажинд орших бүхэн буй болохоос өмнө оршиж байсан Таны энэрэх сэтгэлээс хүсэх минь: Өөрийн өгөөмөр сэтгэлийн ариун рашаанаар хамаг зовлон, будлиан, сул дорой байдлыг надаас үүрд тонилгож хайрлаач.

Эзэн минь ээ! Таны буян хишгийн үүд хаалганы өмнө Таны ивээлийг хүсэн хүлээж суугаа түүнийг, Таны өгөөмөр сэтгэлийн олсноос атган Танд итгэл найдвараа даатгасан түүнийг Та харж байгаа билээ. Таны энэрэл хайрын далай, нинжин сэтгэлийн Үүрийн Туяаны гэрлээс хувь хүртэхийг хүсэж байгаа түүний хүслийг биелүүлэхээс бүү татгалзаач.

Та хүссэн бүхнээ хийх чадалтай билээ. Бүгдийг өршөөгч, Хамгаас Өгөөмөр сэтгэлтэй Танаас өөр Бурхан үгүй.

#10651
- Bahá'u'lláh

 

ӨГЛӨӨ

Бурхан минь, Эзэн минь! Би бол Таны шадар зарц, Таны шадар зарцын хүү билээ. Таны нэг нэгдмэл чанарын Үүрийн Цолмон Таны хүсэл тааллын Эх Булгаас гэрэлтэн гийж, Таны Зарлигийн Судар номонд айлдсаны дагуу гэрэл туяагаа бүхий л ертөнцөд цацсан энэ үүрийн гэгээнээр би орноосоо бослоо.

Бурхан минь, бид Таны эрдэм мэдлэгийн гайхамшигт гэрэлд гялбан сэрсэнд Танд талархан мөргөе. Эзэн тэнгэр минь, Танаас өөр бүхнийг умартаж, Танаас өөр хэнд ч уягдан хорогдохгүй байлгах тэр зүйлийг бидэнд илгээж хайрла. Түүнчлэн надад болон миний энхрий хайрт хүн бүрт, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй миний бүх төрөл төрөгсдөд энэ дэлхийн хийгээд ирээдүйн ертөнцийн сайн сайхныг хайрла. Бүхий л орчлонгийн Хайрт, бүх ертөнцийн Хүсэл мөрөөдөл болсон Та хүний сэтгэлд сэв суулгадаг хорон муу санааг шивнэгчдээс биднийг эндэшгүй хамгаалалтаараа хамгаалаач. Та хүссэнээ хийх чадалтай. Та үнэнхүү Хамгийн хүчтэн, Зовсон цагт Аврагч, Дангаар оршигч билээ.

Эзэн тэнгэр минь, хамгаас эрхэм дээд Өргөмжлөлөө хүртээсэн Түүнийгээ адислаж хайрлана уу. Та Түүгээр дамжуулан буян нүгэл хоёрыг ялган заагласан билээ. Таны санаж хүссэн бүхнийг хэрэгжүүлэхэд бидэнд тусалж хайрла. Бурхан тэнгэр минь, бас Таны Үг, Үсэг болсон тэднийг, мөн Танд нүүр царайгаа хандуулж, Таны дүр царай руу харцаа чиглүүлж, Таны дуудлагыг сонордсон тэднийг адислан ивээнэ үү.

Та үнэнхүү бүхий л хүмүүсийн Эзэн хаан, бүхнээс илүү хүч чадалтай билээ.

#10655
- Bahá'u'lláh

 

Бурхан тэнгэр минь, би Таны нөмөр халамжин дор сэрлээ. Таны нөмөр халамжийг эрэлхийлсэн хүн Таны хамгаалалтын ариун Шүтээн, Таны өмгөөллийн бат Цайзанд хорогдох заяатай билээ. Эзэн тэнгэр минь, Та Өөрийн ивээлийн өглөөний туяагаар миний гадаад төрхийг гийгүүлснийхээ адил Өөрийн Үүдэл нээлтийн гайхамшигт Үүрийн Туяагаар дотоод сэтгэлийг минь гийгүүлж хайрлана уу.

#10656
- Bahá'u'lláh

 

ГЭРЛЭЛТ

“Бахайн гэрлэлт бол хоёр хүний хоорондын эвийн холбоо бөгөөд элэгсэг нөхөрсөг сэтгэлийн харилцаа билээ. Гэхдээ тэд бие биеийнхээ зан араншинг сайтар таньж мэдэхийг туйлын ихээр чармайх хэрэгтэй юм. Энэхүү мөнхийн холбоосыг бат бөх гэрээгээр баталгаажуулах учиртай агаад үүний зорилго нь эв эе, хайр нөхөрлөл, эв нэгдлийг хөхүүлэн дэлгэрүүлж, өнө мөнхийн амьдралд хүрэх явдал болой.”

Абдул-Баха

“Китаб-и-Акдас”-т (Хамгаас Ариун Судар) заасны дагуу сүйт хархүү, бүсгүй хоёр Оюун Санааны Чуулгаас зөвшөөрсөн дор хаяж хоёр гэрчийн өмнө гэрлэлтийн тангараг болох дараах шад мөрийг ээлжлэн хэлнэ. Үүнд:

“Бид бүгдээр чухамхүү Бурханы хүсэл тааллыг дагана.”

Тэрээр Хишиг Хайрлагч, Буянтан билээ!

Өнө Эртний, Үүрд Орших, Хувиршгүй, Мөнхийн Бурханаа магтан дуулъя! Тэрээр үнэнхүү Цорын ганц, Тусгаар оршигч, Хязгааргүй чөлөөтэй, Өргөмжит болохоо Өөрийн Биеэр гэрчилсэн Нэгэн билээ. Бид чухамхүү Түүнээс өөр Бурхан үгүй гэдгийг гэрчилж, Түүний нэг нэгдмэл чанарыг хүлээн зөвшөөрч, Түүний цорын ганц болохыг наминчлан өгүүлж байна. Тэрээр Өөрийн эрхэмсэг дээд чанарын оргилд, Өөрөөс нь өөр хэний ч алдар дурсагдахаас ариуссан, Өөрөөс нь өөр хэний ч дүрслэлээс чөлөөтэй, хэний ч хүрч чадахааргүй тэр өндөрлөгт хэзээд оршиж ирсэн билээ.

Тэгээд хамаг амьтанд буян хишиг, өршөөл энэрлээ үзүүлэхийг хүсэж, дэлхий ертөнцөд эмх журам тогтоохыг хүсэхдээ Тэрээр дагаж мөрдөх ёс, хууль журмаа бүтээн нээсэн билээ. Тэдгээрийн дотор Тэрээр гэрлэлтийн хуулийг тогтоосон бөгөөд гэрлэлтийг сайн сайхан аж байдал ба авралын цайз болгож, Өөрийн Хамгаас Ариун Судартаа түүнийг бидэнд ариун дагшин тэнгэрээсээ доош илгээсэн болой. Тэрээр ийнхүү айлдсан бөгөөд Түүний алдар бадраг: “Аяа, хүмүүс ээ, Миний шадар зарц нарын дотор Намайг дурсан санах тэр хүмүүн та нарын дундаас төрөх болтугай хэмээн гэрлэцгээ. Энэ болбоос та нарт айлдах Миний зарлиг лүндэнгийн нэг бөлгөө, өөрсдөдөө ач тус болохын тулд түүнийг дагагтун.”

#10625
- Bahá'u'lláh

 

Тэрээр Бурхан билээ! Аяа, хосгүй Эзэн тэнгэр минь! Бүхнээс хүчит мэргэн ухаандаа Та энэхүү ээдрээт дэлхий ертөнцөд хүмүүсийн үр удам олон үе дамжин амьдарч, энэ дэлхий оршсоор байсан цагт тэд хэзээд Таны нэг нэгдмэл чанарын Босгоны өмнө мэндийн үг, итгэл бишрэл, ерөөл магтуутайгаар үйлчлэн зүтгэж, залбиран сүсэглээсэй гэсэндээ Та хүмүүст гэр бүл болохыг айлдсан билээ. “Намайг шүтэн бишрээсэй гэсэндээ Би сүнс ба хүмүүнийг бүтээсэн бөлгөө.”

Тиймээс Та Өөрийн хайрын үүрнээс гаралтай энэ хоёр шувууг Өөрийн энэрэл нигүүлслийн тэнгэрт гэрлүүлж, тэднийг ашид мөнхийн буян хишгийг татах арга хэрэгсэл болгож хайрлана уу. Чингэвээс хайрын энэ хоёр далай нэгдсэнээр энхрий зөөлөн сэтгэлийн давалгаа долгиолон бялхаж, өөрийн гүнээс амьдралын эрэг рүү цэвэр ариун, эрхэм сайхан сувдан эрдэнэсийг гаргамой.

“Тэрээр энэ хоёр далайг хооронд нь уулзуулахын тулд ундруулсан юм. Тэдний хооронд давж гаршгүй нэгэн саад тотгор буй. Тиймээс Эзэн тэнгэрийнхээ ямар хишгийг та нар үгүйсгэх юм бэ? Хишиг бүхнээсээ Тэрээр том жижиг сувдан эрдэнэсийг хайрладаг юм.”

Энэрэлт Эзэн тэнгэр минь! Энэ гэрлэлтийг шүр, сувд эрдэнэс гаргадаг болгож хайрлана уу. Та бол үнэхээр Хамгаас хүчтэй, Хамгаас агуу, Хэзээд өршөөнгүй билээ.

#10626
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Таны алдар бадартугай! Үнэнхүү Таны энэ шадар зарц, энэ шадар шивэгчин хоёр Таны энэрлийн сүүдэр дор цуглаж, Таны ивээл, өгөөмөр сэтгэлээр нэгдэн нийллээ. Эзэн тэнгэр минь! Өөрийнхөө энэ ертөнцөд болон Хаант улсдаа тэднийг дэмжин тусалж, Өөрийн буян хишгээр тэдэнд сайн сайхан бүхнийг заяаж хайрла. Эзэн тэнгэр минь! Таны төлөө зүтгэх үйлсд нь тэднийг батжуулж, Танд үйлчлэхэд тэдэнд туслаач. Тэднийг Таны ертөнцөд Таны Алдар нэрийн бэлэгдэл болгож, энэ дэлхий хийгээд ирээдүйн ертөнцөд шавхагдашгүй хишиг ивээлээрээ тэднийг хамгаалаач. Эзэн тэнгэр минь! Тэд Таны өршөөл энэрлийн хаант улсыг горилон, Таны хосгүйн орчлонг хүсэн залбирч байна. Тэд чухамхүү Таны зарлигийг мөрдөн гэр бүл боллоо. Он цагийн эцэс хүртэл эв эе, эв нэгдлийн бэлэгдэл болоход нь тэдэнд тусал. Та бол үнэнхүү Үлэмжийн эрх мэдэлт, Хаа ч оршигч, Хамгийн хүчтэй нь билээ!

#10627
- `Abdu'l-Bahá

 

ГЭРЭЭСЭНД ҮНЭНЧ

Эзэн тэнгэр минь, Таны замаар замнах бидний алхааг батжуулж, Танд дуулгавартай байх сэтгэл зүрхийг маань хатуужуулж хайрла. Таны гоо үзэсгэлэнт нэг нэгдмэл чанарын зүг биднийг хандуулан, Тэнгэрлэг Эв нэгдлийнхээ шинж тэмдгээр бидний цээжийг баясга. Буян хишгийнхээ өмсгөлөөр бидний биеийг чимэглэж, харцнаас маань нүглийн гивлүүрийг хуулан авч, гоо жавхааныхаа бумбанаас бидэнд хайрла, чингэвээс Таны сүр жавхлант дүрийг үзэн амьтан бүхэн бодь чанараараа Таны магтаалыг дуулах болно. Эзэн тэнгэр минь ээ! Үг, үсгээс хавьгүй өндөрт дүүлэх, зөвхөн үе авиаг бувтнах байдлаас халин одох мөргөл уншлагын маань ариун онгод бидний сэтгэлийг эзэмдэж, Таны сүр жавхлан нээгдэн илрэхүйд бүхий л зүйлс нэгдэн хов хоосон болон хувиртал Өөрийн ивээлт айлдвар ба Өөрийн тэнгэрлэг оршин тогтнолынхоо нууцаар Өөрийгөө илчил. Эзэн тэнгэр минь! Эд нар бол Таны Гэрээс, Таны Захиаст хатуу үнэнч хэвээр үлдэн, Таны Үйл хэрэгт тууштай үнэнч байхын олсноос чанга атгаж, Таны сүр жавхлангийн өмсгөлийн эмжээрээс бат зуурсан шадар зарц нар юм. Эзэн тэнгэр минь, ивээл хайраараа тэдэнд тусалж, хүч чадлаараа тэднийг бататгаж, Танд дуулгавартай тэдний бодь биеийг бэхжүүл. Та Өршөөн уучлагч, Буян ивээлт билээ.

#10622
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь, Итгэл найдвар минь! Таны хүчирхэг Гэрээст бат итгэлтэй байж, Таны илэрхий Үйл хэрэгт үнэнч хэвээр үлдэн Агуу гайхамшгийн Номондоо тэдэнд зориулж буулгасан зарлигуудаа хэрэгжүүлэхэд нь хайрт шавь нартаа тусалж, тэднийг удирдамжийн туг, дээдийн Чуулганы гэрэлт дэнлүү, Таны хязгааргүй мэргэн ухааны ундарга булаг, хурмаст тэнгэрээс доош гэрэлтэхдээ зөв чигийг заагч одод болгож хайрлаач. Та үнэнхүү Ялагдашгүй, Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй нь билээ.

#10623
- `Abdu'l-Bahá

 

Аяа, нигүүлсэнгүй Бурхан минь! Намайг сэрээж, ухааруулсанд Тандаа талархая. Та надад харах нүд, сонсох чих хайрлаж, намайг Өөрийн хаант улсад хөтлөн дагуулж, Өөрийн номын замд орууллаа. Та надад зөв замыг зааж, авралын хөлгөнд суухад минь тусаллаа. Бурхан минь! Намайг туйлбартай үнэнч болгож, зориг хатуужил хайрла. Намайг хатуу ширүүн сорилтоос хамгаалж, Гэрээс Захиасынхаа бат бөх цайзанд хорогдуул. Та үнэнхүү Хүчтэн. Та бүхнийг Харагч, Та бүхнийг Сонсогч билээ.

Нигүүлсэнгүй Бурхан Та минь ээ! Таны хайрын гэрлийг шил мэт тольдон тусгах тунгалаг сэтгэл зүрхийг надад хүртээж, тэнгэрлэг хишгийн тань ундралаар энэ ертөнцийг сарнай цэцгийн хүрээлэн болгон хувиргах чадалтай бодол санааг надад хайрлаач. Та бол Нигүүлсэнгүй, Энэрэнгүй билээ. Та Агуу их буянт Бурхан билээ.

#10624
- `Abdu'l-Bahá

 

Жирэмсэн эхчүүдэд зориулсан мөргөл

Эзэн тэнгэр минь, Эзэн тэнгэр минь! Өөрийн өчүүхэн шадар шивэгчиндээ, Танд сөгдөн өршөөл гуйж буй шадар зарцдаа хүртээсэн энэ их хишигт тань Таныгаа магтаж, Тандаа талархал айлдъя. Учир нь Та түүнийг Өөрийн эргэлзэшгүй Хаант улсын зүг бат чиглүүлж, ээдрээт энэ ертөнцөд Өөрийн тань өргөмжит Дуудлагыг сонсож, юм бүхний ялгуусан эзэн болохын тань Бэлэгдэл нотолгоог олж харахад тусалсан билээ.

Эзэн тэнгэр минь, хэвлийдээ байгаа энэ үрээ Тандаа зориулан даатгая. Та хайр хишиг, өгөөмөр сэтгэлдээ түүнийг багтаан Таны Хаант улсад сайшаал магтаал хүртэх, Таны боловсролын ивээл доор өсөн хүмүүжих буян заяатай хүүхэд болгоно уу. Та болбоос үнэнхүү Гоо жавхлант, үнэнхүү Агуу ивээлт Эзэн билээ!

#10718
- `Abdu'l-Bahá

 

ЗАЛУУС

Эзэн тэнгэр Бурхан минь, Таны алдар бадартугай! Өөрийн энэ цаг үед намайг дуудан хүн болгож, Өөрийн хайр ба эрдэм мэдлэгээ надад хүртээн хайрласанд Тандаа талархал өргөе. Танд ойртсон тэдгээр шадар зарц нарынхаа зүрх сэтгэлийн эрдэнэт сангаас Өөрийн мэргэн ухаан ба айлдварын тансаг сайхан сувд эрдэнэсийг илрүүлэн гаргасан, мөн Хамгаас Энэрэнгүй хэмээх Өөрийн нэр алдрын Үүрийн Туяаны гэрэл гэгээг тэнгэр диваажин ба газар дэлхий дээрх хамаг амьтанд цацсан тэр алдар нэрийг тань барин надад Өөрийн гайхамшигт нууцат буян хишгээ уужим өгөөмөр сэтгэлээрээ хайрлахыг би танаас хичээнгүйлэн гуйя.

Бурхан минь, Өөрийн эрин цагийн өдрүүдтэй Таны холбосон миний амьдралын цэл залуу насны өдрүүд энэ мөн билээ. Ийм агуу буян заяагаа надад Та нэгэнт хайрласан учраас Өөрийн сонгомол шавь нартаа айлдан соёрхсон тэдгээр зүйлсээ надаас бас бүү татгалзаач.

Бурхан минь, би бол Таны хайрын хөрсөнд суулгаж, Таны буян хишгийн мутраар соёлон ургасан өчүүхэн жижиг үр билээ. Тиймээс энэхүү үр Таны энэрэл нигүүлслийн рашаан ус, Таны өгөөмөр буян хишгийн оргилуун ундаргаас хүртэхийг бүхий л бие сэтгэлээрээ хүсэмжлэн тэмүүлж байна. Таны ордны хүрээлэн дотор Таны сүүдэр дор цэцэглэн дэлгэрэхэд нь туслах тэр зүйлийг Өөрийн хайр халамжийн тэнгэрээс илгээж хайрлана уу. Таныг тань таньж мэдсэн бүхий л хүмүүсийн зүрх сэтгэлийг Өөрийн яндашгүй арвин голын урсгал, амьдрал хайрлагч рашаан усны ундаргаар ундаалдаг Тэрээр Та чухамхүү мөн билээ. Бүх хорвоо ертөнцийн Эзэн Бурхан тэнгэрээ магтан өргөмжилье.

#10628
- Bahá'u'lláh

 

Бурхан минь ээ! Энэ залууг баясгалантай болгож, энэ хөөрхий амьтанд Өөрийн хишгээ хайрлаач. Түүнд эрдэм мэдлэг хүртээж, өглөө бүр хүч нэмж, ивээл хамгаалалтынхаа нөмөр дор хамгаалж хайрлаач. Чингэвээс тэрээр алдаа эндэгдлээс ангижирч, Таны Үйл хэрэгт үйлчлэхэд өөрийгөө үнэнчээр зориулж, төөрөлдөгсдийг зөв замд оруулж, азгүйчүүдийг удирдаж, хоригдогсдыг чөлөөлж, хайхрамжгүйчүүдийг сэрээж, улмаар бүгд Таныг дурсаж, магтан өргөмжилдөг болоход нь тусалж чадна. Та бол Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй нь билээ.

#10629
- `Abdu'l-Bahá

 

Энэрэлт Бурхан минь ээ! Эдгээр дэгдээхэйнүүдэд хурмастын хос жигүүр хайрлаж, хязгааргүй орон зайд нисч, Абха-н Хаант улсын өндөрлөг хүртэл дүүлэхэд нь оюун санааны хүч чадал өгөөч.

Эзэн тэнгэр минь! Эдгээр эмзэг нахиануудыг бэхжүүлж, цэцэглэн дэлгэрсэн үр жимстэй мод болон ургахад нь тусалж хайрла. Алдаа дутагдал, харанхуй мунхагийн хүчнүүдийг бут цохиж, хүмүүсийн дунд эв нөхөрлөл, удирдамжийн туг далбааг намируулахад нь тусалж, хаврын амьдрал сэргээгч цэнгэг агаарын адил хүмүүсийн зүрх сэтгэлийн моддыг сэргээн амьдруулж, хаврын анхны бороо шигээр тэрхүү нутгийн нуга хөндийг ногооруулан үржил шим хайрлахад нь дэмжиж эдгээр хүмүүсийг Өөрийн хурмастын сүнснүүдийн хүч чадлаар ялалтанд хүргэнэ үү.

Та бол Хамгаас хүчтэй, Хамгаас чадалтай. Та бол Хишиг хүртээгч, Бүхнийг Хайрлагч билээ.

#10630
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Та болбоос хүмүүсийн гэрэлт мөн чанарыг Өөрийн сүр жавхаагаар гэрэлтүүлж, тэдэнд эрдэм мэдлэг, удирдамжийнхаа гялбам гэрэл гэгээг тусган тэднийг энэхүү эрхэм дээд буян хишигт зориулан хамаг амьтдаас онцолсон бөгөөд бүх л зүйлсийн дотоод мөн чанарыг ойлгож, нууцсыг нь тайлж, харанхуйн гүнээс нүдэнд үзэгдэх ертөнцөд ил гарган илрүүлэх чадварыг тэдэнд олгосон билээ! "Тэрээр үнэнхүү Өөрийн онцгой энэрлийг Өөрийн хүссэн бүрт л хүртээдэг болой."

Эзэн тэнгэр минь, хайрт шавь нартаа эрдэм мэдлэг ба шинжлэх ухаан, урлаг соёлын боловсролыг эзэмшиж, бүхий л бодгаль зүйлсийн дотоод мөн чанарт хадгалаастай нууцсыг тайлан нээхэд нь туслаач. Хамаг бүхний зүрхэнд сийлэгдэн бичигдсэн нуугдмал үнэнийг сонсоход нь тэднийг дэмжинэ үү. Тэднийг хамаг амьтны дотор удирдамжийн туг далбаа болгож, энэхүү "анхдагч амьдрал"-д гэрэл гэгээг түгээн цуцагч оюун ухааны нэвтлэгч цацраг туяа болоход нь тэдэнд тусална уу. Тэднийг Танд хөтлөх замд удирдагч нар, Таны замналд хөтөч нар, Таны Хаант улс руу хүмүүсийг урин залах зар түгээгч нар болгож хайрлана уу.

Та бол үнэнхүү Хүчирхэг, Хамгаалагч, Чадалтан, Өмгөөлөгч, Сүр хүчит, Хамгаас Өгөөмөр билээ.

#10631
- `Abdu'l-Bahá

 

Аяа, элэгсэг Эзэн тэнгэр минь! Орчлонгоос ангижрахуйн тэнгэрийн хаяанаас Та гэрэлт саран лугаа адил зүрх сэтгэлийн орчлонд гэрэл туяа тусгаж, оршихуйн ертөнцийн шинж чанараас өөрсдийгөө чөлөөлж, өнө мөнхийн хаант улс руу яаравчлан дүүлсэн хүмүүсийг илрүүлэн тодруулсан билээ. Өөрийн хайр халамжийн далайн дуслаар Та тэдний зүрх сэтгэлийг юутай ч зүйрлэхээргүй тийм цэнгэг ариун, гоо төгөлдөр болтол нь дахин дахин дэвтээн ариусгасан билээ. Таны тэнгэрлэг эв нэгдлийн ариун тансаг үнэр хөндлөн гулд тархаж, анхилуун урь салхи нь бүхий л дэлхий ертөнцөд цацагдаж, газар дэлхийн бүс нутгуудыг тансаг сүрчигт нь автуулсан билээ.

Тиймийн учир Ариун нандины сүнс сүлд минь Та минь ээ, тэдгээр ариун гэгээн биесийн адилаар ариун нандин, эрх чөлөөтэй байдлыг олж, ахуйн ертөнцийг цоо шинэ хувцсаар гоёж, гайхамшигтай дээлээр нөмөрч, Танаас өөр хэнийг ч үл эрэлхийлдэг, Таны хүсэл таашаалын замаас өөр бусад замаар замнаагүй, Таны Үйл хэргийн нууцсаас өөр юуны ч тухай ярьж хөөрдөггүй тийм хүмүүсийг төрүүлж хайрла.

Аяа, элэгсэг Эзэн тэнгэр минь! Энэ залууд ариун гэгээнтнүүдийн хамгийн дээдээр хүсч тэмүүлсэн тэр зүйлд хүрэхэд нь тусалж хайрлана уу. Түүнд Өөрийн тэтгэн бэхжүүлэгч гоо жавхлангийн жигүүр болох ангижрал ба тэнгэрлэг тусламжийн жигүүрийг хайрлана уу. Чингэснээр тэрээр Таны элэгсэг зөөлөн хайр энэрлийн агаарт дүүлэн нисэж, Таны хурмастын адис хишгээс хүртэх боломжийг олж, тэнгэрлэг удирдамжийн бэлэг тэмдэг ба дээд тэнгэрийн Чуулганы туг далбаа болох болтугай. Та бол Хүчирхэг, Чадалтай, Бүхнийг Харагч, Бүхнийг Сонсогч билээ.

#10632
- `Abdu'l-Bahá

 

Аяа, элэгсэг Эзэн тэнгэр минь! Хаант улсын иргэн энэ охинд хурмастын адис баталгаа хайрлаж, Таны Үйл хэрэгт хатуу үнэнч хэвээр үлдэхэд нь эелдэг хайраараа туслаач. Чингэвээс тэрээр ид шидийн сарнайн цэцэрлэг дэх алтан гургалдайн адилаар туйлын гайхамшигтай өнгө аясаар Абха-н Хаант улсын дуу аялгууг эгшиглүүлж, хүн бүхэнд аз жаргал хайрлах болно. Хаант улсын охид дотроос түүнийг өргөмжлөн мандуулж, мөнхийн амьдралд хүрэхэд нь дэмжин тусална уу. Та бол Хишиг Хайрлагч, Бүхнийг Хайрлагч билээ.

#10633
- `Abdu'l-Bahá

 

Таныг магтан алдаршуулъя, Эзэн тэнгэр Бурхан минь ээ! Энэ бол Таны хайрын нугад тарьж ургуулан Эзэн тэнгэр Таны мутраар торниулсан шилмэл зулзаган мод билээ. Та түүнийг Өөрийн нэг нэгдмэл чанарын цэцэрлэгээс эх авсан өнө мөнх амьдралын булгийн ариун усаар тордон усалж, Өөрийн зөөлөн энэрэнгүй сэтгэлийн үүлэн дундаас буух хайр хишгийн хур бороогоор ундаалсан билээ. Тэрээр одоо өсөн ургаж, Таны тэнгэрлэг мөн чанарын Үүрийн туяагаар тодорсон Таны адис ивээлийн нөмөр дор бойжин хөгжжээ. Түүнээс навч нахиа, дэлбээ урган гарсан бөгөөд тэрээр Таны гайхамшигт хишиг буяны зөн билгийн ачаар үр жимсээр дүүрч, Таны хайр халамжийн зүг чигт сэвэлзэх анхилуун зөөлөн сэвшээнд уяран найгаж байна.

Эзэн тэнгэр минь ээ! Өөрийн мөнхийн Хаант улсын ариун дагшин асрыг ариусган гийгүүлж, дахин нэгдэхийн талбарт эв нэгдлийн мөн чанарыг чимэглэсэн Өөрийн онцгой буян ивээлийн ундаргаар энэхүү зулзаган модыг ногооруулан тордож, улам цэцэглүүлэн дэлгэрүүлнэ үү.

Эзэн тэнгэр минь ээ! Өөрийн үл үзэгдэгч Хаант улсаас гаралтай тэтгэн бэхжүүлэгч буян хишгээрээ түүнд тусалж, шадар зарц нарын тань мэлмийд үл харагдах нуугдмал сүнснүүдийн тусламжтайгаар түүнийг дэмжээч, улмаар Таны өмнө өлмий нь бат орших болтугай. Таныг дурсан санаг хэмээн түүний ам хэлийг чөлөөлж, Таныг магтан дуулаг гэж зүрх сэтгэлийг нь баясгана уу. Өөрийн Хаант улсад түүний нүүр царайг гэрэлтүүлж, дээд тэнгэрийн орчлонд хөгжин цэцэглэхэд нь тусалж, Таны Үйл хэрэгт үйлчлэн зүтгэхэд нь түүнийг элэгсэг хайраараа бэхжүүлнэ үү.

Та бол Бүхнээс хүчтэй, Хамгаас Гоо жавхлант, Хүчирхэг нь билээ.

#10634
- `Abdu'l-Bahá

 

МАГТААЛ БА ТАЛАРХАЛ

Бурхан минь, яруу алдар, агуу гайхамшиг, суу билэг, алдар гавъяа, ноёрхол, эрх хэмжээ, цог жавхлан, ивээл хайр, сүр хүч бүхний Эх булаг болсон Тандаа магтаал бүхнээ зориулъя. Та хүссэн хүнээ Хамгаас агуу Далайдаа ойртуулж, хүссэн хүндээ Та Өнө эртний Алдар нэрээ таних буян хишгийг хүртээдэг болой. Газар дэлхий хийгээд тэнгэр диваажинд байгаа хэн бүхэн дотроос Таны ноёрхогч Хүсэл зоригийн хэрэгжилтийг сөрөн зогсож чадах хэн ч үгүй билээ. Мөнхийн мөнхөд Та орчлон хорвоог бүхэлд нь захиран жолоодож ирсэн, хойшид ч Та хамаг амьтанд үүрд ноёрхсоор байх болно. Хамгийг чадагч, Хамгаас өргөмжит, Бүхнээс хүчирхэг, Бүхнээс Мэргэн Танаас өөр Бурхан үгүй.

Эзэн минь, шадар зарц нарынхаа нүүр царайг Таныг хардаг болгон гийгүүлж, Таны тэнгэрлэг ивээлийн орд руу хандан Таны Бие Чанарын Тодруулал, Таны Мөн Чанарын Эх булаг болсон Түүнийг танин мэддэг болгон сэтгэл зүрхийг нь ариусгаач. Та үнэнхүү бүх хорвоо ертөнцийн Эзэн билээ. Хязгааргүй эрх мэдэлт, Бүхнийг номхотгогч Танаас өөр Бурхан үгүй.

#10635
- Bahá'u'lláh

 

Бурхан Эзэн минь! Таны Алдар нэр бадартугай! Хамаг амьтан Таныг шүтдэг, харин Та хэнийг ч үл шүтнэ. Та хамаг амьтны Эзэн хаан учир хэний ч зарц боол биш билээ. Та бүгдийг мэддэг боловч харин хэн ч Таныг таньж үл мэднэ. Та хамаг амьтанд Өөрийгөө таниулж мэдүүлэхийг хүссэн тул Өөрийн амнаас гаргасан ганцхан үгээрээ орчлон хорвоо, замбуулин ертөнцийг бүтээсэн билээ. Хамгийг Сэдэгч, Бүтээгч, Хамгийг Чадагч, Хамгаас Хүчтэй Танаас өөр Бурхан байхгүй.

Таны санаа хүслийн тэнгэрийн хаяанаас дээш гэрэлтэж туяарсан энэ үгийг ашиглан Танаас сөгдөж гуйх минь: цаг ямагт, аливаа нөхцөлд Таны зүг нүүр царайгаа хандуулахсан хэмээн хүсэж Таны шилж сонгосон хүмүүсийг зүрхийг амьдруулж, Таныг хайрлан бишрэгчдийн сүнс сэтгэлийг нь сэргээсэн мөнхийн амьд рашаанаасаа ханатлаа уух боломжийг надад хүртээж хайрлана уу.

Та агуу хүч, яруу алдар, буян хишгийн Бурхан билээ. Дээд Удирдагч, Хамгийн Гайхамшигт, Бүхнийг Мэдэгч Танаас өөр Бурхан байхгүй.

#10636
- Bahá'u'lláh

 

МУТАРУУД

Бурханы Үйл хэргийн Мутаруудад гэрэл гэгээ, сүр жавхлан, баяр мэндчилгээ, магтаал сайшаал бүхнээ өргөнөм. Тэдний ачаар зориг хатуужлын гэрэл цухуйн асч, аливааг сонгон шийдэх эрх мэдэл бол Бүхнээс хүчирхэг, Бүхнээс чадалтай Бурханд байдаг хэмээх үнэн тогтож, буян хишгийн далай давалгаалж, хүн төрөлхтний Эзэн Бурханы адис ивээлийн анхилуун үнэр тархсан билээ. Өөрийн сүнснүүдийн хүч чадлаар тэднийг хамгаалж, Өөрийн ноёрхлын увдисаар тэднийг өмгөөлж, хамаг амьтныг номхотгосон Өөрийн ялагдашгүй сүр хүчээр тэдэнд туслахыг бид Түүнээс хичээнгүйлэн хүснэм.

Түүний алдар бадартугай. Хязгааргүй их эрх хэмжээ бол тэнгэр диваажинг Бүтээгч, Алдар нэрсийн Хаант улсыг захирагч Эзэн тэнгэр Бурханых билээ.

#10621
- Bahá'u'lláh

 

НАС НӨГЧИГСДӨД ЗОРИУЛСАН МӨРГӨЛ

Эзэн тэнгэр минь, Таныгаа магтан бахадъя! Мөнхийн дээд эрх мэдлийн хүчээрээ өргөмжилсөн түүнийгээ бүү доройтуулаач, ашид мөнхийн өргөөндөө ойртоход нь тусалсан түүнийгээ Өөрөөсөө бүү холдуулаач. Эзэн тэнгэр Таны Сүр хүчинд автагдсан түүнийг Та Өөрөөсөө зайлуулна гэж үү, Бурхан минь? Таны ивээл дор хорогдсон түүнийг Та Өөрөөсөө хөндийрүүлнэ гэж үү, Хүсэл минь? Өөдлөн дэвжихэд нь тусалсан түүнийгээ Та орхин хаяна гэж үү, Өөрийг тань дурсан санадаг болоход нь тусалсан түүнийгээ Та мартаж чадна гэж үү?

Таны алдар нэр хэмжээлшгүйгээр бадартугай! Хамаг амьтны хаан, Гол Хөдөлгөгч нь өнө эртнээс Та байсан, хамаг амьтны Эзэн тэнгэр, тэднийг Захирагч нь Та үүрд байх болно. Бурхан тэнгэр минь, Таны алдар нэр бадартугай! Шадар зарц нартаа Та л нигүүлсэнгүй байхаа зогсох юм бол тэдэнд нигүүлсэл хайр үзүүлэх өөр хэн байх билээ? Хайрт шавь нараа тэтгэхээс Та л татгалзах аваас тэднийг авран тэтгэх хэн байх билээ?

Таны алдар нэр хэмжээлшгүйгээр бадартугай! Үнэнийхээ төлөө Та хайрлан бахдуулсан бөгөөд чухамдаа Таныг л бид бүгдээр шүтэн биширнэ. Шударга ёсныхоо илрэлээр Та тодорсон бөгөөд чухамдаа Таны өмнө л бид бүгдээр гэрч болно. Үнэнхүү Та Буян ивээлээрээ бишрэл хайрыг хүлээсэн билээ. Зовлонд нэрвэгдэгсдийн аврал, Дангаар оршигч Танаас өөр Бурхан үгүй.

#10637
- Bahá'u'lláh

 

Хамаг нүглийг арилгагч, хишиг хайрлагч, гуниг зовлонг гэтэлгэгч Бурхан минь ээ! Биет ертөнцөөс хальж, оюун санааны ертөнц өөд халин одогсдын нүгэл гэмийг арилгаж өгөхийг Танаас сөгдөн гуйнам, би.

Эзэн тэнгэр минь, тэдний гэмийг цагаатгаж, уй гашууныг тонилгож, амьдралын харанхуйг гэрэлтүүлж өгөхийг гуйнам, би. Тэд нарыг аз жаргалынхаа цэцэрлэгт оруулж, хамгийн ариун рашаан усаар ариутгаж, хамгийн сүрлэг уулын орой дээр Таны сүр жавхланг ширтэн харах буяныг тэдэнд хүртээхийг залбиран гуйнам, би.

#10638
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь! Бурхан минь! Үнэнхүү Таны тэнгэрлэг эрхэм дээд засгийн өмнө номхрон хүлцэж, Таны нэг нэгдмэл чанарын үүдийн өмнө бөхийн сөгдсөн Таны шадар зарц хүмүүн, Танд болон, Таны найраг үгэнд итгэж, Таны айлдвар сургаалыг батлан гэрчилж, Таны хайрын галаар асан бадарч, Таны суу мэдлэгийн далайн гүнд умбаж, Таны сэвшээ салхинд татагдаж, Танд түшин найдаж, Тань руу нүүр царайгаа хандуулан, Танд залбиран мөргөж, Таны өршөөл хайрд итгэн найдсан билээ. Тэрээр энэ насныхаа үхэлт амьдралыг орхиж, өнө мөнхийн оронд Тантай учрах завшааныг эрэлхийлэн нисэн одлоо.

Эзэн тэнгэр минь, Түүний байр суурийг өргөмжлөн мандуулж, Өөрийн эрхэм дээд өршөөлийн асар дор багтаан, Өөрийн ялгуусан диваажинд түүнийг дуудан оруулж, тансаг сарнайн цэцэрлэгтээ мөнх орших заяаг түүнд хайрлаж, улмаар үл тайлагдах нууцат ертөнцдөө гэрэл гэгээний далайд шумбуулна уу.

Та бол үнэнхүү Өгөөмөр, Хүчирхэг, Уучлан өршөөгч, Хишиг хайрлагч мөнөөс мөн болой.

#10639
- `Abdu'l-Bahá

 

Нялх хүүхэд

Бурхан минь ээ! Таны алдар нэрийг дурсвал өвчтэй хүн эдгэрч, өвдөж шаналсан хүн анагаагдаж, цангасан нэгний цангаа гарч, гаслантай хүн тайтгарч, төөрсөн нэгэн зөв замд орж, доромжлогдсон хүний алдар сэргэж, үгээгүй ядуу баян болж, мунхаг харанхуй хүн гэгээрч, уйтгар гунигтай нэгэн гийн мишээж, уй гашуутай хүн баярлаж, даарч хөрсөн нь дулаацаж, дарамтлагдсан нэгэн зориг ордог билээ. Бурхан минь ээ! Таны алдар нэр хамаг амьтныг амилуулж, тэнгэр диваажинг байгуулан газар дэлхийг бүтээж, тэнгэрт үүлсийг хуруулж дэлхий дээр хур бороо оруулсан билээ. Энэ нь үнэхээр хамаг амьтанд хүртээсэн Таны өгөөмөр сэтгэлийн бэлэг тэмдэг билээ.

Өөрийн бурханлаг чанарыг илэрхийлж, Өөрийн Үйл хэргийн бүх л орчлонд өргөмжилсөн алдар нэрийг тань, мөн Таны хамгаас гайхамшигт, хамгаас ялгуусан шинж чанар бүрийг тань болон Өөрийн хамгаас өргөмжит хосгүй Биеэ магтан дуулсан буянт чанаруудыг тань барин би хүсэх минь: Өөрийн бүтээлт орчлонгийн оронд хамгаас ялгуусан Өөрийн бие чанартай холбосон энэхүү нялх амьтныг анагаан эдгээх хур бороог энэрэл хайрынхаа үүлэн дундаас энэ шөнө илгээнэ үү. Бурхан минь, Өөрийн гоо жавхлангийн увдисаар түүнийг сайн сайхан аж байдал, эрүүл энхийн баринтгаар өлгийдөж, түүнийг зовлон бэрхшээл, эмх замбараагүй явдал, Өөрт тань үл таалагдах бүхнээс хамгаалж соёрхоно уу, хамгаас Хайрт Бурхан минь. Таны хүч увдис үнэнхүү бүхий л зүйлсийг даван дийлэх чадалтай билээ. Та бол үнэнхүү Хамгийн хүчирхэг, Дангаар оршигч юм. Бурхан минь, түүнд энэ ба дараачийн ертөнцийн сайн сайхныг хайрлаж, өнгөрсөн ба ирээдүйн буяныг болгоон соёрх. Таны хүч чадал ба Таны мэргэн ухаан бол үнэнхүү үүнийг хийх чадалтай билээ.

#10653
- Bahá'u'lláh

 

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ

Надад сэвгүй ариун сэтгэл хүртээж хайрлана уу, Бурхан минь, надад Та уужуу тайван ухамсрыг суулгаж хайрлана уу, Итгэл Найдвар минь! Өөрийнхөө хүч чадлын увдисаар дамжуулж намайг Өөрийн Үйл хэрэгт баттай үнэнч болгож хайрлана уу, Хамгаас Хайрт минь, Яруу алдрынхаа гэрлээр Өөрийн замыг надад нээн гийгүүлж хайрлана уу, Миний хүсэл эрмэлзлийн Зорилго болсон Та минь ээ! Тэнгэрлэг төгс сүр хүчээрээ Өөрийн ариун нандин диваажин хүртэл намайг өргөн өндийлгөөч, Миний оршин тогтнохын Үндэс болсон Та минь, өнө мөнх амьдралын сэвшээ салхиар миний сэтгэлийг баясгаж хайрлаач, Миний Бурхан Та минь ээ! Таны ашид үүрдийн аялгуу надад тайван амарлингуй байдлыг олгох болтугай, Миний дотны Хань минь. Өөрийн өнө эртнийн баялаг дүр царайгаар намайг Өөрөөс тань өөр бүхнээс ангижруулж хайрлана уу, Эзэн минь. Таны гандан бууршгүй Мөн Чанар тодрон нээгдсэн тухай мэдээ надад баяр хөөр авч ирэх болтугай, хамгийн их илэрхий, хамгийн их нууц Та минь ээ!

#10641
- Bahá'u'lláh

 

Эзэн тэнгэр минь! Өөрийн Гоо үзэсгэлэнг миний балин идээ, Өөрийн оршин байгаа ахуйг миний ундаа, Өөрийн цэнгэл таашаалыг миний итгэл найдвар, Таны магтууг миний үйл ажиллагаа, Таныг санаж дурсах явдлыг миний амьдралын хань, Таны хязгааргүй эрх мэдлийг миний хамгаалагч, Таны орд харшийг миний орон гэр болгож хайрлаач. Миний амьдарч буй гэр орныг Танаас гивлүүрээр мэт халхлагдан холдсон тэдэнд ногдуулсан хязгаарлагдмал байдлаас ариуссан суудал болгож хайрлаач.

Чухамхүү Та бол Хамгийг Чадагч, Хамгаас Гайхамшигт, Хамгийн Хүчирхэг нь билээ.

#10642
- Bahá'u'lláh

 

Тэрээр Гоо жавхлант, Хамгаас Буян хишигт билээ! Бурхан минь, Бурхан минь! Таны дуудлага намайг урин татаж, Таны Яруу Алдарын дуу хоолойг намайг сэрээсэн билээ. Таны ариун айлдварын ундрага намайг уяруулан бишрүүлж, Таны онгод ивээлийн ариун дарс сэтгэлийг минь эзэмдсэн билээ. Эзэн тэнгэр минь, Танаас өөр бүхий л зүйлсээс ангижирч, Таны буян хишгийн олсноос зүүгдэж, Таны гоо жавхлагийн гайхамшгийг хүсэн горилсон байхыг минь Та харж байгаа билээ. Намайг Танд ойртуулж, Таны баялгаар элбэг баян болох тэр зүйлийг надад хайрлахыг Таны хайр халамжийн мөнхийн давалгаа ба Таны эелдэг зөөлөн ивээл тусламжийн цацарсан гэрлийг барин Танаас гуйя. Миний хэл, миний бийр, миний бүхий л бие Таны хүч, Таны чадал тэнхээ, Таны гоо жавхлан ба Таны буян хишгийг, Таныг Бурхан гэдгийг, мөн Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч Танаас өөр Бурхан үгүй гэдгийг гэрчилнэм.

Бурхан минь, өөрийн өрөвдөлтэй дорой байдал ба Таны сүр хүчийг, өөрийн өчүүхэн сул дорой байдал ба Таны хүч чадлыг энэ мөчид гэрчилье. Надад чухам юу ач тус болох, чухам юу сүйрэл доройтол авчрахыг би үл мэднэ, харин Та бол үнэнхүү Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн ухаантан билээ. Эзэн тэнгэр Бурхан минь, Эзэнтэн минь, Таны мөнхийн зарлигийг даган түүгээр сэтгэл хангалуун явахад минь, Таны ертөнц бүхэнд хөгжин цэцэглэхэд минь туслах тэр зүйлийг надад айлдан лүндэн болгоно хайрлана уу. Та бол үнэндээ Гоо жавхлант, Буян хишигт билээ.

Эзэн тэнгэр минь! Эрдэнэс баялгийнхаа далай болон энэрэл ивээлийнхээ тэнгэрээс намайг бүү холдуулаач, надад энэ ба хойд ертөнцийн буяныг айлтган хайрлана уу. Чухамхүү Та бол тэнгэр диваажин дахь энэрэл өршөөлийн суудалд залрагч Эзэн тэнгэр мөн билээ. Цорын ганц, Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн ухаантан Танаас өөр Бурхан байхгүй.

#10643
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, хайрт шавь нартаа шударга ёсны өмсгөл өмсүүлж, тэдний ахуй биесийг итгэл даах үнэнч чанарын гэрлээр гийгүүлж хайрлахыг Таны Алдар нэрийн бүхий л сүр жавхланг барин Танаас хичээнгүйлэн гуйя. Та бол хүссэн бүхнээ хийх чадалтай Нэгэн бөгөөд нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхий л зүйлсийг гартаа атгасан билээ.

#10644
- Bahá'u'lláh

 

Бурхан минь! Бурхан минь! Энэхүү шадар зарц Танд ойртон тэмүүлж, Таны хайрын цөлд оргилуун хүсэл дүүрэн хэсүүчилж, Танд үйлчлэх буяны замаар алхалж, Таны ач тусыг горьдон Таны ивээл буяныг хүсэмжлэн, Таны хаант улсад итгэл найдвараа даатгаж, Таны бэлэг хишгийн дарсанд мансууран явна. Бурхан минь! Таныг бишрэх бадрангуй сэтгэл, Таныг магтан дуулах тууштай итгэлийнх нь илч халууныг нэмэгдүүлж, Таныг хайрлах хайрынх нь хүчийг зузаатгаж хайрлана уу.

Үнэнхүү Та бол Хамгаас Өгөөмөр, хэмжээлшгүй их гоо жавхлант Эзэн тэнгэр билээ. Танаас өөр Өршөөн хэлтрүүлэгч, Энэрэн хайрлагч Бурхан үгүй.

#10645
- Bahá'u'lláh

 

Эзэн тэнгэр минь! Эзэн тэнгэр минь! Энэ бол Таны хайрын галаар асаж, Таны энэрэл нигүүлслийн модонд ноцсон галын дөлөөс бадарсан зул билээ. Эзэн тэнгэр минь! Таны Тодруулагчийн Синайд ассан галаар түүнийг улам дүрэлзүүлж, түүний халуун илч дөлийг улам бадраагтун. Үнэнхүү Та бол Бататгагч, Туслан дэмжигч, Бүхнээс хүчтэн, Өгөөмөр бөгөөд Энэрэн хайрлагч билээ.

#10646
- Bahá'u'lláh

 

Өнө мөнх чанарынхаа тансаг үнэртэй горхиноос надад ус хайрлаач, Бурхан минь, Өөрийн ахуйн модны жимснээс надад амсуулаач, Итгэл найдвар минь! Энэрэл хайрын болор тунгалаг булгаасаа уухыг зөвшөөрөөч, Яруу алдарт минь, үүрд орших зөн билгийнхээ сүүдэр дор суух боломжийг хайрлаач, Гэрэл гэгээ минь! Танд ойр байгаа нутгийн тал нугад Таны дэргэдүүр хэрэн хэсүүчлэх хүч тэнхээг олгоно уу, Хайрт минь, энэрэл өршөөлийнхөө сэнтийн баруун гар талд намайг суулгаж хайрлана уу, Хүслэн минь! Өөрийн баяр цэнгэлийн анхилуун үнэрт салхиараа намайг үлээнэ үү, Зорилго минь, Өөрийн бодит байдлын диваажингийн оронд нэвтрүүлэн оруулна уу, Бишрэл шүтээн минь! Таны нэг нэгдмэл чанарын тагтааны аялгууг надад сонордуулаач, Гойд сайхан минь, Өөрийн хүч чадлын увдисаар намайг амьдруулаач, Хангагч минь! Хайр ивээлийнхээ сүнс сүлдээр намайг туйлбартай болгож хайрлаач, Тэтгэгч минь, Өөрийн хүсэл таашаалын замаар миний хөлийг бат гишгүүлж хайрлана уу, намайг Бүтээгч минь! Өнө мөнхийн цэцэрлэгтээ Таны дүр царайны өмнө мөнх байх зөвшөөрөл хайрлана уу, намайг энэрэн хайрлагч Та минь, Өөрийн яруу алдрын суудалд намайг суулгаж хайрлана уу, Эзэгнэгч минь! Хайр халамжийнхаа тэнгэр өөд намайг өргөж өндийлгөнө үү, Амьдруулагч минь, Өөрийн удирдлагын Өдрийн Од руу намайг хөтлөн дагуулаач, сэтгэлийг Татагч Та минь! Таны үл харагдах сүнс сүлдний үүдэл нээлтийн өмнө намайг дуудаж аваачна уу, миний Үүсэл гарлын Эх, Эрхэм дээд Хүсэл Та минь ээ! Өөрийн гоо үзэсгэлэнгийн анхилуун тансаг мөн чанар луу намайг эргүүлэн аваачаач, миний Бурхан Та минь!

Хүссэн бүхнээ хийх чадалтай билээ, Та. Та чухамхүү Хамгаас өргөмжит, Хамгаас Яруу Алдарт, Эрхэм Дээдийн Дээд нь билээ.

#10640
- Bahá'u'lláh

 

ОЮУН САНААНЫ ЧУУЛГА

Зөвлөлдөөний танхимд орох бүрийдээ Бүхнээс хүчтэй Бурханаас өгөөмөр тусламжийг хүртэн дээдийн ялалтанд хүрэхийн тулд Бурханы хайраар догдолсон сэтгэлээр Бурханаас өөр юуг ч үл дурсах цэвэр ариун хэлээр энэхүү мөргөлийг уншигтун.

Бурхан минь, Бурхан минь! Бид бол Таны Гэгээн Дүрд бишрэнгүйгээр хандаж, энэ гайхамшигт Өдөр Танаас өөр бүхнийг умартсан Таны шадар зарц нар билээ. Бид үзэл бодлоо нэгтгэж, хүн төрөлхтний дотор Таны Сургаалыг магтан өргөмжлөх зорилгоороо эвсэн нийлэн Оюун Санааны энэ Чуулгад хуран цугларлаа. Эзэн тэнгэр минь, Бурхан минь! Биднийг Таны Тэнгэрлэг Удирдамжийн шинж тэмдэг, хүн ардын дунд Таны өргөмжит Шүтлэгийн Туг далбаа, Таны хүчирхэг Гэрээсийн шадар зарц нар, Абха-н Хаант улс дахь Таны Тэнгэрлэг эв нэгдлийн илэрхийлэл, бүх газар нутгийг гэрэлтүүлэн гийгүүлэх од мичид болгож хайрлана уу, Хамгаас дээд Эзэн тэнгэр минь! Эзэн тэнгэр минь! Таны гайхамшигт Ивээлийн давалгаагаар цалгилах тэнгис, Таны бүхнээс гайхамшигт Оргилоос буух ундрага, Таны тэнгэрлэг Үйл хэргийн Модны ачит жимс, Таны хурмастын Цэцэрлэгт Таны Хишгийн сэвшээнд найгах модод болоход маань бидэнд тусал. Бурхан минь! Бидний сэтгэлийг Таны Тэнгэрлэг эв нэгдлийн Шад мөрүүдэд найдан итгэдэг, бидний зүрхийг Таны Гоо жавхлангийн цацралаар баясан цэнгэдэг болгож өгөөч. Чингэвээс бид нэг далайн олон давалгаа, Таны туяарсан Гэрэл гэгээний олон цацраг мэт нэгдэн нийлж, бидний ухаан бодол, үзэл санаа, сэтгэлийн мэдрэмж бүхэн нэгэн бодит чанар болж, дэлхий ертөнц даяар эвийн холбооны сүнс сүлдийг илэрхийлэх болмой. Та бол Гоо жавхлант, Хайр хишигтэн, Хувь хишиг хайрлагч, Бүхнээс хүчтэн, Энэрэнгүй, Нигүүлсэнгүй билээ.

#10647
- `Abdu'l-Bahá

 

Шижир тунгалаг баяр баясгалангаар бялхан та нар хуран цуглаж, тэгээд хурлынхаа эхэнд энэхүү мөргөлийг уншигтун:

Аяа, Хаант улсын Эзэн Та! Бид хэдийгээр бие махбодиороо энд хамт цугларсан ч бидний бахдсан сэтгэл Таны хайранд уяран хэсүүчилж, Таны агуу гайхамшигт дүрийн цацрагаар бидний зүрх сэтгэл нисэн дүүлж байна. Бид хэдий сул дорой ч Таны хүч чадлын илрэлийг хүсэн хүлээж байна. Бид хэдий үгээгүй ядуу ч Таны Хаант улсын сангаас эрдэнэс баялгийг хүртсээр байна. Бид хэдий дусал төдий өчүүхэн ч Таны их далайн гүн ёроолоос шавхсаар байна. Бид хэдий хумхын тоос мэт өчүүхэн ч Таны гайхамшигт Нарны туяанд гэрэлтсээр байна.

Бидний хэрэгцээг Хангагч Та минь ээ! Энд цугласан хүн бүр гэрэлт зул, хүн бүр сэтгэлийг татах соронзон, хүн бүр Таны хурмастын орны зүг дуудах зар түгээгч болж, эцэст нь хоосон энэ ертөнцийг бид Таны диваажингийн тольт тусгал болгохын тулд Өөрийн тусламжийг бидэнд илгээж хайрла.

#10648
- `Abdu'l-Bahá

 

Оюун Санааны Чуулгын хурлын төгсгөлд хэлэх мөргөл.

Бурхан минь! Бурхан минь! Танд сүсэглэж, Таны шинж тэмдэгт итгэж, Таны Гэрээс ба Захиаст үнэнч байж, Танд татагдаж, Таны хайрын галд дүрэлзэж, Таны Үйл хэрэгт үнэнчээр зүтгэн энэхүү оюун санааны уулзалтанд хуран цугларсан биднийг Та Өөрийн нэг нэгдмэл чанарын үл үзэгдэх орноос харж байгаа билээ. Бид Таны цэцэрлэг дэх шадар зарц нар, Таны шашныг түгээн дэлгэрүүлэгчид, Таны дүр царайг шүтэн бишрэгчид бөгөөд Таны хайрт шавь нарын өмнө даруу төлөв, Таны үүд хаалганы өмнө хүлцэнгүй зогсон Танаас ийнхүү хичээнгүйлэн гуйж байна: Өөрийн сонгомол шавь нарт үйлчлэх үйлст маань биднийг батжуулж, Өөрийн үл үзэгдэх сүнснүүдээрээ биднийг дэмжин тэтгэж, Өөрт тань ёсчлон зүтгэх бидний бие сэтгэлийг бэхжүүлж, Тантай харилцахдаа даруу хүлцэнгүй, бишрэнгүй байхад маань тусалж хайрлана уу.

Аяа, Эзэн тэнгэр минь ээ! Бид сул дорой, харин Та бол Хүчирхэг, Чадалтай билээ. Бид амьгүй, харин Та бол амьдрал хайрлагч агуу Сүнс билээ. Бид гачигдал дутагдалтай, харин Та бол Тэтгэгч, Хүчирхэг билээ.

Аяа, Эзэн тэнгэр минь ээ! Бидний нүүр царайг Өөрийн энэрэлт дүр царай руу хандуулж, биднийг Өөрийн хурмастын ширээнээс элбэг дэлбэг хайр хишгээрээ тэжээж, Өөрийн эрхэм дээд сахиулсан сүнснүүдийнхээ тусламжтайгаар биднийг дэмжиж, Абха-н Орны ариун сүнснүүдээрээ дамжуулан биднийг бэхжүүлж хайрла.

Үнэнхүү Та болбоос Өгөөмөр, Энэрэнгүй билээ. Та бол агуу их буян хишгийг Эзэгнэгч бөгөөд Та бол үнэнхүү Цэцэн мэргэн, Гоо жавхлант билээ.

#10649
- `Abdu'l-Bahá

 

ӨРШӨӨЛ

Бурхан минь, хамаг амьтны Бурхан, миний Яруу алдар, хамаг амьтны Яруу алдар, миний Хүслэн, хамаг амьтны Хүслэн, миний Тулах хүч, хамаг амьтны Тулах хүч, миний Эзэн Хаан, хамаг амьтны Эзэн Хаан, намайг Эзэгнэгч, хамаг амьтныг Эзэгнэгч, миний Зорилго, хамаг амьтны Зорилго, намайг Хөдөлгөгч, хамаг амьтныг Хөдөлгөгч Таны Алдар нэр мандан бадраг! Өчүүхэн намайг Өөрийн эелдэг зөөлөн хайр энэрлийн далайнаас бүү холдуулаач, Танд ойрхон байх эрэгнээс намайг хол бүү хөндийрүүлээч хэмээн мэхийн гуйнам, би.

Эзэн тэнгэр минь, надад Танаас өөр хэн ч надад ашиг тус хүргэх чадалгүй, Танаас өөр хэний ч дэргэд байх хэрэг надад үгүй билээ. Танаас өөр бүхнийг хэрэгцээгүй болгосон Өөрийн элбэг дүүрэн эрдэнэс баялгаасаа надад хүртээж, Таны зүг нүүр царайгаа хандуулж, Танд үйлчлэхээр эгцлэн боссон тэдгээр хүмүүсийн тоонд намайг оруулахыг гуйнам, би.

Эзэн тэнгэр минь, Өөрийн шадар зарц нар ба шадар шивэгчин нараа өршөөн хайрлана уу. Та чухамхүү Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Нигүүлсэнгүй нь мөн билээ.

#10657
- Bahá'u'lláh

 

Эзэн тэнгэр минь, Таныгаа магтан өргөмжилье. Бидний нүглийг уучилж, биднийг өрөвдөн хайрлаж, Тандаа эргэж хандахад маань туслаач. Танаас өөр юунд ч найдахгүй болгон ивээлээ хүртээн Өөрийн хүсэн хайрлаж буй болон Өөрт тань таашаагдах бүхнийг бидэнд хайрлаач. Үнэнч сэтгэлээр шүтэн бишрэгчдийн байр суурийг нэмж, тэднийг өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэлээрээ уучлан өршөө.

Та үнэнхүү Зовсон Цагт Аврагч, эгнэгт Дангаар Оршигч билээ.

#10658
- The Báb

 

Эзэн тэнгэр минь! Танаас өөр бусдыг дурсан санасан, Танаас өөр бусдыг магтан дуулсан, Танд ойртохоос өөр бусад зүйлээс баяр цэнгэл олсон, Тантай харилцан ярилцахаас өөр бусад юмнаас таашаал авсан, Таныг хайрлан Таны хүсэл тааллыг дээдлэхээс өөр бусад зүйлд хөөрөн жаргасан тохиолдол бүрийг минь, мөн надад хамаарах боловч Тантай ямар ч хамааралгүй тэдгээр зүйлсийн минь төлөө өршөөн уучлахыг би Танаас хичээнгүйлэн гуйя, аяа, арга замыг зааж үүд хаалгыг нээгч Эздийн Эзэн тэнгэр Та минь ээ.

#10659
- The Báb

 

Бурхан минь, Таны Алдар бадартугай. Бүхий хүн төрөлхтний магтаалаас илүүд ариуссан Таны алдрыг би хэрхэн дурдаж чадах билээ. Таны Алдар нэр мандан бадраг, Бурхан минь, Та бол Хаан эзэн, Мөнхийн Үнэн мөн билээ. Та тэнгэр диваажин болоод газар дэлхий дээр байгаа бүхнийг мэдэх бөгөөд Тань руу бүгд эргэн очих тавилантай билээ. Тэнгэрлэг зарлигаар нээгдсэн Өөрийн Сургаалыг Та тодорхой хэмжээгээр илгээн соёрхсон болой. Эзэн тэнгэр минь, Таныг магтан дуулъя! Өөрийн зарлиг лүндэнг буулган Та диваажин тэнгэр ба газар дэлхий дээр орших, мөн тэдгээрийн хооронд орших бүхний хүчийг ашиглан хүссэн хүнээ ялалтанд хүргэдэг билээ. Та бол Эзэгнэгч, Мөнхийн Үнэн, ялагдашгүй хүчит Эзэн тэнгэр мөн.

Бурхан минь, Таны алдар бадартугай. Таны өршөөл энэрлийг наминчлан гуйсан шадар зарц нарынхаа нүгэл гэмийг Та үргэлжид өршөөн хэлтрүүлдэг билээ. Үүрийн гэгээнээр Танаас өршөөл аврал эрж, өдрийн цагаар ба орой үдэш Танд мөргөн залбирч, Бурханаас өөр юуг ч үл эрэлхийлж, Бурханы буян хишгээр тэдэнд заяасан бүхнийг өргөн болгон Бурханд зориулж, өглөө үдэшгүй Түүнийг магтан мандуулж, өөрсдийн үүргээ умартаагүй тэдгээр хүмүүсийн болон миний нүгэл гэмийг цагаатгаж хайрлана уу.

#10660
- The Báb

 

Өршөөлт Эзэн тэнгэр минь! Та бол энэ бүх шадар зарц нарынхаа хорогдох орон билээ. Та бүх нууцыг мэдэж, бүхнийг мэдэрч байгаа. Бид бүхэн арчаагүй, харин Та бол Хүчтэн, Бүхнээс хүчирхэг нь билээ. Бид бүхэн нүгэлтнүүд, харин Та нүглийг Өршөөгч, Хамгаас нигүүлсэнгүй, Хамгийн халамжит. Эзэн тэнгэр ээ! Та бидний алдаа дутагдлыг бүү хайхарна уу. Харин бидэнтэй Та Өөрийн хайр ивээлээрээ харилцана уу. Бидний алдаа дутагдал тун их боловч Таны өршөөлийн далай хязгааргүй билээ. Бидний мөхөс дорой чанар бэрхтэй их хэдий ч Таны тус дэмжлэгийн нотолгоо тодорхой билээ. Иймээс Та биднийгээ бататган бэхжүүл. Таны ариун Босгонд таашаагдах зүйлийг хийхэд маань бидэнд тусал. Сэтгэл зүрхийг маань гийгүүлэн бидэнд аливааг ялгаж таних хурц нүд, анхаарч сонсох сонор чих хайрла. Үхснийг сэргээж, өвчтнийг эдгэрүүл. Ядуу хүнд баялаг хайрлаж, айсан хүнийг амар тайван болго. Биднийг Өөрийн хаант улсад хүлээн авч, удирдамжийнхаа гэрлээр гийгүүл. Та бол Хүчирхэг, Хамгаас чадалтан билээ. Та хамгийн Өршөөнгүй. Та хамгийн Цэцэн мэргэн. Та Эелдэг сэтгэлтэн билээ.

#10661
- `Abdu'l-Bahá

 

САНД ХАНДИВ ӨРГӨХҮЙ

Бурханы анд нөхөд... бүр өчүүхэн бага ч гэсэн өөрийн боломжийн хэрээр хандив өргөвөл зохино. Бурхан хүний хүч бололцооноос хэтэрсэн ачааг хэнд ч үүрүүлдэггүй. Ийм хандив бүх төвүүд ба бүх сүсэгтнүүдээс орох ёстой.... Бурханы анд нөхөд өө! Эдгээр хувь хандивын тань оронд та нарын эрхэлж буй газар тариалан, үйлдвэрлэл, арилжаа наймаа буян хишгээр ивээгдэн олон дахин арвижих болно гэдэгт итгэгтүн. Нэг сайн үйлс хийсэн хүн түүнээс арав дахин илүү шагнал хүртэнэ. Эд баялгаа Бурханы замналд зарцуулсан хүнийг амьд Эзэн тэнгэр арвин ихээр бататган ивээх нь эргэлзээгүй.

#10662
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Бурхан минь! Үнэн хайрлагчдынхаа магнайг тэнийлгэн, баттай ялалтын тэнгэрлэг хүчнүүдээрээ тэднийг дэмжин тэтгээч. Шударга шулуун замаараа тэдний хөлийг бат гишгүүлж, өнө эртний өглөг хишгээрээ тэдний өмнө буяныхаа үүдийг нээгээч. Учир нь, Танаас хайрласан бүхнээ тэд Таны замналд зориулан зарцуулж байгаа бөгөөд Таны Шүтлэгийг хамгаалан сахиж, Таныг дурсан санахуйн буянд өөрсдийн итгэл найдвараа даатгаж, Таныг хайрлан шүтэхэд зүрх сэтгэлээ зориулан, Таны Гоо жавхланг бишрэхдээ Таны таалалд нийцэхийн тулд өөрсдийн эзэмшил хөрөнгөнөөс юугаа ч харамлахгүй байна.

Эзэн тэнгэр минь ээ! Тэдэнд элбэг арвин хувь хэмжээ, заяагдсан буян хишиг ба баттай шан харамжийг хүртээж хайрла.

Чухам Та бол Тэтгэгч, Туслагч, Өгөөмөр, Буянтан, Хишиг хайрлагч билээ.

#10663
- `Abdu'l-Bahá

 

СОРИЛТ БЭРХШЭЭЛ

Бурхан минь, Бурхан минь! Өөрийн өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэлээр миний гуниг зовлонг сарниулж, Өөрийн агуу эрх мэдэл, хүч чадлаар миний сэтгэлийн гасланг тонилгож хайрлаач. Гай зовлон намайг тал бүрээс нөмөрсөн энэ мөчид би нүүр царайгаа Таны зүг хандуулсан байгааг Та харж байгаа билээ, Бурхан минь. Хамаг амьтны Эзэн тэнгэр, нүдэнд үзэгдэгч ба үл үзэгдэгч бүхнийг сүүдрээрээ нөмөрсөн Эзэн минь, Таны зүг нүүр царайгаа хандуулахад нь чухам юу ч саад болж чадаагүй тэдгээр хүмүүсийн эгнээнд намайг багтаан оруулахыг хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Таны Алдар нэр, Таны энэрлийн Далайн давалгаа болон Таны буян хишгийн Үүрийн туяаны гайхамшгийг барин би хичээнгүйлэн гуйя, алдар нэрсийн Эзэн тэнгэр, диваажинг Бүтээн цогцлуулагч Та минь ээ.

Эзэн тэнгэр минь, Таны энэ цаг үед надад тохиосон зүйлсийг Та харж байгаа билээ. Таны алдар нэрсийн Эх булаг, Таны шинж чанарын Үүрийн гэгээ туяарах цэг болсон Түүний нэрийг барин гуйх минь: Танд үйлчлэхээр эгцлэн босч, Таны буянт чанаруудыг магтан мандуулахад минь туслах бүхнийг надад заяаж хайрлана уу. Та бол үнэнхүү Хамгаас хүчит, Бүхнээс хүчирхэг бөгөөд бүх хүмүүсийн мөргөл залбиралд хариу өгдөг билээ!

Эцэст нь миний ажил хэргийг адислаж, миний өр төлбөрийг барагдуулж, миний хэрэгцээг хангаж өгөхийг гэрэл туяат дүрийг тань бишрэн Танаас хичээнгүйлэн гуйнам, би. Таны хүч чадал, эрх хэмжээг хэлтэй амтай бүхэн гэрчилж, Таны сүр хүч, цог жавхланг ойлгон ухаарах зүрх сэтгэлтэй бүхэн хүлээн зөвшөөрсөн билээ. Бүхнийг сонсож, хариу өгөхөд бэлэн Танаас өөр Бурхан үгүй.

#10664
- Bahá'u'lláh

 

Бурханаас өөр зовлон зүдүүрийг Арилгагч байна уу? Бурхан тэнгэр минь бадартугай! Тэрээр Бурхан билээ! Бүгд Түүний шадар зарц нар билээ. Бүгд Түүний зарлигийг дагадаг билээ!

#10665
- The Báb

 

Таны хүч чадлыг бишрэн Танаас сөгдөн гуйя, Бурхан минь! Сорилт тулгарсан цагт надад зовлон хохирлыг бүү амсуулж, анхаарал болгоомжгүй байх цагт Өөрийн онгодоор алхаа гишгээг минь зөв замаар залж өгнө үү. Та бол Бурхан бөгөөд хүссэн бүхнээ хийх чадалтай билээ. Таны Хүсэл тааллыг сөрөх, Таны Зорилгын биелэлтэнд саад болох хэн ч байхгүй.

#10666
- The Báb

 

Эзэн тэнгэр минь! Та бол зовлон шаналал бүхнийг Зайлуулагч, гай тотгор бүхнийг Замхруулагч билээ. Та уй гашууныг хөөн сарниулж, боол бүхнийг чөлөөлж, хүн бүрийг Авран тайтгаруулагч билээ. Эзэн тэнгэр минь! Өөрийн энэрэл нигүүлслээр намайг чөлөөлж, авралыг олсон Таны шадар зарц нарын эгнээнд намайг багтаан оруулахыг хүсье.

#10667
- The Báb

 

Эзэн минь, Бурхан минь, гутарсан цагт нуугдах Орон минь! Зовж шаналсан үед хамгаалах Бамбай, хоргодох Нуувч минь! Хоосорч гачигдсан үед дүрвэх Орогнол газар минь, ганцаардсан цагт Хань минь! Гансарч гунигласан цагт Тайтгаруулагч, ганцаардалд минь халамжит Анд нөхөр минь! Миний гашуун зовлонг Сарниулагч, миний гэм нүглийг Өршөөн хэлтрүүлэгч минь!

Таны тэнгэрлэг эв нэгдлийн энэхүү орчилд Таны хүсэл зоригийг зөрчсөн бүхнээс намайг хамгаалж, ямар ч бузар буртаггүй, толбогүй цэвэр ариун байдлаар Таны гоо жавхлант модны сүүдэр дор суухад надад саад болох бүхий л бузраас ариусгаж өгөхийг хамаг зүрх сэтгэл, ухаан бодол, үг хэлээрээ Танаас хичээнгүйлэн гуйж, зөвхөн Танд бүрнээ найднам, би.

Ядуу дорой хүнд өршөөл үзүүлж, өвчтнийг анагааж, ундаассан хүний цангааг гаргаж хайрлаач, Эзэн тэнгэр минь!

Таны хайрын гал бадамласан цээжийг баясгаж, Таны тэнгэрлэг хайр сэтгэлийн галын дөлөөр мөнхүү зүрх сэтгэлийг гэрэлтүүлж хайрлагтун.

Ариун баринтагаар тэнгэрлэг эв нэгдлийн асрыг бүтээж, Өөрийн ивээл өршөөлийн титмийг тэргүүнд минь өмсүүлж хайрлана уу.

Өөрийн буян хишгийн гэрэлт тойргоор миний царайг гэрэлтүүлж, Өөрийн ариун босгонд үйлчлэн хөдөлмөрлөхөд минь надад хайр ивээлээрээ тусалж хайрлана уу.

Таны бүтээсэн хамаг амьтныг хайрлах хайраар миний сэтгэлийг бялхуулж, Таны нигүүлсэнгүй сэтгэлийн шинж тэмдэг, Таны энэрэлт сэтгэлийн бэлэг дэмбэрэл, Таны хайрт шавь нарын дунд эв найрамдлыг хөхүүлэгч, Танд үнэнч, Таны алдрыг дурсагч, өөрийгөө мартаж, гагцхүү Таных гэсэн бүхнийг анхаарч явдаг хүн болгож өгөөч намайг.

Бурхан минь, Бурхан минь! Өөрийн өршөөл, буяны зөөлөн салхиа надаас бүү холдуулж, Өөрийн тусламж, ивээлийн булаг шанднаасаа намайг бүү тусгаарлаач.

Таны аврал, хамгааллын далавчин доорх нөмөрт үүрээ засахыг зөвшөөрч, хамгийг хамгаалагч мэлмийнхээ харцыг над дээр тусгаж хайрлана уу.

Хамаг амьтанд Таны алдар нэрийг шагшин магтаж байг гэж намайг хэлэмгий болгож хайрлана уу. Ингэснээр агуу чуулга хурлын үеэр дуу хоолойгоо дуурсгаж, амнаас минь Таныг магтах магтууны ундарга ундарч байх болтугай.

Та бол үнэндээ Гоо жавхлант, Алдар гавъяат, Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч нь гарцаагүй мөн билээ.

#10668
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Нигүүлсэнгүй, Хамгаас хайр хишигтэн билээ! Бурхан минь, Бурхан минь! Та намайг харж байгаа, Та намайг мэдэж байгаа. Та бол миний Орогнол, миний Хорогдох гэр билээ. Танаас өөр би юуг ч эрээгүй, Танаас өөр юуг ч эрэхгүй. Таны хайрын замаас өөр зам руу би гишгээгүй, өөр замаар орох ч үгүй. Сэтгэл мухардлын харанхуй шөнө Таны хязгааргүй ивээлийн үүрийн туяа өөд би итгэл найдвар дүүрэн харцаа хандуулж, үүрийн гэгээ ирэх цагт Таныхаа үзэсгэлэн, төгс төгөлдөр шинжийг дурссанаар гутарсан сэтгэл маань сэргэж, хүч ордог юм. Таны халамжит ивээлийг хүртсэн хэн боловч өчүүхэн дусал төдий хэрнээ хязгааргүй далай мэт тэнүүн болж, Таны элэгсэг хайрын халамжийг хүртсэн атом чинээ өчүүхэн зүйл ч гэсэн гэрэлт од мэт гийх юм.

Цэвэр ариун Сүнс, Хамгаас буянт тэтгэгч Та Өөрийг тань бишрэх сэтгэлдээ дүрэлзэн ассан энэ шадар зарцаа нөмөр халамжин дороо хамгаална уу. Ахуйн энэ ертөнцөд Таны хайрд үнэнч тууштай байхад нь тусалж, далавч нь хугарсан энэ шувуухайг хурмастын модон дээр орших Өөрийн тэнгэрлэг үүрэнд орогнуулж хайрла.

#10669
- `Abdu'l-Bahá

 

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ

Эзэн минь, Бурхан минь, Таныхаа алдар нэрийг магтан дурсъя! Миний харц Таны элэгсэг өршөөлийн зүг хандан, миний нүд Таны ивээлийн тэнгэрийн хаяа ба Таны хайр энэрлийн зүг ширтээд миний гар Таны хишгийн диваажин өөд сунгасан байхыг Та харж байгаа. Таны хүч чадал намайг гэрчлэг! Миний бие махбодийн мөч бүр Таны зүг тэмүүлэн: “Ертөнц даяар хайрлагдсан Та, хурмаст тэнгэр болоод газар дэлхий дээр орших бүхний Эзэн тэнгэр Та, Танд үнэнч тууштай тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийн ганц Хүслэн болсон Та минь! Диваажин хийгээд газар дэлхийн бүх оршин суугчдыг дуудсан Таны тэр Далайн нэрийг барин Таны зүг эргэн, эрэгт нь ойртоход саад учирсан тэр шадар зарц нартаа туслахыг Танаас сөхрөн гуйя. Бурхан минь, тэднийг Танаас өөр бүхнээс үл хамааралтай болгож, Таны магтууг дуурсгаж, Таны нандин чанарыг өргөмжлөн магтддаг болгож хайрла. Бурхан минь, тэдэнд Танаас өөр бүхнийг мартаж, Таны Үйл хэрэгт үйлчлэхээр босч, Таныг хайрлах сэтгэлдээ тууштай байхад нь туслах энэрэл өршөөлийнхөө сонгомол дарсаа хайрла. Та үнэнхүү тэдний амьдралын Эзэн, тэдний Шүтээн билээ. Хэрэв тэд Танаас төөрвөл хэн тэднийг харах юм бэ? Хэрэв тэд Танаас холдон хагацвал Танд ойртоход нь тэдэнд хэн туслах билээ? Би Таны хүч чадлаар тангараглая! Танаас өөр хорогдох газар үгүй, Таны нөмрөөс өөр эрэх нөмөр үгүй, Таны өмгөөллөөс өөр өмгөөлөл үгүй. Танаас өөрийг эзнээ болгосон тэр хүн зовлонд унана, Таны газар дэлхийн бүх оршин суугчдаас өөрийгөө чөлөөлж, Таны хишиг ивээлийн хормойноос зүүгдсэн тэр хүн буянаар дэлгэрнэ. Эд нар бол хурмаст тэнгэр болон энэ дэлхийн бүх хүмүүүсийн өмнө Баха-н хүмүүс мөн. Хамгийг харагч, Хамгаас мэргэн Танаас өөр Бурхан үгүй. Бүх ертөнцийн Эзэн тэнгэр Бурханаа магтан өргөмжилье.

#10670
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь! Бурхан минь! Энэ бол жигүүр нь хугарсан шувуу бөгөөд түүний нислэг их удаан билээ. Хөгжил цэцэглэлт, авралын оргил өөд нисэн дүүлж, хязгааргүй орон зайд туйлын баяр баясгалан, аз жаргалтайгаар замаа жигүүрлэж, Таны эрхэм дээд Нэрээр өөрийн дуу хоолойг бүх нутаг орноор дуурсгаж, хүмүүсийн сонорыг энэ дуудлагаар баясгаж, удирдамжийн бэлэг тэмдгийг харсан хүмүүсийн мэлмийг баясгадаг болоход нь түүнд тусалж хайрла.

Эзэн тэнгэр минь! Би орь ганцаараа өнчин доорд нэгэн билээ. Танаас өөр түшиг нөмөр надад үгүй, Танаас өөр туслагч үгүй, Танаас өөр асран тэтгэгч үгүй. Танд үйлчлэх буяныг минь батжуулж, сахиулсан сүнснүүдийн хүчээр надад тусалж, Таны Үгийг зарлан тунхаглахад минь ялгуусан болгож, амьтан бүхний дунд Таны ухаан билгийг магтан дуулахад минь тусал. Та үнэнхүү үгээгүй доройд туслагч, өчүүхэн доордсыг хамгаалагч, Та үнэнхүү Хамгаас хүчирхэг, Бүхнээс хүчтэн, Хязгааргүй эрх чөлөөт билээ!

(“Тэнгэрлэг Төлөвлөгөөний тухай Илгээлтүүд”, Америкийн Нэгдсэн Улсын баруун муж улсуудын Бахайчуудад зориулсан мөргөл )

#10671
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Бурханы Үгийг өндөрт мандуулан, дэмий хоосон худал хуурмаг бүхнийг үгүйсгэж, үнэн мөнийг тогтоон, ариун шад мөрүүдийг түгээн тархааж, гайхамшгийг нээн илрүүлж, сайн санаат хүмүүний зүрх сэтгэлд өглөөний нарыг мандуулахад нь шадар зарцдаа тусалж хайрла.

Та үнэнхүү Өгөөмөр, Өршөөн хэлтрүүлэгч билээ.

#10672
- `Abdu'l-Bahá

 

Зүйрлэшгүй Бурхан тэнгэр минь! Хаант улсын Эзэн тэнгэр минь! Энэ хүмүүс болбоос Таны тэнгэрлэг цэргүүд. Тэдэнд тусалж, Эрхэм дээдийн Чуулганы хүч чадлаараа тэднийг ялгуусан болго, чингэвээс тэдний хүн тус бүр бүхэл хороо цэрэг мэт болон үржиж, эдгээр орныг Бурханы хайр ивээл, тэнгэрлэг сургаалын гэрэл гэгээгээр байлдан дагуулах болно.

Бурхан минь! Зэрлэг онгон газар ч, уул хаданд ч, хөндий газар ч, ой хөвчид ч, тал цөлд ч, далай тэнгист ч тэднийг дэмжиж, тэдэнд тусалж, улмаар Хаант улсын хүч чадал ба Ариун Сүнсний амьсгаагаар дуу хоолойгоо чанга дуурсгатал тэдэнд итгэл хайрла!

Та үнэнхүү Хамгаас хүчтэй, Хамгаас чадалтай, Бүхнээс хүчирхэг. Та бол Мэргэн, Бүхнийг сонсогч, Бүхнийг харагч билээ.

(“Тэнгэрлэг Төлөвлөгөөний тухай Илгээлтүүд”, Америкийн Нэгдсэн Улс ба Канадын Бахайчуудад зориулсан мөргөл )

#10673
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Бурхан минь! Итгэлт шавь нартаа хайр халамжтай, элэгсэг зөөлөн сэтгэлтэй болоход нь тусал. Дэлхийн бүх улс үндэстнүүдийн дунд дээд Чуулганаас гаралтай удирдамжийн гэрлийг дэлгэрүүлэхэд нь тэдэнд тусал. Та үнэнхүү Хүчтэй, Бүхнээс чадалтай, Хүчирхэг, Бүхнийг номхтгогч, Ямагт өглөгч билээ. Та үнэнхүү Өгөөмөр, Нинжин сэтгэлт, Эелдэг зөөлөн сэтгэлт, Хамгийн ивээлтэн.

#10674
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь, Таны таалалд нийцэж, Танд хүчин зүтгэх үйлстээ бат тууштай байж, Танд үйлчлэхэд бие сэтгэлээ зориулан, Таны гайхамшигт цэцэрлэгт хөдөлмөрлөж, Таны замналд бүхнээ золиослохоос өөр хүсэл мөрөөдөл миний сэтгэл зүрхэнд үгүй Та мэдэж байгаа тул намайг гэрчилнэ. Та бол Бүхнийг мэдэгч, Бүхнийг харагч билээ. Таныгаа хайрлан бишрэхдээ би алхаа гишгээгээ уул хад, элсэн цөл рүү чиглүүлж, Таны Хаант улс заларсныг чанга дуугаар тунхаглан, Таны дуудлагыг бүх хүн ардад сонордуулан явахаас өөр хүсэл надад үгүй билээ. Бурхан минь, энэ арга тасарсан хүнд үүд хаалгыг нь нээн өгч, энэ өвчтэй хүнийг анагаан эдгэрүүлж, энэ зовж шаналсан хүнийг илааршуулж хайрла. Сэтгэл зүрхээр догдолж, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Таны Босгонд сөгдөн Танаас залбиран гуйнам, би.

Бурхан минь! Би Таны замналд ямар ч хүнд бэрхшээлийг тэвчин өнгөрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар ч зовлон зүдүүрийг зоригтойгоор угтан авахыг бүхий л зүрх сэтгэлээрээ хүсэн тэмүүлнэ.

Бурхан минь! Намайг сорилт шалгуураас хамгаална уу. Би бүх л зүйлийг огоорч, бүх л бодол санаанаас өөрийгөө чөлөөлсөн гэдгийг Та сайн мэдэх билээ. Таныг дурсахаас өөр ажил надад үгүй, Танд үйлчлэхээс өөр хүсэл эрмэлзэл надад үгүй.

#10675
- `Abdu'l-Bahá

 

ТУСЛАМЖ

Бурхан минь ээ! Таны шадар зарц нарын үйл хэргийг дэгжээн бадрааж, хот тосгодыг хөгжүүлэн цэцэглүүлэх үйлсэд минь туслахыг Таны нэн гайхамшигт Алдар нэрийг барин би хүсэж байна. Та чухамхүү бүхий л зүйлсийг дийлэх чадалтай билээ!

#10678
- Bahá'u'lláh

 

Миний Бишрэл, миний Хаан, миний Хүсэл мөрөөдөл болсон Бурхан минь! Тандаа талархсан сэтгэлээ үгээр яаж илэрхийлнэ вэ? Сэрэмжгүй байхад минь Та намайг сэрээлээ. Танаас нүүр буруулсан байхад минь Та намайг Өөрийнхөө зүг хандуулан өгөөмөр хайраараа тусаллаа. Намайг үхсэн мэт байхад амьдралын рашаан усаар Та амилууллаа. Намайг гандаж ядарсан байхад Хамгийн Энэрэлт Бийрээс тань ундарсан айлдварынхаа тэнгэрлэг горхины усаар Та намайг сэхээн амьдрууллаа.

Тэнгэрлэг Зөн билигтэн минь! Оршин буй бүхэн чухам Таны хайр ивээлээр бүтсэн тул өгөөмөр сэтгэлийнхээ ундрагаа тэднээс бүү татгалзаач. Энэрэл нигүүлслийнхээ далайгаас ч тэднийг бүү тусгаарлаач. Ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд намайг тэтгэн дэмжихийг би Танаас гуйн мөргөж, ивээлийн тэнгэрээс тань Таны өнө эртний буян хишгийг хичээнгүйлэн эрнэм. Та үнэнхүү хайр хишгийн Эзэн, мөнхийн орны дээд Эзэн нь билээ.

#10679
- Bahá'u'lláh

 

Хэлэгтүн: Бурхан хамаг бүхнийг тэтгэдэг бөгөөд тэнгэр диваажинд ч, газар дэлхий дээр ч Бурханаас өөр тэтгэгч байхгүй. Үнэнхүү Тэрээр Өөрөө Бүхнийг мэдэгч, Тэтгэгч, Хүчирхэг нь билээ.

#10676
- The Báb

 

Эзэн тэнгэр Бурхан минь, Таны Алдар нэрийг магтан өргөмжилье! Та бол үнэнхүү үл үзэгдэх бүхнийг Мэдэгч билээ. Хамаг бүхнийг багтаасан Өөрийн Эрдэм мэдлэгээр хэмжиж чадах арвин их хувь буяныг бидэнд заяаж хайрлана уу. Та бол бүхнийг эзэгнэгч Эзэн тэнгэр, Хамгаас Хүчит, Хамгаас Хайрт билээ.

Эзэн тэнгэр, Тандаа бүхий л магтаалаа зориулъя! Товлогдсон тэр Өдөр бид Таны гоо жавхланг эрэлхийлж, бидний Эзэн тэнгэр болох Тандаа бүхий л итгэл найдвараа даатгах болно. Бурхан минь, Таны алдар бадартгуай! Танаас өөр бусад бүх зүйлээс хамааралгүй болж чадахын тулд бидэнд зохистой сайн сайхан зүйлийг хайрлана уу. Үнэнхүү Та бол бүхий л ертөнцүүдийн Эзэн тэнгэр билээ.

Бурхан минь! Таны өдрүүдэд зовлон бэрхшээлийг тэвчээртэйеэ даван туулж буй хүмүүсийг магтан шагнаж, Үнэний замаар гуйвалтгүй замнахад нь тэдний зүрх сэтгэлийг хатуужуулж хайрла. Тэднийг Таны гялбаат Диваажинд нэвтрүүлж чадах буян хишгээ хайрлаач, Эзэн тэнгэр минь. Та хамгаас Өргөмжит билээ, Эзэн тэнгэр Бурхан минь. Амьдран суугчид нь Танд итгэн сүсэглэсэн тэдгээр гэр орон дээр Өөрийн хурмастын адислалаа буулгаж хайрлана уу. Та тэнгэрлэг адислал хайрлахдаа үнэнхүү давагдашгүй билээ. Бурхан минь, үнэнч шавь нараа ялалтанд хүргэх хүчнүүдийг илгээж хайрлана уу. Та Өөрийн хүсэл тааллын дагуу бүтээлт юмс үзэгдлийг зарлиг лүндэнгийнхээ хүчээр бүтээн цогцлуулдаг билээ. Та бол үнэнхүү Эзэгнэгч, Бүтээгч, Хамгаас Мэргэн.

Хэлэгтүн: Бурхан бол үнэхээр бүхий л зүйлсийг Бүтээгч юм. Тэрээр хүссэн хүндээ арвин их тэтгэмж хайрладаг болой. Тэрээр Бүтээгч, хамаг амьтны Эх үүсвэр, Зохион бүтээгч, Хамгаас Хүчит, Бүтээн байгуулагч, Хамгаас Мэргэн билээ. Тэрээр тэнгэр диваажин ба газар дэлхий даяар, мөн тэдгээрийн хоорондох орчинд хамгийн гайхамшигт нэр алдрыг Хүртэгч билээ. Бүгд Түүний зарлигийг дагана, газар дэлхий ба диваажингийн бүх оршин суугчид Түүнийг магтан дуулна, чухам Түүнд л хамаг амьтад эргэн очно.

#10677
- The Báb

 

Эзэн минь! Бид өрөвдөлтэй, бидэнд Өөрийн хишгээ хайрлаж хүртээнэ үү. Бид ядуу, Өөрийн барагдашгүй эд баялгийн далайн өчүүхэн хэсгээс бидэнд хүртээж хайрлана уу. Бид гачигдаж дутагдсан, бидний хэрэгцээг хангаж хайрлана уу. Бид өчүүхэн дорой, Өөрийн сүрлэг алдраас бидэнд хүртээж хайрлана уу. Агаарт нисдэг жигүүртэн, тал хээрийн араатан амьтад өдөр бүр Танаас идэш хүртэж, хамаг амьтан Таны хайр ивээл, халамжит сэтгэлд умбан байна.

Өөрийн гайхамшигт хайр хишгээ сул дорой надаас бүү татгалзаач, Өөрийн буян хишгээ арчаагүй дорой надад Өөрийн хүч чадлаар хүртээж хайрлана уу!

Бидэнд өдөр тутмын талх хайрлаж, амьдралын хэрэгцээг арвижуулж хайрлана уу. Ингэснээр бид зөвхөн Танаас л хамаарч, зөвхөн Тантай л харилцаж, Таны замаар замнаж, Таны шидэт суу билгийг зарлан тунхагладаг болохсон. Та бол Хамгийг чадагч, Энэрэл хайрт, бүхий л хүн төрөлхтний хэрэгцээг Хангагч билээ.

#10680
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь, Бурхан минь! Таны Шүтлэгт бат итгэл сүсэгтэй байж, Таны замаар алхалж, Таны Үйл хэрэгт хатуу үнэнч байхад нь хайрт шавь нартаа туслаач. Хувиа хичээх, шунах хүслээ даван дийлж, тэнгэрлэг сургаалын гэрлээр замнахад нь тэдэнд ивээлээ хайрла. Та болбоос Хамгаас хүчтэн, Хамгийг ивээгч, Дангаар оршигч, Хишиг хайрлагч, Нигүүлсэгч, Хамгаас чадалтай, Хамгийн Ивээлтэн билээ.

#10681
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь! Бид сул дорой, биднийг тэнхрүүлж хайрла. Бурхан минь, бид мунхаг, бидэнд эрдэм мэдлэг хайрла. Эзэн тэнгэр минь, бид ядуу, бидэнд баялаг хайрла. Бурхан минь, бид үхсэн мэт, биднийг амьдруул. Эзэн тэнгэр минь, бид доромжлол гутамшгийг амсана, Биднийг Өөрийн оронд мандуул. Эзэн тэнгэр минь, хэрэв Та бидэнд тусалбал бид гэрэлтэх од мичид мэт болох билээ. Хэрэв Та бидэнд туслахгүй юм бол бид газар шорооноос ч дор болно. Эзэн тэнгэр минь! Биднийг тэнхрүүлж хайрла. Бурхан минь! Бидэнд ялалт авчир. Бурхан минь! “Би” гэсэн үзлээ ялан дийлж, хүсэл шуналаа даван дийлэхэд маань тусал. Эзэн тэнгэр минь! Материаллаг ертөнцийн хүлээснээс биднийг ангижруулж хайрла. Эзэн тэнгэр минь! Ариун Сүнсний амьсгаагаар биднийг амьдруулж хайрла. Чингэвээс бид Танд үйлчлэхээр эгцлэн босч, Таныг сүсэглэн бишрэх буяныг бүтээж, туйлын чин сэтгэлээр Таны хаант улсад өөрсдийгөө зориулах болмой. Эзэн тэнгэр минь, Та бол Хүчирхэг билээ. Бурхан минь, Та бол Өршөөнгүй. Эзэн минь, Та бол Нигүүлсэнгүй билээ.

#10682
- `Abdu'l-Bahá

 

ҮЙЛ ХЭРГИЙН ЯЛАЛТ

Хүч чадлынхаа мутраар хамаг амьтныг амилуулан бүтээсэн Эзэн тэнгэр таны алдар бадартугай.

Эзэн тэнгэр минь ээ! Танаас өөр бүхнээс татгалзсан тэдгээр хүмүүсээ хүчирхэг ялалтаар шагнана уу. Эзэн тэнгэр минь, шадар зарц нараа тайтгаруулан бэхжүүлж, амжилтанд хүрэхэд нь дэмжиж, тэднийг тэтгэн хамгаалж, тэдэнд алдар гавъяа, өргөмжлөл хүртээж, тэднийг баяжуулж, гайхамшигтай ялалтанд хүрсэн ялан дийлэгч нар болгохын тулд тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших, мөн тэдгээрийн хооронд орших сахиусан сүнснүүдийн цуглааныг шадар зарц нартаа тусламж болгон илгээж хайрлана уу.

Та бол тэдний Эзэн тэнгэр, тэнгэр диваажин ба газар дэлхийн Эзэн тэнгэр, бүхий л ертөнцүүдийн Эзэн тэнгэр мөн билээ. Эдгээр шадар зарц нарынхаа хүч чадлаар энэхүү Шүтлэгийг бэхжүүлж хайрлана уу, Эзэн тэнгэр минь. Тэднийг дэлхийн бүхий л ард түмнүүдээс давамгай болгоно уу. Учир нь тэд үнэндээ Танаас өөр бүхнээс өөрсдийгөө чөлөөлсөн Таны шадар зарц нар бөгөөд Та бол үнэнхүү үнэнч сүсэгтнүүдийнхээ хамгаалагч билээ.

Эзэн тэнгэр минь, Таны халдашгүй энэ Шүтлэгт үнэнчээр зүтгэснээр зүрх сэтгэл нь чангаран хатуужиж, улмаар тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших, мөн тэдгээрийн хооронд орших бүхий л зүйлсээс илүү чадалтай болоход нь тэдэнд тусалж, Өөрийн гайхамшигт сүр хүчийн бэлэг тэмдгээр тэдний мутрыг бэхжүүлж хайрлана уу. Чингэвээс тэд бүхий л хүн төрөлхтний мэлмийн өмнө Таны хүч чадлыг илэрхийлэн харуулах болмой.

#10687
- The Báb

 

Эзэн тэнгэр минь ээ! Өөрийн өдрүүдэд Таны замналд өөрсдийн амь биеийг зориулахыг хүссэн тэсвэр хатуужилтай шадар зарц нартаа ялалт хайрлана уу. Тэдний бодол санааг тайтгаруулах, дотоод сэтгэлийг нь баясгах, зүрх сэтгэлд нь бат итгэл хайрлах, бодь биед нь амар амгалан олгох, сэтгэл оюуныг нь Хамгаас Өргөмжит Бурханы ахуй хүртэл дүүлэхэд нь дэмжих, хамгийн дээд Диваажин болоод жинхэнэ эрдэм ухаан ба буянт чанар агуулагч хүмүүст зориулан Таны заяасан алдрын өргөөнд хүрэхэд нь туслах тэр зүйлийг тэдэнд илгээж хайрлана уу. Үнэнхүү Та бүхий л зүйлсийг мэднэ, харин бид бол Таны шадар зарц нар, Танд олзлогдогсод, Таны боолууд, Таны хөөрхий шавь нар билээ. Бурхан тэнгэр минь, бид Танаас өөр эзнийг үл дууднам, Танаас өөр хэнээс ч адислал, буян хишиг үл горилном, аяа, энэ ба дараачийн ертөнцөд энэрэл өршөөл хайрлагч Бурхан Та минь ээ. Бид чухамхүү үгээгүй ядуу, хов хоосон, чадалгүй дорой, мөхөс бүхний биет илэрхийлэл бол харин Таны Бие бүхэлдээ тансаг баялаг, тусгаар тогтнол, алдар, сүр жавхлан, хязгааргүй буян хишгийн илэрхийлэл болой.

Энэ ба дараачийн ертөнцөд Таны таалалд нийцэх тэр зүйлээр, мөн дээд тэнгэрээс авхуулан доод газар дэлхий хүртэл тархсан таны үлэмж арвин буян хишгээр биднийг шагнана уу, Эзэн тэнгэр минь.

Үнэнхүү Та бол бидний Эзэн тэнгэр бөгөөд хамаг амьтны Эзэн тэнгэр билээ. Танд л хамаарах тэр зүйлсийг хүсэн эрэлхийлж бид гагцхүү Таны мутарт л өөрсдийгөө даатганам.

#10688
- The Báb

 

Эзэн тэнгэр минь ээ! Дэлхийн бүх ард түмнүүдэд Өөрийн Шүтлэгийн Диваажинд нэвтрэн орох боломжийг олгоно уу. Чингэвээс Таны сайн сайхан хүсэл санааны хязгаараас гадна орших нэг ч бодгаль зүйл үлдэхгүй болмой.

Балар эртний цагаас хойш Та хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх чадалтай байсан бөгөөд таалсан бүхнээсээ ч дээгүүр оршиж ирсэн билээ.

#10689
- The Báb

 

УУЛЗАЛТ ЦУГЛААН

Бурхан минь! Бурхан минь! Энэхүү шадар зарц нар чухамдаа Таны зүг хандаж, Таны энэрлийн хаант улсад залбирч байна. Үнэнхүү тэд Таны ариун гэгээн чанарт татагдан, Таны хайрын гал дөлөөр гийж, Таны гайхамшигт хаант улсын ивээл баталгааг хүсэмжлэн Таны хурмастын оронд хүрч очихыг эрэлхийлэн хүсч байна. Үнэнхүү тэд Таны буян хишгийг горьдон мөрөөдөж, Бодит үнэний Нарны туяанд гэрэлтэн гэгээрэхийг хүсэн тэмүүлж байна. Эзэн тэнгэр минь ээ! Тэднийг гэрэлт дэнлүү, энэрлийн бэлэг тэмдэг, үр жимстэй модод, гялалзан цацарсан од мичид болгож хайрлана уу. Тэд Таны замналд үйлчлэхээр зориг шулуудаж, Таны ивээл хайрын гэрэл гэгээг хүсэн мөрөөдөхдөө Таны хайрын уяа холбоосоор Тантай бат холбогдох болтугай. Эзэн тэнгэр минь! Тэднийг удирдамжийн шинж тэмдэг, Өөрийн үхэшгүй мөнх хаант улсын туг далбаа, Өөрийн энэрэл нигүүлслийн далайн давалгаа, Өөрийн сүр жавхлангийн гэрлийг тусгах толь болгож хайрлана уу.

Та бол чухамхүү Өгөөмөр хишигт билээ. Та бол чухамхүү Энэрэнгүй билээ. Та бол чухамхүү хамгаас Нандин, хамгаас Хайрт билээ.

#10683
- `Abdu'l-Bahá

 

Аяа, эелдэг уян Эзэн тэнгэр минь! Энэ бол Таны хаант улсын зүг хандан, Таны ивээл хишиг, адис буяныг хүсэмжлэн энэхүү цуглаанд хуран цугларсан Таны шадар зарц нар билээ. Аяа, Бурхан Та минь ээ! Бүхий л амьд бодгаль зүйлст шингээстэй Өөрийн нэг нэгдмэл чанарын шинж тэмдгээ илэрхий болгон тодруулж хайрлана уу. Эдгээр хүмүүсийн бодь чанарт нь далд нуугдаастай буянт чанаруудыг илрүүлэн нээж хайрлана уу.

Бурхан минь! Бид өвс ургамал мэт билээ. Харин Таны буян хишиг бол хур бороо мэт билээ. Өөрийн хишиг ивээлээр эдгээр ургамлыг сэргээн ундаалж, ургаж өсөхөд нь тусална уу. Би Таны шадар зарц нар билээ. Материаллаг оршихуйн хүлээснээс биднийг чөлөөлж хайрлана уу. Бид харанхуй мунхаг, бидний мэргэн цэцэн болгож хайрлана уу. Бид үхсэн мэт, биднийг амьдруулж хайрлана уу. Бид махан бодитой, биднийг оюун санаанлаг болгоно уу. Бид мөхөс хоосон, биднийг Таны нууц оньсогыг хадгалах дотнын итгэлтэй шавь нараа болгоно уу. Бид ядуу зүдүү, Өөрийн хэмжээлшгүй их эрдэнэсийн сангаасаа биднийг баяжуулан адислана уу. Бурхан минь! Биднийг сэргээн амьдруулж, бидэнд харах мэлмий, сонсох сонор хайрлаж, амьдралын нуугдмал оньсогыг бидэнд тайлж хайрлана уу. Чингэвээс оршихуйн энэ ертөнцөд Таны хаант улсын нууцас бидний өмнө нээгдэж, улмаар бид Таны нэг нэгдмэл чанарыг гэрчлэн өчиж чадах билээ. Ивээл буян бүхэн чухамхүү Танаас гаралтай, хайр хишиг бүхэн Таных билээ.

Та бол чадалтай, Та бол хүчирхэг. Та бол Хишигтэн, Та бол Хэзээд Буянтан.

#10684
- `Abdu'l-Bahá

 

Тэнгэрлэг Зөн билигтэн минь! Таны гоо үзэсгэлэнд татагдан, Таны хайрын гал дөлөөр гийсэн Таны анд нөхдөөс энэ цуглаан бүрджээ. Энэ хүмүүсийг хурмастын сахиулсан элч нар болгож, Өөрийн Ариун Сүнсний амьсгалаар тэднийг сэргээн амьдруулна уу. Хэл яриаг нь цэцэн цэлмэг, зүрх сэтгэлийг нь шийдэмгий зоримог болгож, тэдэнд тэнгэрийн хүч чадал, энэрэн нигүүлсэх мэдрэмж хайрлаж, хүн төрөлхтний нэг нэгдмэлийг тунхаглагч, хүний энэ ертөнцөд хайр ивээл, эв эеийг дэлгэрүүлэгч болгож хайрлана уу. Тэгвэл мунхаг атгаг үзлийн харанхуй нь Үнэний Нарнаас цацрах туяагаар замхран гэгээрч, энэ гунигт ертөнц гийгэн гэрэлтэж, энэ биет орчлон сүнсний ертөнцийн цацрагийг шингээн авч, улмаар олон янзын өнгө нэг болж, дуу магтууны уянга Таны ариун гэгээн Хаант улс хүртэл цуурайтах болно.

Үнэнхүү Та Бүхнээс хүчтэй, Хамгаас чадалтай билээ!

#10685
- `Abdu'l-Bahá

 

Нигүүлсэнгүй, хамгаас хүчит Бурхан минь! Энд хуран цугларагсад Таны зүг нүүр царайгаа хандуулж, залбиран гуйж байна. Тэд нар туйлын даруу хүлцэнгүй байдлаар Таны Хаант улсын зүг ширтэж, Таны өршөөн уучлах сэтгэлийг сөгдөн гуйж байна. Бурхан минь! Энэ хуран цугларагсдыг өрөвдөн хайрла. Тэдний сэтгэлийг ариутган, Өөрийн удирдамжийн гэрэл гэгээг тэдэнд хүртээ. Өөрийн баярт мэдээгээр тэдний зүрх сэтгэлийг гийгүүлэн, тэдний сүнс сүлдийг баясга. Тэд бүхнийг ариун гэгээн Хаант улсдаа хүлээн авч, тэдэнд шавхагдашгүй их буян хишгээсээ хайрлан, тэднийг энэ ба ирээдүйн ертөнцөд жаргалтай болгоно уу.

Бурхан минь! Бид дорой, бидэнд хүч тэнхээ хайрлана уу. Бид ядуу, бидэнд Өөрийн дундаршгүй эрдэнэсээс хишиг хайрлана уу. Бид өвчин эмгэгтэй, биднийг тэнгэрлэг эмээрээ анагаана уу. Бид арчаагүй, бидэнд хурмастын хүч чадлаасаа өгөөч. Эзэн тэнгэр минь! Биднийг энэ ертөнцөд хэрэгцээтэй болгож, хувиа хичээх, шунах хүслээс ангижруулаач. Эзэн тэнгэр минь! Биднийг Өөрийн хайрын замналд ахан дүүс болгож, Таны бүхий л үр садыг хайрладаг болгоно уу. Биднийг хүн төрөлхтний тусын төлөө үйлчлэхэд маань батжуул. Үүний ачаар бид Таны шадар зарц нарын шадар зарц болж, хамаг амьтныг хайрлаж, Таны бүх хүн ардад нигүүлсэнгүй ханддаг болно. Эзэн тэнгэр минь! Та болбоос Хамгаас хүчирхэг билээ! Та бол Энэрэнгүй билээ! Та бол Өршөөнгүй билээ! Та бол Хязгааргүй хүчит билээ.

#10686
- `Abdu'l-Bahá

 

ХАМГААЛАЛТ

Эзэн тэнгэр Бурхан минь, Таны алдар нэр бадартугай! Цаг хугацааг товлож, Сэхээрэлтийн үе мөчийг ирүүлж, газар дэлхий хийгээд тэнгэр диваажин дахь хамаг амьтныг айдас түгшүүрт автуулсан алдар нэрийг тань барин гуйх минь: Таны зүг хандаж, Таны Үйл хэрэгт тусалсан шадар зарц нарынхаа зүрх сэтгэлийг баясгах тэр зүйлийг өршөөлийнхөө тэнгэр, нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлийнхээ үүлэн дундаас хур бороо болгон илгээж хайрлана уу. Эзэн тэнгэр минь, шадар зарц, шадар шивэгчин нараа хоосон шохоорхол, дэмий төсөөллийн дайралтаас хамгаалж, ивээл хайрын мутраараа Өөрийн мэдлэг оюуны дөлгөөн ундаргын хувь хэмжээг тэдэнд хүртээж хайрла.

Та үнэнхүү Хамгаас хүчтэн, Хамгийн Өргөмжит, Хэзээд Өршөөнгүй, Хамгийн Өгөөмөр билээ.

#10691
- Bahá'u'lláh

 

Эзэн тэнгэр минь, мэргэн оюундаа тунгааж, Эх судартаа айлдсан хамгийн сайн сайхан буянаа надад болон Таныг бишрэн шүтэгч олонд айлтгаж хайрлана уу. Учир нь, бүхий л зүйлсийн заяагдмал хэм хэмжээг Та алгандаа атгасан байдаг билээ.

Таны хайрыг дээдлэн нандигнасан тэдгээр хүмүүст Та буянт ивээл хишгээ тасралтгүй хайрладаг бөгөөд Таны тэнгэрлэг Эв нэгдлийг таньсан тэдэнд Та хурмастын хишиг ивээлийн гайхамшигт бэлэг тэмдгийнхээ хангалттай арвин хэмжээг хүртээсээр байдаг билээ. Танаас бидэнд заяасан бүхнийг бид Таныхаа хайр халамжинд даатгаж, Өөрийн мэргэн ухаандаа багтаасан сайн сайхан бүхнийг бидэнд хайрлахыг Танаас хичээнгүйлэн гуйя.

Эзэн тэнгэр минь, бүхнийг харагч Таны мэлмийд өртсөн бүхий л муу зүйлээс намайг авран хамгаална уу. Чухамхүү аливааг давах хүч тэнхээ Танд л орших, аливааг ялан дийлэх чадал Таны оршихуйгаас л ундрах бөгөөд Та л бүхнийг захирагч билээ. Бурханы таалалд оршсон бүхэн биелж, Түүний хүсэл зоригт багтаагүй бүхэн хэзээ ч үл биелнэ.

Хамгаас Өргөмжит, Бүхнээс Хүчирхэг Бурханд хорогдохоос өөр юунаас ч хүч чадал шавхах боломжгүй билээ.

#10690
- The Báb

 

Аяа, тэнгэрлэг Зөн билигтэн минь, бид өрөвдөлтэй, бидэнд Өөрийн тусламжийг хайрла. Орох оронгүй тэнүүлчин бидэнд орогнох байр олгож, тарж бутарсан биднийг нэгтгэж, төөрч будилсан биднийг Өөрийн сүрэгт багтааж хайрлана уу. Хохирч гачигдсан бидэнд хувь хишиг тасалж, цангасан биднийг Амьдралын булаг шанд руу хөтлөн аваачна уу. Бид сул дорой, Таны Үйл хэрэгт тусалж, удирдамжийн замналд өөрсдийгөө амьд золиос болгохын тулд биднийг бэхжүүлж хайрлана уу.

#10692
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан билээ! Бурхан тэнгэр минь! Та бол дорой хүмүүст Туслагч, ядуучуудыг Тэтгэгч, Танаас тусламж эрсэн арга тасарсан хүмүүсийн Аврал билээ.

Би нэн хүлцэнгүйгээр Таны үзэсгэлэнт хаант улсын зүг гараа сунган залбирч, дотоод сэтгэлийнхээ үгээр Таныг наминчлан ийнхүү хичээнгүйлэн гуйнам: Бурхан минь, Бурхан минь! Таныгаа хайрлан бишрэхэд минь тусалж, Танд үйлчлэх бодь биеийг минь батжуул. Тандаа ёсчлон зүтгэхэд минь ивээлээ хайрлаж тусал, Танд туйлбартай дуулгавартай байлгаж, хайр хишгийнхээ элбэг хурыг миний дээрээс буулгаж, элэгсэг хайрынхаа харцыг миний зүг тусгаж, намайг өршөөлийнхөө далайд умбуул.

Таны Шүтлэгт үнэнч байхад минь тусалж, үл эргэлзэх итгэлийн бүрэн дүүрэн хэмжээг надад хайрла. Чингэвээс би ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөж, туйлын бишрэлээр Таны дүр царайнд өөрийн нүүр царайг хандуулж, нотолгоо гэрчлэлийн хүч чадлаар батжиж, сүр жавхлан ба хүч чадлаар бялхан хурмаст тэнгэр хийгээд газар дэлхийн аль ч бүс нутгийн хажуугаар өнгөрөн одно. Та үнэнхүү Энэрэнгүй, Хамгаас Гоо жавхлант, Нигүүлсэнгүй, Өрөвдөн хайрлагч билээ.

Эзэн тэнгэр минь! Эд нар бол амь биеэ золиосолсон баатрууд болон тэрхүү буянт хүмүүсийн дундаас амь гаран үлдэгсэд билээ. Тэд бүхий л зовлонг гэтлэн давж, шударга бус явдалтай тулгарахдаа тэвчээр гаргаж чадсан хүмүүс билээ. Тэд бүхий л амар тайван, элбэг дэлбэг амьдралаасаа татгалзан, Таны хайрын замналд аймшигт зовлон гачигдлыг баяр баясгалантайгаар угтан авсан бөгөөд одоо ч гэсэн дайснуудынхаа гарт хоригдож, хатуу ширүүн тамлалд байнга тарчлан, Таны шулуун шударга замаар туйлбартай явсныхаа төлөө хавчигдсаар байна. Тэдэнд туслах хүн нэг ч үгүй, найзлан нөхөрлөх хүн нэг ч үгүй байна. Доорд, муу хүмүүсээс өөр хэн ч тэдэнтэй үл харьцаж байна.

Эзэн тэнгэр минь! Энэ хүмүүс энэ насныхаа амьдралд гашуун зовлонг амсаж, Таны үзэсгэлэнт гэрэл царайг хайрлахын бэлэгдэл болгож, дарангуйлагчдын тэдэнд учруулсан элдэв доромжлолыг Таны тэнгэрлэг хаант улсад хүрэх тэмүүлээрээ тэвчиж өнгөрөөсөн билээ.

Эзэн тэнгэр минь! Тэнгэрлэг дэмжлэг, түргэн ялалтын тухай шад мөрөөр тэдний сонорыг баясгаж, аймшигт хүчний хавчлагаас тэднийг аварч хайрла. Тэд Таны ариун гэгээн чанарын нууцсыг өвөртөө хадгалан Таныг хайрлах сэтгэлдээ бүрмөсөн автаж, Таны үүд хаалганы өмнө номхон даруу зогсож, Таны өргөмжит оронд хүрч чадсан тул Та муу санаатны гарыг саатуулан барьж, улайрсан араатнуудын шүд, саварт тэднийг бүү хэлмэгдүүлээч.

Эзэн тэнгэр минь! Шинэ сэтгэл итгэлээр тэдэнд хүч нэмж хайрла. Шөнийн харанхуйд Таны гайхамшигт нотолгоог олж хартал тэдний мэлмийг гийгүүл. Өөрийн мөнхийн нууцсын хаант улсын элбэг буян бүхнийг тэдэнд хайрла. Тэднийг дэлхийн бүх газар нутгийг гийгүүлэгч од мичид, үүрийн гэгээний сэвэлзэх салхиар найгагч, үр жимсээр дүүрэн Бурханы мод, мөчир мэт болго.

Та үнэнхүү Хайр хишигтэн, Хүчтэн, Хамгаас хүчирхэг, Хязгааргүй эрх мэдэлт билээ. Хамгаас Гоо жавхлант, Хэзээд өршөөнгүй, хайр ба элэгсэг халамжийн Бурхан Танаас өөр Бурхан үгүй.

#10693
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь! Бурхан минь! Өөрийн итгэлт шадар зарц нараа элдэв шунал, тачаалаас хамгаалан хайр халамжийнхаа гярхай мэлмийгээр тэднийг харж хандан, хорт санаа, үзэн ядах явдал, атаа жөтөөнөөс өмгөөлөөч. Өөрийн хайр ивээлийн халдашгүй бат цайзанд тэднийг орогнуулж, эргэлзээ тээнэгэлзлийн дайралтаас хамгаалан, Өөрийн гайхамшигт шинж тэмдгийн илэрхийлэл болгож, Таны тэнгэрлэг эв нэгдлийн Үүрийн Туяанаас цацран гэгээрч байгаа туяагаар тэдний нүүр царайг гэрэлтүүлж хайрлаач. Таны ариун орноос туурвин нээсэн шад мөрүүдээр зүрх сэтгэлийг нь баясгаж, алдрын диваажингаас гарч байгаа хамгийг чадагч хүч чадлаараа тэдний биеийг бэхжүүлж хайрлаач.

Та бол Хамгаас Буян хишигт, Хамгаалагч, Хамгийн Хүчит, Өршөөнгүй билээ.

#10694
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь! Хүмүүс өвчин зовлонд хүрээлэгдэж, гай бэрхшээлээр дүүрэн байдгийг Та мэдэх билээ. Сорилт шалгуур бүр хүнийг дайрч, аймшигт гай зовлон бүр хорт могойн адил хүнд халдан довтолдог билээ. Гагцхүү Таны халамж хамгаалалт, нөмөр нөөлгийн далавчин дор хорогдохоос өөр аврал, өөр арга хүнд үгүй.

Энэрэлт Бурхан минь! Эзэн тэнгэр минь! Өөрийн хамгааллыг миний хуяг, Өөрийн өмгөөллийг миний бамбай, Таны нэг нэгдмэл чанарын үүд хаалганы өмнө даруу хүлцэнгүй байх сэтгэлийг минь миний хамгаалагч, Таны асран хамгаалах хүчийг миний хорогдох цайз, миний орон гэр болгож хайрлана уу. “Би” гэсэн үзэл болон хүсэл шуналын өнгөлзлөгөөс намайг хамгаалж, өвчин зовлон, сорилт шалгуур, гай бэрхшээл бүхнээс намайг өмгөөлөн аварч хайрла.

Үнэнхүү Та бол Хамгаалагч, Асран тэтгэгч, Өмгөөлөгч, Хангагч бөгөөд үнэнхүү Та бол Хамгаас Нигүүлсэгчдийн дундаас Хамгийн Нигүүлсэнгүй нь билээ!

#10695
- `Abdu'l-Bahá

 

ХУКУКУЛЛА- БУРХАНЫ ЭРХ

Бүтээлт орчлонгийн Эзэн тэнгэр, бүхий л зүйлсийн хандах ёстой цорын ганц Бурхан Таны алдар бадартугай! Та Өөрийгөө тунхаглан нээж, Өөрийн шинж тэмдгийг илгээж, Өөрийн нотолгоог зарлан тунхагласан гэдгийг би дотоод болон гадаад хэлээрээ гэрчилнэм. Та чухамдаа Өөрөөсөө өөр бүхнээс тусгаар оршигч, газар дэлхийн бүх л зүйлсээс ариуссан гэдгийг би гэрчилье. Таны Үйл Хэргийн харьшгүй сүр жавхлан бөгөөд Таны Үг айлдварын эрхэм дээд хүч чадлыг барин Танаас гуйх минь: Таны Судар номонд өөрт нь захирамжилсан тэр зүйлийг өргөн барьж, Таны тааллын анхилуун үнэрийг ялгаруулах тэр зүйлийг даган мөрдөхийг хүссэн тэр хүмүүнд адис хишгээ хайрлана уу. Үнэнхүү Та бол Бүхнээс Хүчит, Бүхнээс Гоо жавхлант, Бүхнийг Өршөөгч, Хамгаас Өгөөмөр билээ.

#10696
- Bahá'u'lláh

 

ХҮН ТӨРӨЛХТӨН

Миний шүтэж, гайхан биширдэг Бурхан минь! Таны эв нэгдэл ба нэг нэгдмэл чанарыг би гэрчилж, Таны өнгөрсөн ба өнөө үед илэрхийлсэн буян хишгийг хүлээн зөвшөөрнөм. Та Хамгаас Гоо жавхлант билээ. Таны барагдашгүй хайр энэрлийн хур бороо дээд, доод гэж ялгалгүй хүн бүхнийг ундаалж, Таны гайхамшигт буян хишгийг, дуулгавартай, дуулгаваргүй гэж ялгалгүй хүн бүхэн адилхан хүртэж ирлээ.

Энэрэл өршөөлийн Бурхан Таны үүд хаалганы өмнө энэрэл өршөөлийн мөн чанар өөрөө сөгдөн мэхийсэн байна. Таны Үйл хэргийн ариун дагшин орд харшийг тойрон хайр халамжийн сүнс сүлд эргэлдэж байгаа билээ. Ахуйн ертөнцийн илэрхийлэл болсон бүхэнд энэрэл нигүүлслээ хайрлаж, тэдэнд Өөрийн энэ өдрүүдэд Өөрийн гоо жавхлангийн ундралаас бүү татгалзаач гэж Таны өнө эртний гоо жавхланд сөгдөн Таны ивээл хишгийг эрэлхийлэн бид хичээнгүйлэн гуйнам.

Хамаг амьтан ядуу дорой, чадалгүй билээ. Үнэнхүү Та бол Бүхнийг Эзэгнэгч, Хамгийг Номхотгогч, Хамгаас хүчтэй билээ.

#10697
- `Abdu'l-Bahá

 

Энэрэлт Бурхан минь! Та хүн төрөлхтнийг нэгэн ургаас бүтээсэн билээ. Хамаг амьтан нэгэн өрх гэрт багтах ёстой хэмээн Та айлдан соёрхсон билээ. Таны Ариун Биеийн өмнө тэд бүгд Таны зарц нар бөгөөд хүн төрөлхтөн Таны Асар дор хорогдож байгаа билээ. Таны Буян хишгийн тансаг ширээнд хамаг амьтан хуран цугларч, Таны Зөн билгийн гэрлээр хамаг амьтан гэрэлтэн гийж байна.

Бурхан минь! Та хамаг амьтанд эелдэг хайраар ханддаг билээ. Та хамаг амьтныг тэтгэдэг, тэдэнд орогнол олгож, тэдэнд амь амьдрал хайрладаг билээ. Бас хүн бүрт авъяас чадвар хайрласан. Хамаг амьтан Таны Нигүүлсэнгүй сэтгэлийн Далайд умбан байна.

Энэрэлт Эзэн минь! Хамаг амьтныг нэгтгэ! Бүх шашин өөр хоорондоо зөвлөлдөж нэгдтүгэй. Улс үндэстнийг нэг нэгдмэл болгож хайрлана уу. Үүний ачаар тэд өөрсдийгөө нэгэн гэр бүл, газар дэлхийг нэгэн гэр орон хэмээн ойлгох болно. Хамаг амьтан эгнэгт эв найртай хамтран аж төрөх болтугай.

Бурхан минь! Нэг нэгдмэл хүн төрөлхтний тугийг өндөрт өргөтүгэй.

Бурхан минь! Агуу их Амгаланг тогтоотугай.

Бурхан минь! Хамаг амьтны зүрх сэтгэлийг нэгтгэн гагнатугай.

Энэрэлт Эцэг Бурхан минь! Өөрийн хайр ивээлээр бидний сэтгэл санааг баясгаж хайрлана уу. Өөрийн Удирдамжийн Гэрлээр бидний мэлмийг гийгүүлж хайрлана уу. Өөрийн тансаг Үгийн аялгуугаар бидний сонорыг баясгаж хайрлана уу. Өөрийн Зөн билгийн бат Цайзанд хорогдуул.

Та бол Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй билээ. Та Хамгийг Өршөөгч билээ. Та хүн төрөлхтний алдаа дутагдлыг өршөөгч билээ.

#10698
- `Abdu'l-Bahá

 

Энэрэлт Бурхан минь, хамгаас өгөөмөр, чадварлаг Та минь! Бид Таны зөн билгийн сүүдэр дор орогнож буй Таны шадар зарц нар билээ. Өөрийн энэрэлт мэлмийн харцыг бидэн дээр тусгаж хайрлана уу. Бидний мэлмийд гэрэл тусгаж, бидэнд сонсох чих, ухааран тунгаах, хайрлан энэрэх зүрх сэтгэл хайрлаач. Өөрийн баярт мэдээгээр бидний сэтгэл санааг баясгаж хайрлаач. Эзэн тэнгэр минь! Биднийг Өөрийн хаант улсын замналд чиглүүлж, Ариун Сүнсний амьсгалаар биднийг сэхээн амьдруулж соёрхоно уу. Бидэнд мөнхийн амьдрал, хэзээ ч дуусашгүй алдар гавъяаг хүртээнэ үү. Хүн төрөлхтөнийг нэгтгэж, орчлон ертөнцийг гийгүүлнэ үү. Бид Таны замналаар замнаж, Таны хүсэл тааллыг хүсэмжилж, Таны хаант улсын нууцсыг нээхийг эрэлхийлэн хүсэх болтугай. Бурхан минь! Биднийг нэгтгэж, бидний зүрх сэтгэлийг Өөрийн уусашгүй холбоогоор холбож өгнө үү. Үнэнхүү Та бол Өгөөмөр өглөгч, Нинжин сэтгэлтэн бөгөөд Та Бүхнээс хүчит билээ.

#10699
- `Abdu'l-Bahá

 

ХҮҮХЭД БАГАЧУУД

Эзэн тэнгэр минь, Таныгаа магтъя! Энэ нярай хүүхдийг Өөрийн элэгсэг ивээл, хайрлан халамжлагч хувь тохиолын сүүгээр хөхүүлж, Өөрийнхөө хурмастын модны үр жимсээр тэжээж хайрлана уу. Та түүнийг Өөрийнхөө эрхэм дээд хүсэл зориг, хүч чадлаараа бүтээж хүн болгосон болохоор Танаас өөр хэний ч халамжид оруулахгүй байлгаач. Танаас өөр Бурхан үгүй, Та Хамгийн хүчтэн, Бүхнийг мэдэгч билээ.

Хамгаас хайрт Таныгаа магтан өргөмжилье. Та ер бусын гайхамшигт буян хишгийнхээ тансаг амт шимтийг түүнд амсуулж, ариун хишиг ивээлийнхээ анхилуун үнэрийг түүнд хүртээгээч. Алдар нэрс ба шинж чанарын орчлонг бүхэлд нь гартаа эзэмдэж буй Та Өөрийн хамгаас өргөмжит алдар нэрийн сүүдэр дор хоргодох боломжийг түүнд минь олгож хайрлана уу. Та үнэнхүү хүссэнээ хийх чадалтай, үнэхээрийн Хүчтэн, Хамгаас өргөмжит, Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Гоо жавхлант, Өгөөмөр, Нигүүлсэнгүй нь билээ.

#10700
- Bahá'u'lláh

 

Зүйрлэшгүй Эзэн тэнгэр минь! Энэ хөхүүл хүүхдийг Өөрийн хайр халамжийн сүүгээр тэтгэж, Өөрийн аюулгүй байдал, асрамжийн өлгий дотор харж хамгаалан элэгсэг хайрынхаа өвөрт өсгөж бойжуулаач.

#10701
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь ээ! Энэ бяцхан нярай үрийг Өөрийн хайрын энгэрт бойжуулж, Өөрийн Зөн билгийн ариун сүүгээр хөхүүлж хайрлана уу. Энэ шинэхэн ургамлыг хайрынхаа сарнайн цэцэрлэгт тордон, Өөрийн уужим сэтгэлийн хур бороогоор ундаалж өсөн торниход нь тусалж хайрлана уу. Энэ хүүхдийг Өөрийн хаант улсын иргэн болгож, диваажингийн оронд хөтлөн дагуулаач. Та бол хүчирхэг, бас нинжин сэтгэлтэй билээ. Та бол Хишиг Хайрлагч, Өгөөмөр, хязгааргүй хайр буянаар дүүрэн Эзэн тэнгэр билээ.

#10702
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь ээ! Та намайг удирдан чиглүүлж, хамгаалан хайрлаач. Та намайг гэрэл туяат дэнлүү, гялалзан цацарсан од болгож хайрлана уу. Та бол Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй нь билээ.

#10703
- `Abdu'l-Bahá

 

Бурхан минь ээ! Энэ хүүхдүүдийг эрдэм номтой болгож хайрлана уу. Энэ хүүхдүүд бол Таны хүрээлэнгийн ургамал, Таны бэлчээрийн цэцэг, Таны цэцэрлэгийн сарнай билээ. Таны хур бороо энэ хүүхдүүд дээр тусах болтугай. Бодит үнэний Нар энэ хүүхдүүдийг Таны хайр ивээлээр ээх болтугай. Таны зөөлөн салхи энэ хүүхдүүдийг үлээх болтугай. Ингэснээр тэд боловсрон хүмүүжиж, өсөн хөгжиж, хамгийн гоо үзэсгэлэнг тольдох болтугай. Та бол Хишиг Хайрлагч. Та бол Энэрэнгүй билээ.

#10704
- `Abdu'l-Bahá

 

Элэгсэг Эзэн тэнгэр минь! Энэ хөөрхөн хүүхдүүд бол хүч чадлын мутраараа урласан Таны үр бүтээл, Таны агуу гайхамшгийн бэлэг тэмдэг билээ. Бурхан минь! Энэ хүүхдүүдийг хамгаалж, боловсрол олоход нь ивээн тусалж, ертөнцийн хүн төрөлхтний төлөө үйлчлэх боломжийг тэдэнд хайрлаач. Бурхан минь! Энэ хүүхдүүд бол сувд эрдэнэс. Тэднийг Өөрийн хайр халамжийн лавайнд бойжуулаач. Та болбоос Хамгийн Ивээлт, Бүхнийг Хайрлагч билээ.

#10705
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь! Эзэн тэнгэр минь! Би бага балчир хүүхэд билээ. Өөрийн нигүүлсэнгүй сэтгэлийн цагаан сүүгээр намайг тэжээж, Өөрийн хайрын өвөрт бойжуулж, Өөрийн удирдамжийн сургуулиар намайг эрдэм номтой болгож, Өөрийн хишиг ивээлийн сүүдэр дор намайг хөгжүүлж өгөхийг гуйнам, би. Харанхуй мунхаг байдлаас намайг аварч, туяарах гэрэл гэгээ болгож хайрлана уу. Гуниг зовлонгоос намайг ангижруулж, Өөрийн сарнайн цэцэрлэгт цэцэг болгож хайрлана уу. Намайг Өөрийн босгоны шадар зарц болгож, үнэнч шударга сэтгэлтний төрх байдлыг надад хайрлаач. Намайг хүмүүнлэг ертөнцөд хишиг буяны эх үүсвэр болгож, мөнх насны титмээ надад зүүж өгнө үү.

Чухам Та бол Хамгаас хүчтэй, Хамгийг чадагч, Бүхнийг харагч, Бүгдийг сонсогч билээ.

#10706
- `Abdu'l-Bahá

 

Эзэн тэнгэр минь ээ! Энэ хүүхдүүдийг гайхалтай ургамал болгож хайрлана уу. Өөрийн Гэрээсийн Цэцэрлэгт өсөн торниход нь тэдэнд тусалж, Абха-н Хаант улсын үүлнээс буух хур бороогоор ундаалан тэдэнд цэвэр ариун гоо үзэсгэлэнг хайрлана уу.

Аяаг, элэгсэг Эзэн минь! Би бага балчир хүүхэд, намайг хаант улсдаа хүлээн авна уу. Би газар дэлхийнх, намайг хурмаст тэнгэрийнх болгож хайрлана уу. Би доод ертөнцийнх, намайг дээд тэнгэрийн иргэн болгоно уу. Уйтгар гунигтай намайг гал цогтой нэгэн болгооч. Материаллаг намайг оюун санаанлаг болгооч. Таны хязгааргүй их буян хишгийг илэрхийлэгч нэгэн болгож хайрлана уу.

Та бол Хүчирхэг, Бүхнийг Хайрлагч билээ.

#10708
- `Abdu'l-Bahá

 

Зүйрлэшгүй Эзэн тэнгэр минь! Өрөвдмөөр хөөрхий энэ хүүхдэд орогнох газар нь болж, алдаж төөрөгдсөн, аз жаргалгүй энэ хүнд өршөөнгүй Эзэн нь болж хайрлана уу. Эзэн тэнгэр минь! Бид ашиг тусгүй ургамлууд хэдий ч Таны сарнайн цэцэрлэгт багтдаг бөлгөө. Бид навч, цэцгээ өгөөгүй зулзаган модод хэдий ч Таны жимсний цэцэрлэгийн нэгээхэн хэсэг билээ. Тиймээс Өөрийн элэгсэг уужим сэтгэлийн үүлнээс буух хур бороогоор энэхүү ургамлыг бойжуулж, Өөрийн оюун санааны хаврын цэнгэг уриар энэхүү зулзаган модыг сэргээн амьдруулна уу. Түүнийг анхаарал хайхрамжтай, ухаалаг гярхай, эрхэм сэтгэлтэй нэгэн болгож, улмаар мөнхийн амьдралд хүрч Таны Хаант улсад үүрд аж төрөхөд нь тусалж хайрлана уу.

#10709
- `Abdu'l-Bahá

 

Тэрээр Бурхан билээ! Миний Бурхан Та минь ээ! Надад сувдан сондор мэт цэвэр ариун зүрх сэтгэлийг хайрлана уу.

#10710
- `Abdu'l-Bahá

 

Хамгаас гайхамшигт Эзэн тэнгэр Та минь! Энэ бяцхан шадар зарц охиныг Өөрийн Хаант улсад гэрэл туяа цацарсан од мэт болгож хайрлана уу. Түүнийг Өөрийн нэг нэгдмэл чанарын Босгонд ивээж, улмаар баяр цэнгэл дүүрэн дуугаа өргөж, анхилуун тансаг үнэрийг бялхуулж яваг хэмээн түүнд Өөрийн дундаршгүй хайрынхаа аяганаас ханатлаа амсуулаач. Та бол Хамгаас хүчтэй, Хамгаас чадалтай. Та бол Мэргэн ухаантан, Бүхнийг харагч билээ.

#10707
- `Abdu'l-Bahá

 

ШӨНӨ ҮДЭШ

Бурхан минь ээ! Миний Эзэн, хүсэл мөрөөдлийн Зорилго минь ээ! Таны энэрэл өршөөлийн нөмөр дор нойрсож, Таны нигүүлсэнгүй сэтгэлийн тэнгэр дор амарч, Таны хайр халамж, хамгаалалтыг хүсэн хүлээж байнам, өчүүхэн зарц би.

Эзэн тэнгэр минь ээ! Та Өөрийн хэзээ ч аньдаггүй сэрүүн тунгалаг мэлмийгээр Танаас өөр бусдыг ширтэхээс миний мэлмийг хамгаалахыг Танаас гуйя. Таны бэлэг тэмдэг, Таны Үүдэл нээлтийн Тэнгэрийн хаяаг олж харах чадвартай болгож миний харааг хурцатгана уу. Бүхнээс даван дийлэх хүчний тань өмнө аливаа хүчний мөн чанар ч айн чичрэх тийм чадалтай билээ, Та.

Танаас өөр Бурхан байхгүй, Та бол Хамгийг чадагч, Хамгийг Номхотгогч, Хамгаас хамааралгүй хүчирхэг билээ.

#10711
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, Бурхан тэнгэр минь, Таныг хүсэн мөрөөдсөн тэд танаас хагацсандаа унтаж чадахгүй сэрүүн байхад би яахан унтаж чадах билээ? Таныг хайрлан бишрэгчдийн зүрх сэтгэл Танаас холдсондоо зовнин гутарч байхад би яахан амар тайван хэвтэж чадах билээ?

Эзэн тэнгэр минь, би Таны хүч чадал, Таны хамгаалалтын баруун гарт бүх бие, сэтгэлээ даатган, Таны хүч чадлаар л дэрэн дээрээ толгойгоо тавин хэвтэж, Таны хүсэл зориг, хүсэл тааллаар л өндийн босно. Та үнэнхүү Асрагч, Хамгаалагч, Бүхнээс хүчтэн, Хамгаас чадалтай.

Таны хүч чадлыг биширнэм! Би нойрондоо ч, сэрүүндээ ч, гагцхүү Таны хүссэнийг л хүснэ. Би бол Таны шадар зарц тул Таны мэдэлд байна. Таны хүсэл тааллын анхилуун үнэрийг цацах тэр л зүйлийг хийхэд минь ивээл хишгээрээ тусалж хайрла. Энэ бол үнэхээр миний итгэл найдвар ба Танд ойртсон хүмүүсийн итгэл найдвар. Хорвоо ертөнцийн эзэн Таныгаа магтан алдаршуулъя!

#10712
- Bahá'u'lláh

 

Аяа, Үнэнийг эрэлхийлэгч минь! Бурхан мэлмийг чинь нээгээсэй гэж хүсэж байгаа бол шөнө дунд Бурханд сөгдөн залбирч, Түүнтэй харилцан ийнхүү гуйн мөргө:

Эзэн тэнгэр минь, би Таны нэг нэгдмэл чанарын Хаант улсын зүг нүүр царайгаа хандуулж, Таны энэрэл нигүүлслийн тэнгист умбасан байна. Эзэн тэнгэр минь, энэ шөнийн харанхуйд Таны гэрэл гэгээг хардаг болгож миний мэлмийг гэрэлтүүлж, энэ гайхамшигт эрин үед хайр халамжийнхаа дарсаар намайг жаргалтай болго. Эзэн тэнгэр минь, Таны дуудлагыг сонсоход минь тусалж, миний өмнө диваажингийнхаа үүдийг нээгээч, чингэвээс би Таны цог жавхлангийн гэрлийг үзэж, Таны төгс үзэсгэлэнд татагдах болно.

Та үнэнхүү Өглөгч, Өгөөмөр, Энэрэнгүй, Өршөөнгүй билээ.

#10713
- `Abdu'l-Bahá

 

ЭВ НЭГДЭЛ

Бурханы ивээлээр эв нэгдлийн гэрэл гэгээ бүхий л газар дэлхийг бүрхэж, “Хаант улс бол Бурханых” гэсэн тамга хүн бүрийн магнайд тодрох болтугай.

#10714
- Bahá'u'lláh

 

Бурхан минь! Бурхан минь! Өөрийн шадар зарц нарын санааг нэгтгэж, Өөрийн агуу зорилгын утга учрыг тэдэнд тайлж хайрлаач. Шадар зарц нар тань Таны зарлигийг дагаж, Таны сургаал хуулийг чанд сахиж мөрдөх болтугай. Бурхан минь ээ! Тэдний хүчин чармайлтанд тусалж, Танд үйлчлэн зүтгэхэд нь тэдэнд хүч тэнхээ хайрлаач. Бурхан минь! Шадар зарц нараа бүү орхиоч. Харин тэдний алхаа гишгээг Өөрийн эрдэм мэдлэгийн гэрлээр удирдан чиглүүлж, хайр энэрлээр тэдний сэтгэл зүрхийг баясгаж хайрлана уу. Чухам та бол тэдний Өмөг түшиг, Эзэн хаан мөн билээ.

#10715
- Bahá'u'lláh

 

Бурхан минь! Бурхан минь! Таны хамаг энэрэл өршөөл эдгээр хүмүүсийг ивээх болтугай хэмээн Таныг царайчлан Таны босгоны өмнө сөгдөн би Танаас хичээнгүйлэн гуйнам. Тэднийг Өөрийн буян ивээлд багтаан Өөрийн үнэнд зориулан онцгойлон халамжилна уу.

Эзэн тэнгэр минь! Бүхий л хүмүүсийн зүх сэтгэлийг нэгтгэн гагнаж, эвсэг нэгдэлд тэднийг нийлүүлж, сэтгэл санааг нь Өөрийн ариун дагшин ба нэг нэгдмэл чанарын шинж тэмдгээр баясгана уу. Эзэн тэнгэр минь ээ! Энэ хүмүүсийн нүүр царайг Өөрийн нэг нэгдмэл чанарын гэрэл гэгээгээр гийгүүлэн туяаруулаач. Өөрийн хаант улсад үйлчлэн зүтгэхэд нь шадар зарц нараа бэхжүүлээч.

Хязгааргүй энэрэл нигүүлслийг үзүүлэгч Эзэн тэнгэр Та минь ээ! Өршөөн уучлах сэтгэлийн Эзэн тэнгэр минь ээ! Бидний нүглийг өршөөж, алдаа дутагдлыг уучилж, Таны мэргэн ухааны хаант улсад хандахад маань тусалж, хүч чадлын хаант улсыг тань эрэлхийлэн Таны сүмийн өмнө даруу, Таны гэрчлэл нотолгооны цог жавхлангийн өмнө номхон хүлцэнгүй байхад маань тусалж хайрлана уу.

Бурхан Эзэн минь! Биднийг нэг тэнгисийн давалгаа, нэг цэцэрлэгийн цэцэгс мэт болгож Таны хайрын буян хишгээр эвсүүлэн нэгтгэж өгнө үү. Эзэн тэнгэр минь! Өөрийн нэг нэгдмэл чанарын бэлэг тэмдгээр бидний цээжийг баясгаж, бүхий л хүн төрөлхтнийг алдрын нэг л өндөрлөгөөөс гэрэлтэх од мичид мэт, Таны амьдралын модноос ургасан төгс жимс болгоно уу.

Үнэнхүү Та бол Хүчирхэг, Дангаар оршигч, Хишиг хайрлагч, Өршөөнгүй, Уучлагч, Хамгийг мэдэгч, Цорын ганц Бүтээгч билээ.

#10716
- `Abdu'l-Bahá

 

Эмэгтэй хүн

Бурхан Эзэн тэнгэр минь, Таны Алдар бадартугай! Таны Гоо үзэсгэлэнг төлөөлсөн Түүнийг Өөрийн Үйл хэргийн сэнтийдээ залруулсан Таны Алдар нэрийг барин, мөн бүхий л юмсыг өөрчлөгч, бүхий л юмсыг цуглуулагч, бүхий л зүйлсийг нягтлан шүүгч, бүхий л зүйлсийг шагнагч, бүхий л зүйлсийг хамгаалан хадгалагч, бүхий л юмсыг тэтгэгч Таны Алдар нэрийг барин, Танаас орогнол хүсэж, Таны Өөрийн тань дүр тодорсон Түүнд хорогдож, Танд бүхий л итгэл найдвараа даатгасан энэхүү шадар шивэгчнээ хамгаалахыг би хичээнгүйлэн гуйж байна.

Бурхан минь, тэрээр өвчин туссан тул Таны анагаах увдисын Модны сүүдэр дор хорогдож байна. Тэрээр өвдөн шаналсан учир Таны хамгаалалтын Хотоос орогнол хүсэж байна. Тэрээр эмгэг өвчинд автсан тул Таны ач тусын Оргил ундрагыг горилон хүсэж байна. Тэрээр зовж туйлдсан тул Таны амар амгалан байдлын Булаг шанднаас уухыг яаран хүсэж байна. Тэрээр нүгэл гэмэндээ бөгтийсөн тул Таны өршөөлийн орд руу нүүр царайгаа хандуулсан байна.

Өөрийн хэмжээлшгүй эрх мэдэл ба хайр халамжаараа Та түүнийг Өөрийн эдгээх хүч, анагаах увдисын өмсгөлөөр нөмөрч, Өөрийн энэрэл ба ивээл буяны бумбанаас түүнд балгуулж хайрлана уу. Түүнчлэн түүнийг бүхий л зовлон зүдгүүр, өвчин эмгэг, шаналал бэрхшээл ба Таны жигшсэн бүхнээс хамгаалахыг гуйж байна.

Та бол үнэндээ Өөрөөс өөр бүхнээс хэмжээлшгүй ихээр өргөмжлөгдсөн билээ. Та бол үнэнхүү Анагаагч, Бүхнийг Тэтгэгч, Хамгаалагч, Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Энэрэлт билээ.

#10652
- Bahá'u'lláh

 

ЭМЭГТЭЙЧҮҮД

Эзэн тэнгэр минь, миний Хайр бишрэл, миний Хүсэл мөрөөдөл минь! Ганцаардах үед анд нөхөр минь болж, цөлөгдөх үед дагалдах хань минь бологтун. Уй гашууныг минь зайлуулж хайрла. Таны гоо үзэсгэлэнг шүтэхэд минь тусалж хайрла. Танаас өөр бүхнээс чөлөөлөгдөхөд минь ивээлээ хайрла. Буяны ариун үнэрээр миний сэтгэлийг татагтун. Танаас бусад бүхний хүлээснээс тайлагдаж, Таны ариун босгонд үйлчлэхийг мөрөөдөж, Таны Үйл хэргийн төлөө хүчин зүтгэж буй тэдгээр хүмүүстэй Таны Хаант улсад ханьсан нөхөрлөхөд минь тусална уу. Намайг Таны хүсэл таалалд нийцсэн Таны шадар шивэгчин нарын нэг болгож хайрла. Та үнэнхүү Хайр ивээлт, Өгөөмөр сэтгэлтэн билээ.

#10717
- `Abdu'l-Bahá

 

Эр нөхөрт зориулсан мөргөл

Бурхан минь, Бурхан минь! Эрхэм Таны эмэгтэй зарц Таныг дуудаж, Танд нүүр царайгаа хандуулан итгэл найдвараа даатгаж, хурмастын хишиг ивээлээ түүнд хайрлахыг хүсэмжилж, оюун санааны нууцсаа түүнд нээж өгөхийг хүсэн Бурханлаг тэргүүнээс тань цацрах гэрэл туяагаа түүнд тусгахыг хичээнгүйлэн гуйж байна.

Эзэн тэнгэр минь ээ! Нөхрийн минь мэлмийг нээж өгнө үү. Өөрийн эрдэм мэдлэгийн гэрлээр түүний минь зүрх сэтгэлийг Та баясгаж хайрлана уу. Өөрийн гэрэлт гоо үзэсгэлэн рүү түүний бодол ухааныг татаж, Өөрийн илэрхий сүр жавхланг түүний өмнө нээн сүлд хийморийг нь сэргээж өгнө үү.

Эзэн тэнгэр минь ээ! Нөхрийн минь мэлмийг халхалсан тэр хаалтыг сөхөж хайрлана уу. Элбэг дэлбэгийн өгөөжийн хур бороогоо түүн дээр минь оруулж, Таныг хайрлах хайрын дарсаар түүнийг минь согтоож, хөлөөрөө энэ газар дэлхий дээгүүр алхавч хурмастын оронд сүнс нь дүүлж яваа тэдгээр сахиусан бурхдын нэг болгож өгөөч. Түүнийг Таны хүмүүсийн дунд Таны мэргэн ухааны гэрлээр гялалзан гэрэлтэгч эрдэнийн дэнлүү болгож хайрлаач.

Та бол Бүхнээс эрдэнэт, Хэзээд хишиг хайрлагч, Өгөөмөр мутартан билээ.

#10719
- `Abdu'l-Bahá

 

ЭЦЭГ ЭХ

Бид өөрийн гарыг таны хайр ивээл, буян хишгийн тэнгэр өөд хүлцэнгүйгээр сунгасан байхыг Та харж байгаа билээ. Алгыг маань Өөрийн буян ивээлийн эрдэнэсээр дүүргэж хайрлана уу. Биднийг болон бидний эцэг эхийг өршөөн хэлтрүүлж, Таны буян хишиг, Таны өгөөмөр ивээлийн далайгаас хүссэн бүхнийг минь гүйцэлдүүлж өгөхийг хичээнгүйлэн гуйя. Таны замналд зориулсан бидний ажил үйлс бүхнийг таашааж өгч соёрхоно уу. Зүрх сэтгэлийн маань мөрөөдөл болсон Та минь ээ. Та бол үнэнхүү Хамгийг чадагч, Хамгаас өргөмжит, Зүйрлэшгүй, Цорын ганц, Өршөөнгүй, Өгөөмөр билээ.

#12607
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, Өөрийн шадар зарц нарыг Өөрийн зүг хандуулахыг хүссэн Таны хүслийн дагуу Таны өршөөлийг эрж, уучлах сэтгэлийг тань гуйн залбирч байна. Эзэн тэнгэр Та Өөрийн тааллаар бидний нүгэл гэмийг цагаатгаж, намайг болон миний эцэг эхийг, мөн Таны хязгааргүй эрх хэмжээ ба Таны хурмастын хүч чадлын сүр жавхланд таашаагдах тийм байдлаар Таны хайрын орон гэрт алхан орсон хэмээн Таны мэлмийд үнэлэгдсэн тэдгээр хүмүүсийг өршөөн хэлтрүүлэхийг танаас хичээнгүйлэн гуйя.

Бурхан минь ээ! Танд залбиран мөргөх сэтгэлийг миний зүрхэнд Та бадраасан бөгөөд хэрэв Та байгаагүй бол Таныг дуудан дурсах хүсэл надад төрөхгүй байх байсан билээ. Таныгаа магтан алдаршуулъя. Өөрийн биеийг надад нээж өгсөнд Тандаа талархал өргөе. Мөн Таныг танин мэдэх үүргээ дутуу биелүүлж, Таны хайрын замаар алхахдаа алдаж эндсэн тул намайг өршөөн уучлахыг Танаас хичээнгүйлэн гуйя.

#10720
- The Báb

 

Бурханд хандаж залбирахдаа эцэг эхийгээ дурсдаг тийм хүн буянаар дэлгэр.

#12606
- The Báb

 

Эзэн тэнгэр минь! Хамгаас Агуу энэ Эрин үед эцэг, эхийнхээ төлөө өршөөл гуйсан үр хүүхдийнх нь залбирлыг Та хүлээн авдаг билээ. Энэ нь энэхүү Эрин үед тохиосон хэмжээлшгүй онцгой буян хишгийн нэг билээ. Иймээс элэгсэг Эзэн минь Та, хүү нь Танд үйлчлэхээр босч, Таны хайрын замналд үргэлжид хичээн чармайж байгаа тул хосгүй Таны босгоны өмнө сөгдөн залбирсан энэхүү шадар зарцынхаа хүсэлтийг болгоож, эцгийг нь ивээлийнхээ далайд умбуулж хайрлаач. Та үнэнхүү Өглөгч, Өршөөнгүй, Элэгсэг сэтгэлтэн билээ!

#10721
- `Abdu'l-Bahá

 

Occasional

ЗАВСРЫН ӨДРҮҮД

(2-р сарын 26-наас 3-р сарын 1-нийг дуустал үргэлжлэх “Аяам-и-ха” буюу Завсрын өдрүүд нь мацаг барилтанд бэлтгэх, зочин гийчин хүлээн авах, буян үйлдэх болон бэлэг сэлт өгөх өдрүүд байна.)

Бурхан минь, миний Гал, Гэрэл гэгээ минь! Судар номондоо “Аяам-и-ха” хэмээн Таны нэрлэсэн өдрүүд ирлээ, алдар нэрсийн Хаан минь. Өөрийн Хамгаас өргөмжит Бийрээр Таны бүтээлт хаант улсад орших хамаг амьтан сахин мөрдөгтүн гэж Таны зарлиг болгосон мацагийн өдрүүд бас ойртож байна. Эзэн тэнгэр минь, Өөрийн орд харшид хүн бүрт орон байр, Өөрийн гэрэлт дүр царайны сүр жавхлан нээгдсэн үүдэнд хүн бүрт суудал хайрлахыг энэ өдрүүдийг болон энэ хугацаанд Таны зарлигийн олсноос чанга атгаж, Таны сургаалтай шүтэн барилдагчдын нэрийг барин Танаас хичээнгүйлэн гуйнам.

Эзэн тэнгэр минь ээ, эд нар бол бузар булай дур сонирхолдоо автан Таны Судар номонд айлдсан зүйлээс ухраагүй шавь нар тань юм. Тэд нар Үйл хэргийн тань өмнө сөгдөж, Таны Номыг Танаас л төрөх шийдэмгий сэтгэлээр атган аваад Таны тэдэнд захисан бүхнийг дагаж биелүүлсэн, Таны нээсэн бодь мөрийг дагахаар шийдсэн хүмүүс билээ.

Эзэн минь, тэд Таны Сударт илэрхийлсэн бүхнийг зөвшөөрч хүлээн авсныг Та мэдэж байгаа билээ. Эзэн тэнгэр минь, адис хишигт мутраасаа Өөрийн мөнхийн уснаас тэдэнд уулгаач. Таны ахуйн далайд умбаж, Тантай уулзах аз буяны сонгомол дарснаас амссан хүнд заяадаг шан хишгээ тэдэнд бас хүртээгээч.

Хаадын Хаан, дарлагдсан олныг Өрөвдөгч Та тэдэнд энэ дэлхийн болон ирээдүйн ертөнцийн сайн сайхныг хайрлаач гэж гуйнам, би. Түүнчлэн таны шавь нарын дундаас хэн ч олж нээгээгүй тэр зүйлийг тэдэнд айлдаж, Таныг тойрон хүрээлэгчид, Таны бүхий л ертөнцөд Таны сэнтийн ойролцоо эргэлдэгчдийн тоонд тэднийг оруулж хайрла.

Та бол үнэнхүү Бүхнээс хүчтэн, Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн билээ.

#10722
- Bahá'u'lláh

 

МАЦАГ

(Мацаг барих хугацаа нь 3 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.)

“Китаб-и-Акдас” сударт айлдсан нь: “Бид та нарт нас бие гүйцсэн [15 нас] цагаасаа эхлэн мөргөл үйлдэн мацаг барихыг айлдан захирамжилж байна. Үүнийг та нарын Эзэн тэнгэр, өвөг дээдсийн тань Эзэн тэнгэр Бурхан захирамжилсан болой.... Аялж яваа, өвчтэй байгаа хүмүүс, хөл хүндтэй эсвэл хөхүүл хүүхэдтэй эхчүүд мацаг барих албагүй..... Нар мандахаас нар жаргахын оронд хоол унднаас татгалзагтун. Судар номонд айлдсан энэхүү буян хишгээс хүртэхэд тань дур хүсэл тань саад болохвий хэмээн болгоомжил.”

“Учир нь, энэхүү биет мацаг нь оюун санааны мацгийн бэлэг тэмдэг юм, өөрөөр хэлбэл бие махбодийн дур хүслээ тэвчин оюун санааны хүсэл тэмүүллийн шинж чанарыг олж, хурмастын анхилуун тансаг үнэрт татагдаж, Бурханы хайрын галд дүрэлзэн асах явдал юм.”

Абдул-Баха

#10723
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, энэ бол Таны хайрт шавь нартаа дагаж мөрдөхийг захисан Мацагийн анхны өдөр билээ. Өөрийн “би” үзэл болон хүсэл шуналын улмаас юмуу эсвэл Таны хилэгнэлээс эмээсэндээ биш, харин гагцхүү Таны бишрэлт Бие болон Таныг хайрласандаа мөн Таны хүсэл таашаалд нийцэхийг хүссэндээ л мацаг барьсан түүний нэрийг барин, Таны нэн гайхалтай алдар нэрс ба эрхэмсэг шинж чанаруудад сөгдөн би хүсэх минь: шадар зарц нараа Танаас өөр бусдыг хайрлах хайраас ариусгаж, тэднийгээ Таны гэрэлт дүр царай цацарсан Үүрийн Туяа руу хийгээд Таны нэг нэгдмэл чанарын сэнтийн Суудал руу ойртуулж хайрлана уу. Бурхан минь, Өөрийн эрдэм мэдлэгийн гэрлээр тэдний зүрх сэтгэлийг гийгүүлж, нүүр царайг нь Өөрийн Хүсэл зоригийн тэнгэрийн хаяанаас цацрах Үүрийн Цолмонгийн цацрагаар гялбуулан гэрэлтүүлнэ үү. Та таалсан бүхнээ хийх чадалтай билээ. Хамгаас Алдар жавхлант Танаас өөр Бурхан үгүй, бүх хүмүүс гагцхүү Таны л тусламжийг гуйн залбирдаг билээ.

Бурхан минь, Таны ялалтыг байгуулж, Таны Үгийг өргөмжлөхөд тэдэнд тусалж хайрлана уу. Тэднийг Таны шадар зарц нарын дунд Таны Үйл хэргийн мутарууд болгож, хүн төрөлхтний дотор Таны шашин ба Таны шинж тэмдгүүдийг нээн илрүүлэгч нар болгож, улмаар бүхий л дэлхий ертөнцийг Таны дурсамж ба магтаал, Таны нотолгоо гэрчлэлэлээр дүүргэхэд нь тэдэнд тусалж хайрла. Та бол үнэнхүү Хамгаас Буянтан, Хамгийн Өргөмжит, Хүчирхэг, Чадалтай, Энэрэнгүй билээ.

#10724
- Bahá'u'lláh

 

Бурхан минь, Бурхан минь, Таныгаа алдаршуулан магтъя! Энэ бол Өөрийн сонгомол шавь нар, хайрт хүмүүс болон шадар зарц нартаа дагаж мөрдөгтүн хэмээн Таны айлдсан Мацагийн өдрүүд билээ. Таны эв нэгдлийг хүлээн зөвшөөрсөн тэдгээр хүмүүст заавал үйлдэх мөргөлийг дэвжин дээшлэхийн шат болгосны адилаар Та Мацагийг Өөрийн хаант улсын хүмүүст гэрэл гэгээ нь болгосон билээ. Бурхан минь, бурангуй үзэлтний ов заль, хорон санаатны хорт явуулгаас хамгаалан Өөрийн шашныг аюулгүй байлгахыг бүхий л хүн төрөлхтний алдар гавъяа, нэр төр болгон захирамжилсан энэхүү хүчирхэг хоёр баганыг тань барин би гуйж байна. Эзэн тэнгэр минь, Өөрийн хүч чадал ба Өөрийн үлэмжийн сүр хүчээр нээн тодруулсан гэрэл гэгээгээ бүү халхлаач. Тэгээд Танд жинхэнэ ёсоор итгэсэн тэдгээр хүмүүст Өөрийн зарлиг ба эрх хэмжээгээр нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх сүнснүүдийн хүчээр тусалж хайрлана уу. Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч Танаас өөр Бурхан үгүй.

#10725
- Bahá'u'lláh

 

Бурхан тэнгэр минь, Таныгаа магтан алдаршуулъя! Бид Таны зарлигийн дагуу Мацаг барьж, одоо Таны хайр ба сайн сайхан хүсэл санаагаар түүнээ тайлж байна. Бурхан минь, Танаас өөр бусад бүхнээс чөлөөтэйгээр Таны Үйл хэрэгт нүүр царайгаа хандуулан гагцхүү Таны гоо үзэсгэлэнгийн төлөө Таны замналд бидний хийж гүйцэлдүүлсэн ажил үйлсийг хүлээн авч соёрхоно уу. Тэгээд бидэнд болон бидний өвөг дээдэст, мөн Танд болон энэхүү нэн агуу, нэн цог жавхлант Үүдэл нээлтэнд агуулаастай Таны хүчирхэг шинж тэмдэгт итгэсэн тэдгээр хүмүүст өршөөлөө хайрлана уу. Та сонгосон бүхнээ хийх чадалтай билээ. Та бол үнэнхүү Хамгийн Өргөмжит, Хүчирхэг, Хязгааргүй эрх чөлөөт билээ.

#10726
- Bahá'u'lláh

 

НАВРУЗ

(Навруз буюу 3 дугаар сарын 21-ний өдөр бол Бахайн жилийн эхний өдөр бөгөөд баяр цэнгэл, найр наадмын өдөр юм.)

Бурхан минь, Танд зориулсан хайраа илэрхийлэн мацаг барьж, Таны жигшсэн бүхнээс татгалзсан тэдгээр хүмүүстээ Наврузын баярыг хайрласанд тань талархал өргөн, Таныгаа магтъя. Эзэн тэнгэр минь, Таны хайрын гал дөл болон Таны зарлигийг даган мацаг барьсны ачаар бий болсон илч дулаан тэднийг Таны Үйл хэрэгт үнэнч болгон гал мэт бадрааж, Таны магтууг дуулж, Таныг дурсан санадаг болгож хайрлана уу.

Өөрийн зарлигийн дагуу мацаг барих буяны хээ угалзаар Та тэднийг чимэглэсэн юм чинь Өөрийн гоо жавхлан, өгөөмөр хайр ивээлээрээ тэднийг таашаал соёрхлынхоо хээ угалзаар бас чимэглэнэ үү. Учир нь хүмүүсийн бүтээх ажил үйлс бүхэн чухамхүү Таны хүсэл тааллаас хамаардаг бөгөөд Таны зарлиг сургаалаас шалтгаалдаг бөлгөө. Хэрэв та мацаг бариагүй хүнийг мацаг барьсан хэмээн үзэх аваас тэр хүн мөнхийн мөнхөд мацаг барьж ирсэн хүмүүсийн тоонд ормой. Мөн хэрэв Та мацаг барьсан хүнийг мацаг зөрчсөн гэж тооцох аваас тэр хүн Таны Үүдэл нээлтийн Хормойг хир тоосоор бузартуулж, энэхүү амьд Ундаргын тунгалаг рашаан уснаас холдсон хүмүүсийн тоонд ормой.

Та болбоос “Та үр бүтээлээрээ магтуулах гавъяатай билээ” гэсэн далбааг өргөж, “Таны зарлигийг бүгд дагадаг билээ” гэсэн тугийг намируулсан Тэрээр мөн билээ. Энэхүү байр сууриа Өөрийн шадар зарц нарт мэдүүлж хайрлана уу, Бурхан минь. Чингэвээс тэд хамаг бүхний төгс гойд чанар болбоос Таны зарлиг, Таны айлдвараас хамаардаг бөгөөд үйл бүхний буян болбоос чухамхүү Таны зөвшөөрөл, Таны хүсэл зоригоос шалтгаалдаг гэдгийг ойлгож, хүмүүсийн үйлс гавъяа чухамхүү Таны таашаал ба Таны зарлиг лүндэнгийн гарт оршдог гэдгийг ухаарах болмой. “Бүхий л эрхшээл ноёрхол болбоос Таных билээ, Сүнсийг Төрүүлэгч Та минь ээ” гэж Христ дуу алдаж, “Танаас өөр бусад бүхнийг огоорон Таныг Нээгч, Таны шинж чанарыг Тодруулагч Түүн рүү хандсан тэдгээр хүмүүсээс бусдад нь шаналал зовлон амсуулсан Таны Хамгаас агуу алдар нэрийн үүдэл нээлтийн суудалд хүрэхэд нь тус болох сургаалыг сонгомол шавь нартаа айлдаж, Өөрийн Гоо үзэсгэлэнг тэдэнд нээж соёрхсон Таныгаа алдаршуулан магтъя” гэж Таны Анд (Мухаммад) айлдсан энэ өдрүүдэд чухам юу ч тэднийг Таны Гоо үзэсгэлэнгээс үл халхлахын тулд энэ үнэнийг тэдэнд ойлгуулж хайрлана уу.

Таны Мөчир Тэрбээр, мөн Таны бүхий л дагалдагсад Таны таалалд нийцэхийн тулд Таны орд өргөөний орчин тойронд мацаг барьсныхаа эцэст энэ өдөр мацгаа тайлж байна, Эзэн тэнгэр минь. Энэ өдрүүдэд Танд ойр байх орчинд нэвтэрсэн Түүнд болон тэдэнд, мөн бусад бүх хүмүүст Өөрийн Судар номонд заяасан бүхий л сайн сайхан буянаа хүртээж хайрлаач. Энэ болон дараачийн амьдралд тэдэнд ашиг тус болох тэр зүйлийг тэдэнд хүртээж соёрхоно уу.

Та бол үнэнхүү Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн билээ.

#10727
- Bahá'u'lláh

 

НАС НӨГЧИГСДИЙН МӨРГӨЛ

Энэ мөргөлийг нас нөгчсөн арван таваас дээш насны Бахайчуудад зориулан үйлдэнэ. “Энэ бол Бахайчууд олноороо заавал үйлдэх ганц мөргөл юм. Энэ мөргөлийг бусад нь зогсож байхад нэг сүсэгтэн уншина. Энэ мөргөлийг унших үедээ Киблих рүү нүүрээ харуулах шаардлагагүй.”

““Китаб-и-Акдас”-ын Хууль Зарлигийн Хураангуй”

Эзэн тэнгэр минь! Энэ бол Танд болон Таны бэлэг тэмдэгт итгэсэн, Таны зүг нүүр царайгаа хандуулсан, Танаас өөр бүхнийг бүрэн умартсан Таны шадар зарц, Таны шадар зарцын хүү байна. Та үнэнхүү хайр ивээл үзүүлэгчдээс хамгийн ивээлтэй нь билээ.

Хүмүүсийн нүглийг өршөөж, алдаа дутагдлыг нь дарагдуулдаг Та Өөрийн буян хишгийн диваажин, хайр ивээлийн далайд нийцүүлэн түүнийг анхаарч хайрла. Газар дэлхий, диваажин үүсэхээс ч өмнө байсан далдын хайр ивээлийнхээ хүрээнд түүнийг хүлээн авч соёрх. Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Өгөөмөр Танаас өөр Бурхан үгүй.

Тэрээр тэгээд “Алла-у-абха” хэмээх мэндчилгээний үгийг зургаан удаа давтан хэлээд, дараа нь дараах зургаан шадыг тус бүр арван есөн удаа уншиг:

Бид бүгдээр үнэнхүү Бурханыг шүтэн биширнэ.

Бид бүгдээр үнэнхүү Бурханы өмнө сөгдөнө.

Бид бүгдээр үнэнхүү Бурханд үнэнчээр сүсэглэнэ.

Бид бүгдээр үнэнхүү Бурханыг магтан биширнэ.

Бид бүгдээр үнэнхүү Бурханд талархал өргөнө.

Бид бүгдээр үнэнхүү Бурханд тэвчээртэй сүсэглэнэ.

(Хэрэв талийгаач эмэгтэй хүн бол, “Энэ бол... Таны шадар шивэгчин, Таны шадар шивэгчний охин байна” гэж хэлнэ.)

#10728
- Bahá'u'lláh

 

Tablets

BAHAULLAHГИЙН ЭРГЭЛТИЙН ИЛГЭЭЛТ

Энэхүү Илгээлт бичгийг Bahaullah, Баб нарын Бунханд унших бөгөөд Тэдний ойг тэмдэглэхэд бас уншина.

Таны хамгаас сүр жавхаат Биеэс ундран гарсан магтаал, Таны хамгаас гялбам Гоо үзэсгэлэнгээс үүсэн бий болсон алдар гавъяа нь Танаа орших болтугай, Сүр жавхлангийн Тодруулал, Өнө мөнхийн Хаан, тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших бүхний Эзэн тэнгэр Та минь ээ! Таны ач буянаар Бурханы сүр хүч ба ноёрхол, Бурханы ид шид ба сүр жавхлан нээн тодорч, өнө эртний цог жавхлангийн Үүрийн Туяа Таны няцаашгүй зарлигийн тэнгэрт гэрэл гэгээгээ цацруулж, Үл үзэгдэх орны Гоо үзэсгэлэн орчлон хорвоогийн тэнгэрийн хаяагаар цухуйн гарсан гэдгийг би гэрчилнэм. Түүнчлэн Таны Бийрийн ганцхан хөдөлгөөнөөр “Бий бологтун” хэмээсэн Таны зарлиг сийлэгдэж, Бурханы нуугдмал Нууц нээгдэж, хамаг амьтан амилан төрж, бүхий л Үүдэл нээлт тэнгэрээс илгээгдсэн болой гэдгийг би гэрчилнэм.

Үүнээс гадна Таны гоо үзэсгэлэнгийн ачаар Хайр бишрэл болсон Нэгэний гоо үзэсгэлэн нээгдэж, Таны дүр царайны ачаар Хүсэл мөрөөдөл болсон Нэгэний дүр царай тодорч, Таны нэгхэн үгийн ачаар Та хамаг амьтдыг ялган салгаж, Танд үнэнч заримыг нь алдрын оргилд аваачиж, харин мунхаг заримыг нь хамгийн доод ёроолд живүүлсэн билээ гэдгийг би бас гэрчилнэм.

Таныг таньж мэдсэн хэн боловч Бурханыг таньж мэдсэн, Таны ахуйд ойртсон хэн боловч Бурханы ахуйд ойртсон гэдгийг би гэрчилнэм. Тиймээс Танд болон Таны бэлэг тэмдэгт итгэж, Таны сүр хүчний өмнө хүлцэн сөгдөж, Тантай учрах аз гавъяаг хүртэж, Таны хүсэл таашаалыг хүлээж, Таныг тойрон хүрээлж, Таны сэнтийн өмнө зогссон тэр хүмүүн агуу их адистат билээ. Харин Таны эсрэг нүгэл үйлдэж, Таныг үгүйсгэж, Таны шинж тэмдэг болон Таны сүр хүчийг няцааж, Таны эсрэг босож, Таны дүр царайны өмнө бардам сэхлүүн зан гаргаж, Таны гэрчлэл нотолгоотой маргаж, Таны хууль болон Таны ноёрхлоос зугатаж, улмаар Таны зарлигийн мутраар Таны ариун Илгээлт бичгүүдэд нэр нь сийлэгдсэн буруу номтнуудын тоонд орсон тэр хүмүүн гай зовлонд нэрвэгдэнэ.

Бурхан минь, миний Хайр бишрэл болсон Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн баруун мутраараа Өөрийн хишиг ивээлийн ариун сэвшээг над руу чиглүүлж хайрлана уу. Чингэвээс тэр ариун сэвшээ намайг өөрөөс минь болоод дэлхий ертөнцөөс холдуулж, Таны ахуй хийгээд Танд ойр байх орд руу намайг хөтлөн аваачих болмой. Та хүссэнээ бүтээх чадалтай билээ. Та үнэнхүү хамаг бүхнээс агуу эрхэм нандин билээ.

Бурханыг дурсах дурсамж болон Түүнийг магтах магтуу, Бурханы Алдар болон Түүний Сүр жавхлан чухам Танаа орших болтугай, Түүний Гоо үзэсгэлэн болсон Та минь ээ! Орчлон хорвоогийн мэлмий Тань шиг ийм хэлмэгдсэн хүмүүнийг хэзээ ч үзэж байгаагүй гэдгийг би гэрчилье. Та амьдралынхаа бүхий л хугацаанд зовлон зүдгүүрийн далайд умбаж байсан билээ. Нэг үе Та гинж гаванд дөнгөлүүлж, бас нэг үе Та дайснуудынхаа илдэн дор аюулд учирч байсан билээ. Гэсэн ч энэ бүхнийг Та эс тоон Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн Түүний Танд зориулан зарлиг болгосон бүхнийг даган мөрдөхийг бүх хүмүүст үүрэг болгосон билээ.

Миний сүнс сүлд Таны амссан гай зовлонгийн төлөө золиос болж, миний сэтгэл Таны тэвчин өнгөрүүлсэн зовлон шаналал бүхний төлөө өргөл болтугай. Таны гэрэлт дүр царайны гоо жавхланд гялбан нүүр царай нь гийн Танд зориулсан хайрынхаа бэлэг тэмдэг болгож Таны зарлиг болгосон бүхнийг даган мөрдсөн тэд болон Таны нэрийг барин Таны шадар зарц нарыг Танаас тусгаарласан тэр гивлүүрийг хуулан хаяж, надад энэ болоод ирэх ертөнцийн сайн сайхан буяныг хайрлахыг Бурханаас гуйнам, би. Та бол үнэнхүү Хүчирхэг, Хамгаас Өргөмжит, Хамгаас Гоо жавхлант, Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Нигүүлсэнгүй нь билээ.

Бурхан минь, Эзэн тэнгэр минь, Таны нэн гайхамшигт алдар нэр болон Таны нэн ариун шинж чанар энэ орчлонд оршсоор байсан цагт Тэнгэрлэг Мод болон түүний навч, мөчир, салаа, иш, нахиаг адислаж хайрлана уу. Түүнийг харгислагч, дарангуйлагчдын хорт үйлдлээс хамгаална уу. Та бол үнэнхүү Хүчирхэг, Хамгаас Чадалтай билээ. Эзэн тэнгэр Бурхан минь, Танд ойртсон Өөрийн шадар зарц нар болон шадар шивэгчин нараа мөн адислаж хайрлана уу. Та бол үнэнхүү Хамгаас Буян хишигт бөгөөд Таны ивээл хишиг хязгааргүй их билээ. Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Өгөөмөр Танаас өөр Бурхан үгүй.

#10729
- Bahá'u'lláh

 

АБДУЛ-БАХАГИЙН ЭРГЭЛТИЙН ИЛГЭЭЛТ

(Энэхүү мөргөлийг Абдул-Бахагийн Бунханд уншдаг бөгөөд мөн хүн ганцаар байх үедээ уншиж болдог.)

Энэхүү мөргөлийг туйлын хүлцэнгүй, чин шударга тэмүүлэлтэйгээр унших аваас энэхүү Шадар зарцын зүрх сэтгэлд баяр баясгалан авчрах ба энэ нь Түүнтэй нүүр учран уулзах лугаа адил болно.

Тэрээр Хамгаас Гоо жавхлант билээ!

Бурхан минь, Бурхан минь! Би хүлцэн залбирч, нулимсаа асгаруулан байж өөрийн гараа Таны зүг наминчлан сунгаж, эрдэм мэдлэгтний оюун билэг, Таныг магтан алдаршуулдаг бүхний магтуугаас ч агуу Таны Босгоны тоосонд нүүрээ булхуулж байна. Таны үүд хаалганы өмнө даруу хүлцэнгүй сөгдөж буй энэ шадар зарцаа хайр ивээлийнхээ харцаар харж, түүнийг Өөрийн мөнхийн ивээл хишгийнхээ Далайд умбуулж хайрлана уу.

Эзэн тэнгэр минь! Тэрээр Таны ядуу дорой нэгэн шадар зарц бөгөөд Таны сүр хүчинд татагдаж, Таныг хичээнгүйлэн царайчилж, Таны гарт олзлогдож, Танд наминчлан залбирч, Танд итгэж, Таны өмнө нулимсаа асгаруулан Таныг дуудан ийнхүү хэлэн гуйж байна:

Эзэн тэнгэр минь, Бурхан минь! Таны хайрт шавь нарт үйлчлэхэд минь адис хишгээ хайрлаж, Танд хүчин зүтгэх үйлсэд минь хүч тэнхээ оруулж, Таны ариун гэгээн ордыг бишрэн шүтэх, Таны сүр жавхлангийн оронд залбиран мөргөх гэрэл гэгээгээр миний мэлмийг гийгүүлж хайрлаач. Таны хурмастын үүд хаалганы өмнө биеэ огоороход минь тусалж, Таны ариун орчлон дахь бүхий л зүйлсээс ангижрахад минь надад ивээлээ хайрлаач. Эзэн тэнгэр минь! Биеэ огоорох буяны бумбанаас надад хишиг хайрлаж, эл буяны баринтгаар намайг баринтаглаж, эл буяны тэнгис далайд намайг умбуулж хайрлана уу. Намайг Өөрийн хайрт шавь нарын алхах замд тоос болгож, Хамгаас Алдарт Эзэн тэнгэр Таны замналд Таны сонгомол шавь нарын хөл гишгэсэн газар шороонд өөрийн сэтгэлийг өргөл болон зориулахад минь адис ивээлээ хайрла.

Таны шадар зарц ийнхүү мөргөн үүрийн гэгээнээр, мөн үдшийн бүрийгээр Танд хандан залбирнам. Түүний зүрх сэтгэлийн хүсэл мөрөөдлийг биелүүлж хайрла, Эзэн тэнгэр минь! Түүний зүрх сэтгэлийг гийгүүлж, цээжийг баясгаж, гэрэл гэгээг нь асааж, Таны Үйл хэрэг болоод Таны шадар зарц нарт үйлчлэхэд нь тусалж хайрла.

Та бол Хишиг хайрлагч, Өрөвдөгч, Хамгаас Буян хишигт, Гоо жавхлант, Энэрэнгүй, Нигүүлсэнгүй билээ!

#10730
- `Abdu'l-Bahá

 

АХМААДАД ИЛГЭЭСЭН ИЛГЭЭЛТ

Тэрээр бүхний Хаан эзэн, Бүхнийг мэдэгч, Мэргэн ухаантан билээ!

Зээ, Диваажингийн Гургалдай Мөнхийн Модны мөчир дээр суугаад ариун уянгалаг хоолойгоороо жиргэн, чин шударга сүсэгтнүүддээ Бурхан тэнгэрт ойртох баярт хаялагыг зөгнөн зарлаж, Тэнгэрлэг Эв нэгдэлд итгэгч сүсэгтнүүдийг өгөөмөр Бурханы заларсан орд руу дуудан, Бурхан, Хаан эзэн, Агуу гайхамшигт, Зүйрлэшгүй Түүний нээсэн сургаалыг орчлонгоос ангижирсан тэдэнд таниулан, хайрлан бишрэгчдийг ариун ордны суудал хийгээд энэхүү төгс Үзэсгэлэнгийн зүг хөтлөн дуудаж байна.

Энэ бол Элч нарын Сударуудад урдчилан хэлсэн тэрхүү Нэн Агуу төгс Үзэсгэлэн бөгөөд Түүгээр дамжин үнэн, андуурлаас ялгагдаж, зарлиг лүндэн бүрийн суу билиг шалган тогтоогдох болно. Чухамхүү Тэрээр Хамгаас өргөмжит, Хамгаас хүчтэй, Хамгаас агуу Бурханы үр жимсийг соёолуулагч үнэнхүү Амьдралын Мод мөн.

Аяа, Ахмаад аа! Тэрээр Хаан эзэн, Асран хамгаалагч, Зүйрлэшгүй, Бүхнээс хүчтэн Бурхан гэдгийн, Түүнээс өөр Бурхан үгүй гэдгийг гэрчлэгтүн. Али нэрээр Түүний илгээсэн Нэгэн бол Бурханаас ирсэн Элч бөгөөд Түүний зарлигийг бид бүгдээр дагана.

Хэлэгтүн: Аяа, Хүмүүс ээ, Агуу гайхамшигт, Ухаант мэргэн Түүний “Баяан”-д буулгасан Бурханы зарлигуудыг дагацгаа. Тэрээр, үнэнхүү, Элч нарын Хаан бөгөөд Түүний Судар бол Эх Судар болохыг та нар мэдэх билээ.

Гургалдай энэ шоронгоос та бүхэнд Түүний уриаг ийнхүү дамжуулж байна. Энэ тод тодорхой захиасыг Тэрээр авчрах ёстой юм. Хэн хүссэн нь энэ зөвлөгөөг ойшоохгүй байж болно, харин хэн хүссэн нь Эзэн тэнгэртээ хүрэх замыг сонгог.

Аяа, хүмүүс ээ, энэ мөрүүдийг үгүйсгэх юм бол ямар нотолгоотойгоор Бурханд итгэх болсон юм бэ? Түүнээ дэлгэн харуул, хуурамч сэтгэлтний цуглаан минь ээ.

Үгүй ээ, Миний сэтгэлийг гартаа эзэмдсэн Түүний өмнөөс хэлэхэд, тэд нар бие биенийгээ дэмжин нэгдлээ ч тэдэнд нотлох чадвар байхгүй, хэзээ ч чадахгүй.

Ахмаад аа! Миний ивээл хишгийг Миний эзгүйд бүү март. Миний өдрүүд, энэхүү алслагдсан гянданд амссан зовлон гуниг, ганцаардлыг өөрийнхөө өдрүүдэд ямагт санаж яв. Дайсны илд дээрээс чинь буусан, хурмаст дэлхий тэр аяараа чиний эсрэг боссон ч, Миний хайрд өчүүхэн ч гуйвахгүй хатуу зогс.

Миний дайснуудын хувьд галын дөл, Миний хайрт шавь нарын хувьд мөнх амьдралын ундарга болж яв, хэзээ ч бүү эргэлз.

Хэрэв чи Миний заасан замд зовж зүдрэх юм уу, Миний төлөө нэр хүндээ алдвал түүндээ бүү гутар.

Өөрийн ба өвөг дээдсийнхээ эзэн Бурхан тэнгэртээ найдан итгэ. Хүмүүс Бурханыг нүдээрээ үзэж харах гярхай увдис юмуу, дууг нь чихээрээ сонсох билиггүйдээ дэмийрэл төөрөгдлийн замаар орж хөлөө алддаг юм. Бид тэднийг ийм л байдалд байхыг олж харсан бөгөөд та ч мөн гэрчлэх буюу.

Ингэснээр тэдний мухар сүсэг нь тэд болон тэдний зүрх сэтгэлийн хооронд хаалт болж тэднийг Өргөмжит, Агуу Бурхан тэнгэрийн замаас хол байлгадаг юм. Энэ гоо үзэсгэлэнгээс нүүр буруулсан хэн боловч өнгөрсөн цагийн Элч нараас мөн нүүр буруулсан бөгөөд мөнхийн мөнхөд Бурханы өөдөөс бардамнасан нэгэн болно гэдэгт эргэлзээгүй итгэ.

Ахмаад аа! Энэ Илгээлтийг сайн сур. Өөрийн өдрүүдэд түүнийг уянгалуулан дуулж, түүнээс бүү сал. Учир нь уянгалуулан дуулсан хүнд зуун баатрын шагнал болон энэ ба хойд насны буяныг хүртээхийг Бурхан зарлиг болгосон юм. Энэ ивээлийг Бид чамд Бидний талаас буян хишиг ба Бидний зүгээс энэрэл хайр болгон хүртээж байгаа бөгөөд чи талархан хүлээн авагчдын нэг болох буй заа.

Бурханы нэрийг барин өчсү! Зовлон зүдгүүрт автсан хэн боловч энэхүү Илгээлтийг туйлын үнэн сэтгэлээс унших аваас Бурхан түүнийг гуниг гасланг нь тонилгож, саад бэрхшээлийг нь шийдвэрлэж, гутрал зовлонгоос нь ангижруулах болно.

Чухамхүү, Тэрээр Энэрэнгүй, Нигүүлсэнгүй билээ. Бүх хорвоо ертөнцийн Эзэн Бурхан тэнгэрээ магтан өргөмжилье.

#10731
- Bahá'u'lláh

 

ГАЛЫН ИЛГЭЭЛТ

Хамгаас эртний, Хамгаас агуу Бурханы нэрээр өчсү.

Чин шударга сэтгэлтний зүрх хагацлын галд шатаж байна. Хорвоо ертөнцийн Хайр бишрэл Таны Дүр царайны гэрлийн гялбаа хаа байна?

Танд ойр бараа бологсод ганцаардлын харанхуйд орхигдлоо. Хорвоо ертөнцийн Хүслэн Таны дахин нээгдэхийн өглөөний гэгээ хаа байна?

Таны сонгосон шавь нарын бие цогцос алс холын элсэн цөлд дагжин чичирч байна. Хорвоо ертөнцийн Хүслийг Булаагч Таны ахуйн далай хаа байна?

Таны өгөөмөр хишгийн тэнгэр өөд хүмүүс гараа тосон залбирч байна. Хорвоо ертөнцийн хүслийг Хариулагч Таны буян хишгийн хур бороо хаа байна?

Буруу номтны дарангуйлал газар бүхэнд даварч байна. Хорвоо ертөнцийг Байлдан Дагуулагч Таны зарлиг лүндэн буулгах бийрийн давагдашгүй хүч чадал хаа байна?

Нохойн хуцах дуу зүг бүрт чанга байна. Хорвоо ертөнцийг Зэмлэгч Таны хүч чадлын ой шугуйд орших арслан хаа байна?

Бүх хүн төрөлхтнийг хүйтэн цэвдэг нөмөрлөө. Хорвоо ертөнцийн Гал дөл Таны хайр ивээлийн илч дулаан хаа байна?

Гай гамшиг оргилдоо хүрлээ. Хорвоо ертөнцийн Аврал Таны тусламж тэтгэлгийн шинж тэмдэг хаа байна?

Ихэнх ард түмнүүдийг харанхуй бүрхэн авлаа. Хорвоо ертөнцийн Гэрэл гэгээ Таны сүр жавхлангийн цацраг хаа байна?

Хүмүүсийн хорон санааны хүзүү урт сунасан байна. Хорвоо ертөнцийг Устгагч Таны өшөө хорслын илд тань хаа байна?

Доромжлол гутамшиг ёроолдоо хүртэл дордлоо. Хорвоо ертөнцийн Алдар Таны алдрын бэлэгдэл тэмдэг хаа байна?

Хамгаас Энэрэлт Таны Алдар нэрийг Нээсэн Түүнд гай зовлон тохиолоо. Хорвоо ертөнцийн Баясал Таны Үүдэл нээлтийн Үүрийн туяаны баяр баясгалан хаа байна?

Газар дэлхийн бүх хүн ард гуниг гутралд автлаа. Хорвоо ертөнцийн Баяр баясгалан Таны баяр цэнгэлийн туг далбаа хаа байна?

Таны шинж тэмдгийн Үүрийн цолмон гэгээрэх газар муу санаатны шивнээнд автан далдлагдсан байхыг Та үзэж байгаа билээ. Хорвоо ертөнцийн Хүч чадал Таны хүчит мутар хаа байна?

Бүх хүмүүс туйлын их цангаж байна. Хорвоо ертөнцийн Энэрэл Таны буян хишгийн мөрөн гол хаа байна?

Бүх хүн төрөлхтөн шуналын боол боллоо. Хорвоо ертөнцийн Эзэн Таны огоорлын илэрхийлэл хаа байна?

Энэхүү Хэлмэгдсэн Хүмүүн цөллөгөндөө ганцаардсан буйг Та харж байна. Хорвоо ертөнцийг Эзэгнэгч Таны Зарлиг лүндэний тэнгэрийн элч нар хаа байна?

Би харийн нутагт цөлөгдлөө. Хорвоо ертөнцийн Итгэл Таны үнэнч итгэлийн бэлэг тэмдэг хаа байна?

Үхлийн зовлон бүх хүнийг эзэмдэн авлаа. Хорвоо ертөнцийн Амьдрал Таны мөнхийн амьдралын далайн давалгаа хаа байна?

Амьтан бүхэн ад шулмын шивнээг хүртчээ. Хорвоо ертөнцийн Гэрэл гэгээ Таны галт солир хаа байна?

Шунал тачаалын мансууралд ихэнх хүн төрөлхтөн бууж өгчээ. Хорвоо ертөнцийн Хүслэн Таны ариун нандин чанарын булаг шанд хаа байна?

Энэхүү Хэлмэгдсэн Хүмүүн сиричүүдийн дунд дарлал мөлжлөгт автан буйг Та харж байна. Хорвоо ертөнцийн Гэрэл гэгээ Таны үүрийн гэгээ хаа байна?

Надад үгээ хэлэхийг минь хориглосон байхыг Та харж байгаа билээ. Хорвоо ертөнцийн Гургалдай Таны уянгат аялгуу тэгвэл чухам хаанаас ундрах юм бэ?

Ихэнх хүмүүс дэмий хоосон төсөөлөлдөө умбасан байна. Хорвоо ертөнцийн Баталгаа Таны үл эргэлзэхүйн тайлбар хаа байна?

Зовлон зүдгүүрийн тэнгис далайд “Баха” живж байна. Хорвоо ертөнцийг Аврагч Таны авралын Хөлөг хаа байна?

Таны айлдварын Үүрийн цолмон орчлон хорвоогийн харанхуйд байгааг Та харж байна. Хорвоо ертөнцөд Гэрэл гэгээ хайрлагч Таны буян хишгийн тэнгэр дэх наран хаа байна?

Үнэн, ариун нандин чанар, үнэнч сэтгэл, нэр төрийн гэрэлт дэнлүү унтарчээ. Хорвоо ертөнцийг Хөдөлгөгч Таны хорсол гэсгээлтийн шинж тэмдэг хаа байна?

Таныг өмгөөлөн хамгаалсан юмуу эсвэл Таны хайрын замналд Түүнд тохиосон бүхнийг эргэцүүлэн бодож байгаа нэг ч хүнийг Та харахгүй байна гэж үү? Миний бийр одоо бичихээ болилоо, хорвоо ертөнцийн Бишрэл минь.

Тэнгэрлэг Модны мөчрүүд хувь заяаны шуурганд хугаран газар унасан харагдана. Хорвоо ертөнцийн Аварга Таны тусламж тэтгэлгийн далбаа хаа байна?

Энэхүү Нүүр царай гүжир гүтгэлгийн тоос шороонд далдлагдлаа. Хорвоо ертөнцийн Энэрэл Таны нигүүлслийн сэвшээ хаа байна?

Хууран мэхлэгч хүмүүс ариун гэгээн чанарын өмсгөлийг бузартууллаа. Хорвоо ертөнцийг Чимэглэгч Таны ариун гэгээн өмсгөл тань хаа байна?

Хүмүүсийн гараар үйлдсэн бүхний гайгаар ивээл хишгийн далай номхорлоо. Хорвоо ертөнцийн Хүслэн Таны буян хишгийн давалгаа хаа байна?

Тэнгэрлэг Ахуйн оронд хөтлөх үүд хаалга Таны дайснуудын дарангуйллын гайгаар хаагдлаа. Хорвоо ертөнцийн түгжээг Нээгч Таны хишиг буяны түлхүүр хаа байна?

Өдөөн хатгалгын хорт салхинд навчис шарлалаа. Хорвоо ертөнцөд Буян Хайрлагч Таны буян хишгийн үүлнээс буух хур бороо хаа байна?

Ертөнц даяараа нүглийн тоос тортогт дарагдан харанхуйлагдлаа. Хорвоо ертөнцийг Өршөөгч Таны өршөөлийн сэвшээ хаа байна?

Энэхүү Залуу алс холын газар ганцаардаж байна. Хорвоо ертөнцөд Хишиг Хайрлагч Таны хурмастын ивээл хишгийн хур бороо хаа байна?

Аяа, Эрхэм дээд Бийр минь, Бид Таны хамгаас уянгалаг дуудлагыг мөнхийн орондоо сонслоо. Хорвоо ертөнцөд Хэлмэгдсэн Та Сүр жавхлангийн Хэлээр айлдах Түүний айлдлыг чих тавин сонсогтун!

Хэрэв хүйтэн гэж байгаагүйсэн бол хорвоо ертөнцийн Айлдагч Таны үг айлдварын халуун элч хэрхэн давамгайлах байсан билээ?

Хэрэв гай гамшиг гэж байгаагүйсэн бол хорвоо ертөнцийн Гэрэл гэгээ Таны тэсвэр тэвчээрийн наран хэрхэн мандах байсан билээ?

Муу санаатны улмаас бүү гуниглан гутар. Та болбоос бүхнийг тэвчин өнгөрүүлэх увдистайгаар бүтээгдсэн билээ, хорвоо ертөнцийн Тэвчээр минь.

Өдөөн хатгагчдын харанхуйн дунд Гэрээсийн тэнгэрийн хаяагаар үүрийн цолмон болон гэгээрсэн Таны гэрэл болон Бурханыг мөрөөссөн Таны мөрөөдөл юутай гайхамшигтай байсан билээ, хорвоо ертөнцийн Хайр минь.

Таны ач буянаар тусгаар тогтнолын туг далбаа хамгийн өндөр оргил дээр зоогдож, буян хишгийн тэнгис далай давалгаалсан билээ, хорвоо ертөнцийн Сэтгэлийг Булаагч минь.

Таны ганцаардлын ачаар Нэг нэгдмэл чанарын Наран гийж, Таны цөлөгийн ачаар Эв нэгдлийн газар нутаг чимэглэгдсэн юм. Тиймээс тэвчээртэй байгтун, хорвоо ертөнцийн Цөлөгдөгч минь ээ.

Бид доромжлолыг алдрын өмсгөл болгож, зовлон зүдгүүрийг Таны магнай дээрх чимэг болгосон болой, хорвоо ертөнцийн Бахархал минь.

Хүмүүсийн зүрх сэтгэл үзэн ядалтаар дүүрсэн буйг Та харж байгаа билээ. Үүнийг өршөөн хэлтрүүлэх нь Таны тавилан бөлгөө, хорвоо ертөнцийн нүглийг Далдлагч Та минь ээ.

Илд гялалзах бүрийд урагш алх! Сум дайрах бүрийд урагш тэмүүл! Хорвоо ертөнцийн Золиослол минь ээ.

Та уйлах уу, эсвэл Би уйлах уу? Таныг хайрлан өмгөөлөгчдийн тоо цөөхөн буйг харан Би уйлсан нь дээр байх аа, хорвоо ертөнцийг уйлуулсан Та минь ээ.

Үнэнхүү Би Таны Дуудлагыг сонслоо, Хамгаас жавхлант Хайрт минь ээ. “Баха”-н нүүр царай өдгөө зовлон зүдгүүрийн илчинд шатаж, Таны гялалзах үг айлдварын галд дүрэлзэж байгаа агаад Тэрээр золиослолын газар нутагт үнэнч итгэлээр эгцлэн босож, Таны хүсэл тааллын өөд ширтэж байна, хорвоо ертөнцөд Лүндэн Буулгагч Та минь ээ.

Аяа, Али Акбар минь, энэхүү Илгээлт бичгийг хайрласанд Эзэн тэнгэртээ таларх. Учир нь, түүнээс чи Миний номхон зөөлөн чанарыг үнэрлэж, бүхий л хорвоо ертөнцийн Бишрэл болсон Бурханы замналд Бидэнд тохиосон бүхнийг олж мэдэх болмой.

Шадар зарц нар бүгдээр үүнийг уншин, эргэцүүлэн бодох аваас хорвоо ертөнцийг дүрэлзүүлэх гал тэдний судсаар бадамлан асах болмой.

#10732
- Bahá'u'lláh